Сэтгүүл зүйн, пи-арын, зар сурталчилгааны мэдээлэл гэсэн гурван төрлийн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явдаг гэдгийг уншигчид төдийгүй хэвлэлийн салбарынхан ч заримдаа сайн ялгаж, салгаж, зааглаж чадахгүйд хүрээд байгааг судлаач хэлж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын тухайд оффшор бүсэд компанитай, данстай, тэрийгээ Хятадын Монголын иргэн С.Баярцогтынх гэж бүртгүүлсэн гэдэг мэдээлэл бол сэтгүүл зүйн мэдээлэл. Саяхан Панамын баримтууд дэлгэгдсэний дотор Хятадын баячуудын нэрс дунд С.Баярцогтын нэр байна гэдэг мэдээлэл бол сэтгүүл зүйн мэдээлэл. За харин өчигдрөөс эхлэн "С.Баярцогт ирээд буцдаг дөрвөн жилийн настай УИХ-ын гишүүн байгаагүй” гэхчлэн түүний талаар өрөвдөн хайлсан мэдээллүүд гараад байгаа нь пи-арын мэдээлэл гэдгийг манай уншигчид ойлгож байгаа болов уу. Гол нь пи-арын мэдээллийг сэтгүүл зүйн аргаар хийж хүмүүсийг төөрөгдүүлж ирсэн жишиг энэ удаад ч, С.Баярцогт дээр ч давтагдах янзтай байгаа юм.
С.Баярцогт 20 гаруй жил хууль тогтоох дээд байгууллагад суусан байж болно.Тэр бусад шиг 4-хөн жил суугаад яваагүй байж болно. Гэхдээ энэ нь С.Баярцогт нэг насаараа төрд суух ёстой гэсэн үг бас биш баймаар. С.Баярцогт оффшор данстай Хятадын баячуудын жагсаалтад багтсан ч гэсэн Монголын төрд байж л байх ёстой хүн гэсэн үг биш баймаар. Олон өнцөг бий хэдий ч, тодорхой нэг өнцөг бол улстөрчдөд оффшор данстай байх ёс суртхууны эрх байхгүй. Гэтэл С.Баярцогт өөртөө хир халдаах тун дургүй хүний хувьд, өөр шиг нь төрд зүтгэж ирсэн төлөв хүнийг, ганц нэг сая доллартай данснаас нь болж явуулах хэрэггүй шүү дээ гэсэн мессежийг нийгэм рүү шидлээд байна. Энэ тэгээд ёсзүй гэж үү? Монгол төрийн сайд явсан хүн оффшор буюу татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай, хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд байгуулсан нууц компанийнхаа баримт бичиг дээр улсынхаа нэрийг Хятадын Монголын Улаанбаатар гэж бичсэн хэрнээ, яаж тэгээд Монголын төрд үргэлжлүүлэн төрийн түшээгээр суух гээд байдаг юм бол доо. Ядаж л ёсзүйн үүднээс харахад сонгуулиас өөрөө татгалзах нь зохистой баймаар. Гэтэл Сэлэнгэчүүд намайг өмөөрч байгаа, хайрлаж байгаа гээд л дайраад байдаг.
Оффшор данс нээлгэж, гарын үсэг зурахдаа CHINA гэсэн бичгийг анзаараагүй гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгж хэлж чадаж байгаа хүнд дахиад итгээд байх шаардлага ер нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу? УИХ-ын дэд даргаас буусан нь С.Баярцогтын хувьд ёсзүйн хувьд хариуцлага хүлээсэн явдал, өөрөөр яаж хариуцлага хүлээлгэх гээд байгаан, болоо ш дээ гэсэн агуулгатай мессеж түүнийг өмгөөлсөн бичвэрүүдэд байна лээ. Ийм юм байж болох уу даа. Нэгэнтээ өөрийгөө ёсзүйн зөрчилтэй гэдгийг мэдэж л байгаа юм бол юундаа тэгээд төрийн эрх мэдэлд шунаад байдаг байна вэ? Эсвэл эрх мэдэл хүнийг тэгж донтуулдаг юм уу. Эрх мэдэлгүйгээр нэг хоног ч тэсч сууж чадахаа байчихсан юм уу? Монгол Улсын хууль дүрэм хэний ч, ямар ч бизнесийн эрх ашгаас дээр тавигдах ёстой. С.Баярцогт бизнестэй байж болно. Тэрийг нь хэн ч хориглоогүй. Гэхдээ Монгол төрд өдий дайны өндөр албан тушаал хашиж байгаа хүний нэр БНХАУ-ын оффшорт бүртгэлтэй баячуудын дунд нэрээ бичүүлнэ гэдэг нь үнэхээр байж болох зүйл мөн юм уу? Яг энэ асуудал дээр улс орон даяар бүхэл бүтэн хэлэлцүүлэг өрнүүлэх нь ёсзүйд нийцсэн асуудал ч байж болох юм шүү дээ. Тийм байхад өөрийгөө магтуулсан пи-ар ажиллагаагаа л бодоод сууж байдаг, бас л бүдүүн зүрхтэй хүн юм даа.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих