Живж байгаа хүн, хөвж яваа өвснөөс ч зуурдаг гэх үг бий. Зүгээр ч нэг хэлээгүй энэ үг одоогийн АН-ын дарга З.Энхболдод хамгийн их тохирч байна. Ирэх сонгуульд олуулаа оролцож, олонх болох зорилгыг өвөртлөсөн түүнд ганцхан юм тээг болж, айдас төрүүлж эхэлсэн нь ард түмний дундах рейтинг.
Эрх барьж байгаа намын даргын рейтинг бусдаасаа торойгоод гараад ирэх байтал парламентад бүлэггүй жирийн нэгэн бие даагчийн тоосонд даруулж, сүүл мушгисаар сонгуультай золгох гэж буй нь үүний бэлээхэн жишээ. Гагцхүү навс унасан нэр хүндээ сонгуулийн өмнө өгсөх, сонгогчдоос оноо авах АН-ын, намын дарга З.Энхболдын сүүлчийн арга нь оффшор данс болж байх шиг.
Тэрбээр, "Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна. Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ илэрхийлэв. Үүнийг Дарханы иргэдтэй уулзалт хийх үеэр илэрхийлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурьтай адилтган харж болох ч АН-ын дарга З.Энхболд энэ удаагийн үйлдлээрээ живж байгаа намынхаа рейтингийг өсгөх гэж хөвж яваа өвснөөс ч зуурахаас наагуур байдалд буйгаа харуулж орхилоо.
Санаж байгаа бол 2013 оны хавар УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг гадаадад томилолттой явах үеэр Швейцарийн банкинд нэг сая ам.долларын нууц данс эзэмшиж байсныг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс илчилснээр тухайн үедээ шуугиан тарьж байв. Тэгэх нь ч аргагүй. Зөвхөн Барууны кинонд гардаг оффшор бүс, Швейцарийн банк дахь нууц данстай холбоотой ойлголт төрийн өндөр албан тушаал хашиж байсан С.Баярцогтоор дамжиж, Монголын хөрсөнд бодитоор буусан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлэх шалтгаан болсон. Оффшор бүстэй холбогдож, олон нийтийн шүүмжлэлийн бай болсон С.Баярцогт ч чухам яагаад нууц данс нээснээ нэгд, нэгэнгүй тайлбарлаж, "Ёс зүйн хариуцлага хүлээж байна” хэмээгээд УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа буусан билээ. С.Баярцогтын үйлдэл нь буруу ч тэр бусдынхаа адил мэлзэж, зугтахгүйгээр зохих хариуцлагаа хүлээсэн. Угаасаа хүн нэг үйлдлийнхээ төлөө давхар хариуцлага хүлээдэггүй болохоор одоо түүнд хариуцлага тооцох тухай ярих нь учир дутагдалтай.
Тухайн үед С.Баярцогтыг УИХ-ын гишүүнээс өөрийн сайн дураар огцрох ёстой гэсэн санал УИХ-ын танхимаас нэг бус удаа гарсан ч Ёс зүйн дэд хорооны гишүүд олонхоороо шаардлагагүй хэмээн үзсэнийг УИХ-ын гишүүн М.Батчимэг чуулганы индэр дээрээс танилцуулж байв. Тус дэд хороонд М.Батчимэг, Ж.Батзандан, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа, Б.Наранхүү, Ш.Түвдэндорж, С.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарын найман гишүүн багтдаг юм билээ. Гэтэл энэ үйл явдлаас хойш гурван жилийн турш ганц ч үг ганхийлгээгүй явсан АН-ынхан сонгууль болохоос нэг сарын өмнө оффшор хэмээх сэдвийг тугаа болгож, дуу дуугаа авалцах болсны цаад шалтгаан юу вэ.
Үнэндээ оффшор хэмээх ойлголт зарим нэг улстөрчийн тодрох шүүмжлэлийн бай, түүгээрээ дамжуулж, ард түмэнд өөрийгөө шударга хүн гэж харагдуулах баг болгож зүүснээс биш төр, засгийн хэмжээнд төдийлөн ач холбогдол өгөлгүй ирсэн нь нууц биш. Тэгэхээр АН УИХ-д олон товчлууртай байхдаа С.Баярцогтод хариуцлага тооцсон, түүнийг нь З.Энхболд дарга алх цохиж баталгаажуулсан нь үнэн л юм бол оффшорын тухай одоо ярьж байгаа нь олон нийтэд зүгээр шоу болж буух нь ойлгомжтой. Намын дарга З.Энхболдын "Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж мэдэгдсэн нь ч хөвж яваа өвснөөс зуурч буйгаас өөрцгүй юм. Гэхдээ С.Баярцогтыг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх асуудлыг намын дарга З.Энхболд ганцаараа шийдэхгүй. Сэлэнгэ аймгийн АН-ын хороо хуралдаж гаргасан шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороогоор эцэслэх учиртай.
Үнэндээ оффшор данс олон нийтийн шүдний өвчин, упстөрчдийн барьж авах ганц сэдэв болчихсон юм бол Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа С.Баярцогтыг Засгийн газрын "гал тогоо”-г бариулахаар ХЭГ-ын даргад яагаад нэр дэвшүүлэв, УИХ ялангуяа АН-ынхан түүнд ямар учраас дэмжлэг хүлээлгэв. Ч.Сайханбилэг танхимынхаа сайд нарт нэр дэвшүүлсэн эрхмүүдийг төрийн тэргүүнтэй зөвшилцөхөөр бүгдийг нь, бүр тодруулбал С.Баярцогтыг дагуулаад ороход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оффшор данстай холбоотой хариуцлагын асуудлыг хөндөж, Монгол төрийг муухай харагдуулах тухай яагаад хэлсэнгүй вэ.
Тийм атлаа сонгууль болохоос сар гаруйн өмнөх ийм эгзэгтэй цаг үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд нь өөрийгөө, намаа гоё харагдуулах гэж иргэдийн дунд эмзэг сэдэв болтлоо өргөжих болсон оффшор дансыг онцлох болов гэдэгт л учир байна. Үнэхээр оффшор данстай хүнийг Монголын төрд ажиллах эрхийг хязгаарлах нь зүйн хэрэг юм бол С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцоод өнгөрсөн УИХ, танхимынхаа сайдад нэрийг нь нэр дэвшүүлсэн Ерөнхий сайд, түүнийг нь хазаарлаж чадаагүй Ерөнхийлөгч гээд бүгдээрээ хариуцдага хүлээх ёстой юм биш үү. Эндээс харахад одоо үүсээд байгаа нөхцөл байдлын гол зангилаа нь дан ганц оффшортоо ч биш байна.Харин сонгуулийн өмнөх АН-ын даргын сүүлчийн нүүдэл нь оффшорын эсрэг хуулийг баталж, алдуурсан нэр хүндээ олж авахаар тодорч эхэллээ. Угтаа бол энэ хуулийн төслийг С.Баярцогттой холбоотой асуудал үүссэний дараа Ж.Батзандан гишүүн санаачилж байв. Гэвч Хууль зүйн байнгьш хороогоор хэлэлцэх явцад холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн албан хаагчид болон УИХ-ын гишүүдийг оффшор данс эзэмшихийг хориглосон нь дэмжлэг авч чадалгүй унаснаар гурван жил хууль санаачлагчийнхаа шүүгээнд мартагдсан билээ.
Гагцхүү хаврын чуулганы сүүлчийн долоо хоногт багтааж хэлэлцэх асуудлын дараалалд Ж.Батзандан гишүүний хуулийн төслийг зүгээр ч нэг оруулаагүй нь лав. Яг ийм жишгээр Ц.Оюунбаатар гишүүний санаачилсан Өршөөлийн хуулийг өнгөрсөн намар оруулж ирж байсан удаатай. Тэгэхэд МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас явуулах нь тодорхой болчихсон байсан ч Ч.Сайханбилэгийн танхимын хувь заяа ч давхар хөндөгдөх байв. Тиймээс АН-ын дарга З.Энхболд Өршөөлийн хуулийг зориуд хэлэлцэх асуудлын дараалалд оруулж ирэн МАХН-ын сайд нарын хүслийг хангаж байлаа шүү дээ. Ийнхүү АН зорилгоо гүйцэлдүүлсэн ч Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьснаар МАХН-ынхан гомдолтой хоцорсон нь ердөө хэдхэн сарын өмнөх үйл явдал. Харин энэ удаад живж байгаа рейтингийнх нь дээгүүр хөвж яваа өвс оффшор тойрсон асуудал гэдгийг З.Энхболд дарга анзаарчээ.
Ардчилсан нам УИХ-д олонхийг бүрдүүлж, Засгийн эрхэнд гарсан 1996-2000 оны парламент Казиногийн хуулийг баталж байлаа. Гэвч тус хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр Хууль зүйн сайд агсан С.Батчулуун, УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар нарыг хорьж байв. Үүнийг ардчилсан хувьсгал ялснаас хойшх Монголын парламентын түүхэнд төрийн өндөр албан тушаалтнуудыг цагдан хорьсон, шүүхээс ялласан хамгийн эхний тохиолдол гэж хэлж болох ч АН-ынхан асуудлаа үндсээр нь шийдэх бус шийдсэн болж харагдах пиар төдий болгож, гурван хүнээрээ туг тахиад өшөрөөсөн гэдгийг зарим нь одоо ч хэлдэг. Харин энэ удаад АН-д амь тариа мэт хэрэгтэй байгаа унасан нэр хүндээ өсгөх "Амтат бялуу” нь дээрхийн адил С.Баярцогтоороо туг тахих болж байх шиг. Хамгийн гол нь, багаараа ажиллах гэхээс бусдад гоё харагдаж байвал юу ч хийхээс буцахгүйд хүргэдэг гэм биш зан гэмээр хувийн тоглолт бүр нь АН-д гай болж, рейтингээ шороотой хутгах шалтгаан болж байна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих