АН-ын дарга З.Энхболд оффшор данстай намынхаа улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд навс унасан намынхаа нэр хүндийг өсгөх З.Энхболдын сүүлчийн мэх нь С.Баярцогтоор туг тахиж, эх орончийн дүр эсгэх байв. Гэвч "мэхт мэхэндээ” гэдэг шиг АН-ын оффшор данстай гишүүд ар араасаа илэрч АН-ын дарга З.Энхболдыг ацан шалаанд оруулчихаад байна. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн гурван ч нууц данс илэрлээ. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "MEC-HK”,”Winsway-HK”,”MMC-HK” зэрэг компаниуд Д.Бат-Эрдэнийн нэр дээр байдаг ажээ. Энэ буухиаг цааш нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, СЗХ-ны дэд дарга асан Х.Бум-Очир нарын АН-ын гишүүд үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын аварга загаснууд оффшор данстай таахалзаж явсан нь "баригдав”. Гэтэл намын дарга З.Энхболд нь "Манайхаас оффшор данстай ганцхан хүн бий. Тэр нь С.Баярцогт” гэж бараг бахархах нь холгүй ярьж суулаа. Ийнхүү З.Энхболдын сөрөг хүчнээ давах гэсэн оффшор төлөвлөгөө бүтэлгүйтэж, өөрийнхөө намын улстөрчдийг "намнахад” хүргэв. Эрх баригч намын дарга хэлсэндээ хүрдэг бол одоо Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нар дэвшихээсээ өнгөрөв бололтой. Хэрвээ Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ нарыг хамгаалж үлдэхээр шийдвэл АН-ын дарга адилхан гишүүдээ алагчилсан болно. Яагаад ганцхан С.Баярцогт З.Энхболдын явцгүй төлөвлөгөөний хохирогч болох ёстой гэж. Ард түмний сонгох эрх, Үндсэн хуулийн сонгогдох зарчмыг үл тоон оффшорчдыг хашраахаар шийдсэн З.Энхболд дарга одоо хэлсэндээ хүрэхгүй бол АН-ын нэр хүнд улам унах нь.
Ц.Тунгаа
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих