Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Үүнийг нарны хэт ягаан туяа буюу UVA, UVB гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс дэлхий нийтээрээ нарнаас хамгаалах тосыг өргөнөөр хэрэглэх болсон өнөө үед уг бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг уншигч олондоо хүргэе.
Нарнаас хамгаалах тос нь арьс түлэгдэх, арьсанд үрчлээ болон нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг.
Хариулт: Худал
Одоогоор хоёр төрлийн хэт ягаан туяанаас зэрэг хамгаалах тос хараахан бүтээгдээгүй байна. Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалтай байдаг. Энэ төрлийн тос ньSPF 15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Харин арьсыг цагаас нь өмнө хөгшрүүлэн, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хавдар үүсгэх гол шалтгаан болдог UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон нөсөө толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй юм.
2012 онд АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас нарнаас хамгаалах тосыг "Арьсны эрт хөгшрөлт болон арьсны хавдраас сэргийлэхгүй” гэсэн анхааруулах шошготойгоор үйлдвэрлэх шаардлага тавьсан.
Хариулт: Үнэн
Нарнаас хамгаалах SPF 15 буюу түүнээс дээш орцтой тосны шошгон дээр "Энэ бүтээгдэхүүн нь арьсны хавдар болон арьсны эрт хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээгүй. Зөвхөн нарны түлэгдэлтээс сэргийлнэ” гэсэн шошготойгоор үйлдвэрлэх болсон.
Арьсаа борлуулах нь нарны элдэв хорт үйлчлэлээс хамгаалж чадна.
Хариулт : Худал
Хүмүүс арьсаа борлуулах гэж лазер туяатай орыг өргөнөөр хэрэглэх болжээ. Европ болон АНУ-д энэ үйлчилгээ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, арьсны хавдар үүсгэх гол хүчин зүйл болж байгааг анхааруулсаар байхад үүний хэрэглээ төдийлөн буурахгүй л байна. Аюулгүй борлуулах гэсэн зүйл хаа ч байхгүй. Борлуулна гэдэг нь арьсыг ямар нэгэн байдлаар гэмтээж, өнгийг нь хувиргаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа үйл явц юм. Ингэж гэмтээснээр арьсны хавдар үүсгэх урьдач нөхцөл болж, арьс хөгшрөх үйл явцыг түргэсгэнэ.
Нүүрэндээ энгэсэг түрхсэнээр нарнаас хамгаалж чадна.
Хариулт: Үнэн
Шахмал, нунтаг энгэсэгийн алин ч бай арьсыг нарнаас хамгаалах бага зэргийн үйлчилгээтэй. МөнSPF 15 болон түүнээс дээш найрлага бүхий чийгшүүлэгч, зовхины тос, суурь крем, уруулын будаг зэрэг нь нарны хэт ягаан туяанаас хамгаалах үйлчилгээтэй байдаг. Харин хэт гялалздаг уруул өнгөлөгч, шингэцгүй тос, түрхлэгнүүд нь нарны хортой туяаг шингээдэг учраас халуун өдөр хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Гялалзсан, саатай уруул өнгөлөгч түрхэхийг үнэхээр хүсч байгаа бол эхлээд SPF 15-тай уруулын будаг түрхээд дараа нь өнгөлөгчөөр өнгөлөхийг зөвлөж байна.
Үүл нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.
Хариулт : Худал
Үүл нь нарны хортой туяанаас хамгаалж чаддаггүй. АНУ-ын арьс судлалын академаас явуулсан судалгааны дүнд нарны хэт ягаан туяа нь үүлний цаанаас арьс гэмтээх бүрэн чадвартай гэсэн дүгнэлт гарсан байна. Үүлэрхэг өдөр харин ч нарнаас хамгаалах тосыг сайн түрхэж, нарны шилээ зүүх хэрэгтэй. Учир нь үүлэн цоорхойгоор туссан нар илүү хурц бөгөөд илчтэй байдаг ажээ.
Нарны хэт ягаан туяа нь цонхны шил нэвтлэж арьс гэмтээж чаддаггүй.
Хариулт: Худал
Түлэгдэлт үүсгэдэг UVB туяа нь шилийг нэвтлэж чаддаггүй. Харин UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай тул хурц нартай өдөр гэртээ эсвэл албан тасалгаандаа байсан ч нарнаас хамгаалах тос хэрэглэх нь зүйтэй юм.
SPF 30-тай нарнаас хамгаалах тос нь SPF 15-тай тосноос хоёр дахин хортой туяанаас хамгаална.
Хариулт: Худал
Нарнаас хамгаалах тос нь SPF 15, SPF 30 гэсэн хоёр төрлийн шошготойгоор дэлхий нийтийн зах зээлд үйлдвэрлэгдэн гарч байна. Энэ хоёр тос нь үйлчлэх хугацааны хувьд ялгаатай байдаг. Жишээлбэл, нарнаас хамгаалах тос хэрэглээгүй хүн хурц наранд нэг цаг байхад арьс нь түлэгддэг бол SPF 15- тай тос хэрэглэсэн хүн 3-4 цагаар илүү хугацаагаар байхад наранд түлэгдэхгүй байх боломжтой. Үүнтэй адил SPF 30-тай тос хэрэглэсэн хүн түүнээс хэд дахин удаан хугацаагаар арьсаа хамгаалах боломжтой гэсэн үг юм.
"Усны эсэргүүцэл”-тэй нарнаас хамгаалах тосыг усанд орчихоод дахин түрхэх шаардлагагүй.
Хариулт: Худал
Халуун нартай өдөр хүмүүс гол горхи, нуур цөөрөм бараадан очиж амрахыг илүүд үздэг. Энэ үед таньд "усны эсэргүүцэлтэй” гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тос хэрэг болно. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 минут байдаг. Үнэхээр гүн эсэргүүцэлтэй тосны үйлчлэх хугацаа дээд тал нь 80 минут. Тиймээс нарнаас хамгаалах тосыг зөв, үр дүнтэй хэрэглэе гэвэл 2 цаг тутамд нэг удаа түрхэж заншаарай.
Зарим тос эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Хариулт: Мэдэгдээгүй
Нарнаас хамгаалах тосны гол найрлагыг Бензопенон-3 (BP-3) гэх бодис бүрдүүлдэг. Энэ бодис нь арьсыг нэвтлэн хүний биед шингэх чадвартай. Холбогдох байгууллагын судалгаагаар ихэнх хүмүүсийн биеэнд BP-3 гэх бодисын түвшин ихсэж байгаа гэж дурьдсан. Гэвч уг бодисын түвшин ихсэх болон багасахад хүний эрүүл мэндэд хэрхэн яаж нөлөөлдөг талаар дорвитой судалгаа хийгдээгүй байна.
Д амин дэмийг авахын тулд нарнаас хамгаалах тос хэрэглэхгүй байх нь зөв.
Хариулт: Худал
Д амин дэмийг авах гэж хамгаалах тос түрхэхгүйгээр хурц наранд хэдэн цагаар шарагдвал наад зах нь арьс түлэгдэж, цэврүү үүсэх, цаашилбал хавдар тусах магадлал ихэснэ. Тодорхой хугацааны давтамжтай биеэ наранд шарах нь тус амин дэмийн шингэлтийг ихэсгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ Д амин дэмийг хоол хүнснээс авах нь хамгийн зохимжтой арга хэмээн АНУ-ын хавдрын нийгэмлэгээс зөвлөж байна. Өндөг, загас, Д амин дэмээр баяжуулсан будаа, гурил зэрэг хүнсний бүтээгдхүүнийг тогтмол хэрэглэснээр эрүүл мэндийн хувьд элдэв эрсдэлгүйгээр хангалттай амин дэм авах боломжтой юм.
Хүүхдийн биеийг наранд шарахад арьсны хавдар үүсдэггүй.
Хариулт: Худал
Хүүхдийн хувьд нэг удаа л наранд түлэгдсэнээр арьсны хавдар үүсэх анхдагч нөхцөл болдогийг судалгаагаар баталсан. Учир нь хүүхдийн арьс тун эмзэг байдаг. Наранд 10 минут шарахад арьсны хэвийн үйл ажиллагааг саатуулж, борлоход хангалтай хугацаа гэж үзжээ. Зургаан сараас доош насны нярай хүүхдийг нарнаас хамгаалах малгай байнга өмсгөж, сүүдэрт байлгахыг зөвлөж байна.
Бараан арьстай хүмүүст нарнаас хамгаалах тос хэрэггүй.
Хариулт: Худал
Харин ч бараан арьстай хүмүүс цайвар арьстай хүмүүсээс илүү нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай байдаг нь судалгаагаар тогтоогдсон.
Хар өнгөтэй хувцас нь цайвар өнгөтэйгээс илүү нарнаас хамгаалдаг.
Хариулт: Үнэн
Нарны хэт ягаан туяа нь хар бараан өнгөтэй зүйлээс илүүтэйгээр цайвар өнгөтэй материалд амархан шингэдэг. Цайвар өнгөтэй хувцас нь нарны гэрлийг хуримтлуулж татсанаар арьсанд шингэж гэмтэл үүсгэдэг. Тиймээс гүн хөх болон хар бараан өнгийн материалтай хувцсыг наранд хэт мэдрэг хүмүүст өмсөхийг санал болгодог.
Ямар эм наранд хэт мэдрэг болгох үйлчилгээтэй вэ?
- Жирэмсний эсрэг эм
- Напроксин
- Даралт болон зүрхний эм
- Хавангийн эм
Хариулт: Дээрх бүгд
Дээр дурьдсан эмнүүдээс гадна олон эмийг дурьдаж болох юм. Үүнд чихрийн шижингийн эм, тетрациклин, болон бусад антибиотик төрлийн эмнүүд наранд хэт мэдрэг болоход нөлөөлдөг байна. Тиймээс ямар нэгэн эм хэрэглэсний дараа наранд илүү мэдрэг болоод байвал эмчтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй юм.
эх сурвалж: http://healthsmile-journal.blogspot.com/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих