Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн. Сүүлийн тав, зургаан жил хүүхдийн номын зураачаар ажиллаж байгаа ч өөрийгөө энэ чиглэлээр суралцаж яваа хэмээн даруухан тодорхойлсон даруухан нэгэн. Тэрбээр саяхан Монгол ардын болон дэлхийн олон үндэстний оюун санааны охь болсон үлгэр, домог, гайхамшигт түүхүүд зураг чимэглэлтэй багтсан "365 үдэш” номоо хэвлүүлээд байгаа юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцсан юм.
-"365 үлгэр” номыг хийх санаа сэдэл хэдийнээс бий болов? Номынхоо талаар яриагаа эхлэх үү.
-Бид нар 4,5 жилийн өмнөөс ярьж байгаад суулийн 3 жилийн хугацаанд хийж дуусгалаа. Бид дээр үеэсээ л хүүхдэдээ үлгэр уншиж өгдөг байсан уламжлалтай. Үлгэр бол ийм мундаг ач холбогдолтой гэж ярьдагаас биш яг өнөөдрийг хүртэл Монголын хүүхдүүддээ зориулж ийм доривтой ном хийсэнгүй. Тиймээс бид нар дан ганц Монгол Ардын үлгэр байх уу? эсвэл оюуны охь болсон гадаадын шилдэг үлдэр домгууд байх уу. Ингэж ярилцсаны үндсэн дээр Монгол ардын 120 үлгэрийг сонгон аваад үлдсэн хувийг нь гадны үндэстний шилдэг үлгэрүүд, бас шилдэг уран бүтээлчдийн үлгэрүүд багтаасан.
Ерөнхий агуулгын хувьд 700 гаруй зурагтай, 365 үлгэртэй, дуу шүлэг, оньсоготой. Өдөрт нэг үлгэр уншиж өгнө гэж тооцоолсон
-Номын агуулгад ямар ямар орны үлгэр дийлэнх хувийг эзлэж байгаа вэ?
-Ерөнхийдөө Ази, Дорно дахины үлгэрүүд байгаа. Бид нар хүүхдүүдээ бодолцсон, үлгэрээ уншиж өгсөн. Жишээлбэл: Ленингрлийн ч юм уу урт урт зохиолуудыг маш богиносгоод нэг нүүрэн дээр багтаасан. Гол зорилго маань орой ээж, аав хүүхдүүддээ 10-15 минутыг чин сэтгэлээсээ зарцуулаад хүүхэддээ үлгэр уншиж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхэд төсөөлдөг, мөрөөдөмтгий, баярладаг, гунидаг, гутардаг. Энэ бол хүүхдийн хувьд чин сэтгэлээсээ байдаг. Тиймээс ээж, аавууд чин сэтгэлээсээ хүүхэддээ үлгэр уншиж өгвөл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгож чадна.
Хүүхдүүд ааваа ээжээ үлгэр уншаад өгөөч гэдэг. Гэтэл бид нар бол "бандаалай минь, Цондоолой минь,...” гэж өдрийнхөө ажлын стрессийг хүүхдэдээ тайлчихдаг. Эрхлүүлж байна гээд байдаг. Гэтэл хүүхдээ бодож эрхлүүлдэггүй. Өөрийнхөө стрессийг тайлж эрхлүүлээд байдаг. Тэгээд хөгшчүүл болохоор "уйлсаар уйлсаар хүн, майлсаар майлсаар мал” гэдэг. Гэхдээ энийг бол буруутгахгүй. Яагаад гэвэл тухайн нийгэмдээ тийм байсан байх. Одоо бол бид нар өөрөөр хүүхдээ хараад байна. Нийгэм нь ч тийм.
-Энэ номыг бүтээхэд хэдэн хүний хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ?
-"Монсудар”-ын "Жангар” хүүхдийн редакцийн орчуулагчид болоод 10 гаран зураачдын хүч хөдөлммөрөөр бий болсон.
-Хүүхдийн зохиол, үлгэрийн чиглэлээр танайхан олон жилийн туршлагатай. Ер нь хүүхдийн зохиол болоод үлгэрийн хувьд ямар нэгэн стандарт байдаг уу?
-Үлгэрийг манайхан хүүхдийнх гэж хараад байдаг. Гэтэл яг энэ чигээрээ хадгалагдах ёстой юу. Ардын аман зохиол гэдэг утгаараа цаг хугацааны явцад өөрчлөгдөж байгаа юм. Гэтэл яг бичгийн хэлд шилжихээр нь одоо энэ хэвээр нь хадгална гээд байгаа. Жишээ нь: "Алтан мөнгөн аргай” үлгэрт хүүхэд нь аавыаа цохиод алчихдаг. Гэтэл үүнийг одоо үеийн хүүхдэд яаж ойлгуулах вэ? Тиймээс бид нар үлгэрийг өөрчилж байгаа. Тэгэхээр нь энэ бол хэрэглэгдэж байна гэсэн үг. Гэтэл ардын аман зохиолыг царцаагаад, хөлдөөгөөд авдран дотор хадгалаад тахиад шүтээд байж болохгүй. Манайхан тиймэрхүү бодлого барьж байгаа.
Манай номын гол зорилго нь оройдоо нэг ийм шинэ давалгаа бий болоосой гээд хүсээд байгаа юм. Хүүхэддээ цаг чин сэтгэлээсээ гаргадаг. Хүүхэдтэйгээ ярилцдаг. Урд урдаасаа харж суугаад тийм гоё дулаахан уур амьсгалыг бий болгоосой, хүүхдийнхээ асуултад хариулж, хүсэл мөрөөдлийг нь дэмжээд яваасай гэсэн үүднээс л хийсэн. Ер нь бол хүүхэд анхны гоозүйн суурь мэдлэг болох "сайн муу, сайхан муухай...” гэсэн ойлголтыг анх үлгэрээс л олж авч байгаа юм.
-Хүүхдийн насны онцлог гээд байгаа тэгэхээр танай энэ ном хэдэн насны хүүхдүүдэд зориулагдсан бэ?
Ерөнхийдөө 3-аас дээш насны хүүхэд гэж байгаа. Үүнээс хойш хүүхэд өөрөө уншина. Гадны тэр урт урт үлгэрүүдийг яагаад ийм жоохон болгочихов гэхээр хүүхэд цаашид уран зохиолыг сонирхох, унших, номонд дуртай болох гэх мэт анхдагч суурийг тавьж өгч байгаа юм. Гэхдээ багасгахдаа хаа хамаагүй хандаагүй, ерөнхий гол агуулагыг нь авч гаргасан. Зураг чимэглэлийн хувьд манайх хоёр жилийн хугацаанд маш их хөдөлмөр гаргаж 700 гаруй зурагтай, хүүхдийн сонирхол татахуйц болгосон.
-Зураг нь дээр та өөрөө ажилласан уу, хичнээн зураач ажилласан бэ?
-Тэгсэн. Ерөнхий зураачаар ажилласан. Манайх өмнө нь гарсан үлгэрүүдээсээ ганц хоёр зураг оруулсан байгаа. Яагаад гэвэл энэ бол манай өөрийн бүтээл болохоор. Гэхдээ ихэнх зураг маань сүүлийн хоёр жилийн хугацаанд 700 гаруй зургийг зурсан байгаа.
Дууны хувьд шинэ дуунуудыг оруулж өгсөн, Энэ бол гэр бүлийг хамтдаа байгаасай, дуугаа хамтдаа сурч дуулаасай мөн оньсого орсон байгаа. Тэгэхээр хүүхдээ бодуулж байгаа юм. Оньсогоо таагаад, үлгэрийнхээ үйл явдлыг ярилцах нь бүтээлч ажил. Гэхдээ мэдээж бага насны хүүхэд таахад тааруулж оньсогоо оруулж байгаа. Тэгэхээр амар хялбар оньсого оруулсан.
Манайх ардын аман зохиолоо хуваагаад үлгэрээ хүүхдийнх гээд ихэнхийг нь түлхчихсэн. Зарим нэгэн номон дээр анзаарагдаж байгаа юм. Үлгэр л бол хүүхдийнх гэдэг. Гэтэл энэ маань бидний өв соёл юм байгаа юм. Тэр хүүхдэд зохиулсан ном биш. Зөвхөн өв соёлоо хадгалсан ном. Харин энэ номны хувьд хүүхдэдээ уншиж өгөх ёстой ном.
-Номонд орсон үлгэрийн сэдвийн хувьд аж байдлын, ид шидийн гээд төрөл олон байдаг. Тэгэхээр түлхүү аль сэдвийн үлгэрийг оруулж өгсөн бэ?
-Үлгэр бол олон төрөл. Баатарлаг, аж байдал, ид шидийн гэх мэт олон л доо. Бид аль аль төрлөөс нь оруулж өгсөн. Орох ч ёстой. Жишээ нь: манайх "болдоггүй бор өвгөн” үлгэрийг зурагт ном болгож гаргасан. Яагаад энэ үлгэрийг сонгосон бэ гэхээр хүн өөрийн сүсэг бишрэлээ зөв байна уу, буруу байна уу? гэдгээ шүүж чаддаг байх ёстой. Дагаж дуурайх биш. Тийм сэдлээс л "Болдоггүй бор өвгөн”-ийг зурагт ном болгон гаргасан. Яагаад гэвэл хурмастыг дийлсэн. Өөрийнх нь бодол зөв юм байна, хэн нэгнийг даган дуурайхгүй юм байна гэдэгч юм уу
-Таний хувьд хүүхдийн ном хийхийн тулд цэцэрлэг сургуулиар явж судалгаа хийж байсан. Энэ талаараа яриач.
-Тийм. Олон цэцэрлэг байгаа. Энэ бол туршилт гэж хэлж болохгүй. Би хүүхдэд зориулсан ном хийх гэж байгаа болохоор хүүхдэд уншиж өгч, зургаа хүүхдүүдтэй хамтран зурж, хамтдаа төсөөлж байна. Ер нь бол хамтдаа төсөөлсний л үр дүн. Гэтэл одоо манайхан хүүхдийн уран бүтээл хийж байна гээд гэртээ суучихаад л бичээд байдаг. Хүүхдээ судлахгүйгээр хийж байгаа хэрэг.
Түүнээс би уран бүтээлч гээд хүүхдээс тэс өөр зүйл гаргаж тавьж болохгүй. Тэгэх юм бол хүүхдийн ном биш.
-Хэдэн жил хүүхдийн номон дээр ажиллаж байна. Номтой харьцсаж өссөн хүүхдийн давуу тал нь юу вэ?
-Би одоо 6 жил ажиллаж байна. Яахуу манай уран бүтээлчдийн жишгээр зураад, мөнгө олчихьё гэсэн хандлага байсан л даа. Гэхдээ яг хүүхдийн ном хийгээд эхлэхээр шал өөр болж байгаа юм. Сонирхолтой болоод, чин үнэнээсээ байдаг болоод байгаа.
Номтой харьцаж өссөн хүүхэд өөрийнхөөрөө бодож сэтгэж, бие даасан байдал нь илүү төлөвшдөг. Тиймээс хүүхдийн насны онцлогт зориулаад хүүхдийн буддаг ном хийлээ. Гэтэл манай зах зээлд байгаа номнууд Волтдеснейн үлгэрийн баатрууд байдаг. Энэ нь хүүхэд будахад хэцүү, хүнд байдаг. Тиймээс хүүхэд сонирхолгүй, дургүй болох шалтгаан болдог. Харин манай редакц хүүхдийн нас сэтгэхүйд тааруулж дугуй, гурвалжин, дөрвөлжин гээд насных нь онцлогт тааруулж, мөн гарынх нь булчингийн ажиллагаанд нь тохируулж бэлддэг. Энэ нь давуу чанар.
Ч.МӨНХБАТ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих