JITCO-гийн ерөнхийлөгчийг хүлээж авч уулзлаа
Хөдөлмөрийн сайд эхний уулзалтаа Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага /JITCO/-ын ерөнхийлөгч Казухиро Сүзүкитэй хийсэн. Энэ байгууллага манай улсаас дадлагажигч хүлээж авах ажлыг хариуцдаг бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд JITCO-гийн гишүүн байгууллагуудад монгол залуусыг ур чадвар эзэмшүүлэхээр зуучилдаг юм.
Г.Баярсайхан сайд Казухиро Сүзүкитэй хийсэн уулзалтаар манай хоёр улсын хооронд дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжсэн 23 жилийн хугацаанд жил бүр илгээж буй дадлагажигчийн тоо төдийлөн нэмэгдээгүй байгааг дурдаад хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, жилд илгээх дадлагажигчийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Манай улсаас 1992-2015 онд 4252 иргэн тус улсад дадлажигчаар ажилласан бөгөөд өнгөрсөн 2015 онд 336 хүн уг хөтөлбөрт хамрагдсан. Яг өнөөдрийн байдлаар Японы үйлдвэрүүдэд манай 600 гаруй залуус ур чадварын дадлагажигчаар ажиллаж байгаа юм.
Г.Баярсайхан сайд "Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2015 оны гуравдугаар сард манай яаманд ирүүлсэн албан бичгээр 2020 онд Токио хотноо болох олимпийн наадмын барилга байгууламжийн ажилд ажиллах хүч авах тухай саналыг уламжилсан байсан. Уг бичигт Японы барилгын салбарт манай улсаас ажиллах хүч авах, ялангуяа өмнө нь JITCO байгууллагын "Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдсан иргэдийг дахин хүлээн авах, мөн шинээр ур чадварын дадлагажигчдийг түлхүү илгээх асуудалд хоёр тал хамтран ажиллах саналыг манай яам дэмжиж, хамтран ажиллах саналаа Монгол Улсын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. Мөн уг асуудал нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хөндөгдөж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан. Барилгын салбарт гадаадаас ажилтан авах хөтөлбөрийн хүрээнд Япон улсад 3 жилийн хугацаанд барилгын салбарт дадлагажигчаар ажилласан иргэдийг хамруулахаар заасан байна. Манай орны тухайд голчлон хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дадлагажигч илгээсэн. Дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд мэргэжлийн ур чадвар, ажлын арга барил, чанарын хяналт, ажилд хандах хандлага нэмэгдсэн бөгөөд япон хэл, ёс заншил, улс орны талаарх ойлголт мэдлэг нь дээшилсэн тул Токио-2020 барилгын бүтээн байгуулалтын ажил, хоёр орны хамтын ажиллагаа, харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулах болно гэж үзэж байна” хэмээгээд энэ чиглэлд илүү анхаарч хамтран ажиллахыг Казухиро Сүзүкигээс хүслээ.
Казухиро Сүзүки JITCO байгууллагын хувьд Монгол Улстай сүүлийн 23 жилийн турш амжилттай хамтран ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн сайдын саналыг бүрэн дэмжиж бүх талаар харилцааг өргөжүүлэх боломжтойг дуулгасан. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн яам Японы Олон улсын сургалтын хамтын ажиллагааны байгууллага хооронд хүчин төгөлдөр үйлчилж буй Хамтын ажиллагааны санамж бичигт нэмэлт протокол байгууллаа.
Монгол залуусаа эргэв
Г.Баярсайхан сайд айлчлалынхаа хүрээнд Японд дадлагажигчаар ажиллаж байгаа монгол залуустайгаа уулзахаар төлөвлөсөн байсан юм. Монголын 600 гаруй залуус Японы өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй бөгөөд тэднээс Токиод ойр гэдгээр нь сонгосон хоёр үйлдвэрт очсон. Токиогоос хоёр цаг хэртэй явж байж хүрдэг Сайтама мужид 1956 онд байгуулагдсан "Shibasaki” гэж автомашины тормоз болон бензин насосны металл эд ангийг хийдэг үйлдвэрт дөрвөн монгол бүсгүй ажиллаж байна. Дэлхийд нэртэй "Тоёота”, "Хонда” зэрэг автомашины томоохон үйлдвэрүүдийн захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Shibasaki” компани АНУ, Тайланд, Хонконг төдийгүй Монголд ч өөрийн гэсэн салбартай. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа бүсгүйчүүдийн хоёр нь дадлагажигчийн хугацаа дуусч байгаа тул ирэх намар эх орондоо ирэх аж. Тэдний оронд дахиад монгол хүн авна гэсэн бодолтой байгаагаа компанийн орлогч дарга танилцуулсан.
Дараагийн очсон "Nibоri” компанийн үйлдвэр мөн л дэлхийн автомашины
томоохон үйлдвэрлэгчдийн захиалгаар машины суудал хийдэг юм байна. Энд
арваад монгол залуу ажилладаг. Энэ үйлдвэрийн хувьд олон жилийн турш
Монголоос дадлагажигч авч байгаа гэнэ. Үйлдвэрийн нарийн дамжлагууд дээр
залуусыг сургаж хаа ч гологдохгүй мэргэжлийн ур чадвартай болгож буй
гэдгээрээ компанийн захирал бахархаж байсан. Тэнд дадлагажсан залуус
Монголд амжилттай ажиллаж байгаагаа эргээд дуулгадаг, холбоо харилцаатай
байдаг тухай ч ярьж байлаа.
Монгол-Японы Хөдөлмөрийн форумыг анх удаа зохион байгууллаа
Монгол Улсын Хөдөлмөрийн яам Япон улсад анх удаа "Хөдөлмөрийн форум” зохион байгууллаа. Форумд оролцох урилгыг урьдчилан тарааж, оролцох хүсэлтэй хүмүүсийг цахимаар бүртгэсэн. Гэтэл яг форумын өдөр "Шидакс” соёлын төвийн танхимд сул суудал олдохоо больж улмаар гаднаас нэмж сандал авчирч зочдоо багтаасан. Энэ нь Монголтой хөдөлмөрийн салбарт хамтарч ажиллах хүсэл сонирхол Японы аж ахуйн нэгжүүдэд нэлээд өндөр байгааг илтгэсэн үзүүлэлт хэмээн форумыг хамтран зохион байгуулсан Токио дахь Монголын Элчин сайдын яамныхан онцолж байна билээ.
Форумын үеэр "Монгол Улсын танилцуулга, эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжил", "Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, Монгол Улсын иргэдийг Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, Японы ур чадварын дадлагажигч хүлээн авагч байгууллагын төлөөллүүд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж цаашид анхаарах зүйлс тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн.
Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайдтай уулзлаа
Сайдын айлчлалын нэг том арга хэмжээ нь Япон улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн сайд Я.Шиозакитэй хийх уулзалт байсан юм. Уулзалтаар хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, "Ур чадварын дадлагажигч бэлтгэх” хөтөлбөрийн хүрээг өргөжүүлж, дадлагажигчийн тоог нэмэх асуудлаар тодорхой саналаа илэрхийлсэн.
Г.Баярсайхан сайд "Японд ажиллах хүч зуучлах үйл ажиллагааны явцад ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ янз бүрийн шалтгаантай зөрчил дутагдалтай бид тулгарч байна. Ялангуяа, манай холбогдох эрх зүйн орчин сул, гадаад хөдөлмөр эрхлэлтийн менежмент сул байгаатай холбогдсон саад бэрхшээл байна. Түүнчлэн, илгээгч ба хүлээн авагч байгууллагын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт удаашралтай байна. Гэтэл Японд ур чадварын дадлага эзэмших хүсэл эрмэлзэлтэй залуучууд их байдаг. Монгол Улсад 2015 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 82 орны 16727 гадаадын иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь уул уурхай, олборлох үйлдвэр, авто зам, барилгын салбарт ажилладаг. Энэ нь дотоодын ажиллах хүчний мэргэжлийн ур чадвар дутагдаж байгаатай холбоотой тул эдгээр салбарын боловсон хүчнийг Япон улсад үйлдвэрлэлийн дадлага эзэмшүүлж, ур чадварыг нь дээшлүүлэхэд Хөдөлмөрийн яам, зуучлагч байгууллагууд анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай яамнаас Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авсан 30 байгууллага бий. Эдгээр байгууллагын шугамаар 2014 онд 261, 2015 онд 336 иргэн ур чадварын дадлагажигчаар явсан. Манай улсад мэргэжилтэй, ур чадвартай ажиллах хүчин эрэлттэй байгаа салбаруудад ажиллах дотоодын ажиллах хүчнийг бэлтгэхэд Япон улс манай ойрын түншийн хувьд анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна” хэмээгээд тодорхой саналууд тавьсан. Тухайлбал, Монгол Улсаас ур чадварын дадлагажигчдын тоог ялангуяа, газар тариалан, мэдээлэл технологи, зам гүүр, барилгын салбарт нэмэгдүүлэх, Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж, амьдарч буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг нэмэгдүүлэх, гэр бүлээр нь явуулах тал дээр анхаарах, түүнчлэн ур чадварын дадлагажигчийн гэрээний хугацаанд ажлын байрандаа тогтвортой ажилласан иргэний ур чадварыг үнэлэн баталгаажуулж ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо хөдөлмөр эрхлэх, жижиг дунд үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлэхэд талууд ажиллах зэрэг санал тавьсныг Я.Шиозаки сайд хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийллээ. Хамгийн эхэнд хоёр улсын Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын хооронд ажиллах хүчний гэрээ хэлэлцээр хийх, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг тун ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор болсон юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих