Монгол Улсын Төрийн тэргүүнийг "Холливудын оддыг дуурайж 20 гаруй хүүхэд өргөж авч гэнэ” гэлцэж байсан нь саяхан.
Тэгвэл 1000 гаруй хүүхдийг халамжлан асарч, тэднийг өвдөхөд нь хамт өвдөж, инээхэд нь хамт инээж чаддаг, чин сэтгэлээсээ хүмүүнлэгийн үйлст "хоббитой” болсон эгэл жирийн нэгэн эмэгтэй төдийлөн ил гаралгүй өдийг хүрсэн байдаг. Энэ бол Монголын үндэсний хүмүүнлэгийн сангийн тэргүүн Самбуудоржийн Пүрэвсүрэн юм.
Түүний энэхүү сангаа байгуулах болсон шалтгаан ч мөн л эв нэгдэл бөгөөд хүмүүнлэгийн ажлыг хийхдээ зоосны нүхээр хардаг зарим бүтэлгүй хүмүүсээс хүний төлөө чин сэтгэлээсээ зүтгэх ариун үйлсийг ялгах, цензур тогтоох гэж оролдсонтой нь холбоотой. С.Пүрэвсүрэн эгэл жирийн сэтгүүлч бүсгүй. Онцлог нь ажил амьдралын гараагаа Увс аймгийн Улаан загалмайн хорооноос эхэлсэн байдаг. Улаан загайлмайн нийгэмлэгт, Дэлхийн зөн олон улсын байгууллагад, бусад олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудад ажиллахдаа зовж зүдэрч яваа хэн нэгэнд туслахсан, бүр илүүг хийхсэн гэсэн хүсэл нь улам лавширч, нэг ёсондоо ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж, сэтгэл зүрхээрээ уусаж орсон нь бахархууштай.
Тэрбээр өөрөө ч тэдний нэгэн адил эгэл боргил амьдралтай, олон хүүхэдтэй айлын "эрхлэх эрхгүй” охин байсныг нуух юун. Тиймдээ ч оюутан байхдаа бас ажиллаж эхэлмэгцээ ч "бусдад тусалдаггүй хүмүүс нэгийг бодтол нь тусламжийн гараа сунгадаг буянт үйлсэд насан туршдаа үнэнч зүтгэнэ” гэж сэтгэлдээ тангарагласан гэдэг. Гэвч олны дотор сайн, муу хүмүүс олон таарна. Харсаар байтал хүмүүнлэгийн тусламжийн эд бараа, хөрөнгө оруулалтыг хувьдаа завших нь ч олонтаа. Нөгөөтэйгүүр энэ чиглэлээр ажиллагсад эвлэлдэн нэгдэж ажилладаггүйгээс хэтэрхий тархай бутархай, нэр хүнд нь ч унаж эхэлж буйг анзаарчээ. Ингээд 2000 онд Улаан загалмайчдын улсын зөвлөлгөөнийг Увс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран хүмүүнлэг, өргөн цар хүрээтэй зохион байгуулсан байна. Энэ ажлын амжилтаараа Увсын хүмүүнлэгийн үйлстэн эмэгтэй Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны даргаар дэвшин ажиллахаар улсын нийслэлийг зорин иржээ.
Ингэснээр тухайн байгууллагуудад ажиллагсад нэгнийхээ алдаатай гишгэхэд нь нүд анин өнгөрүүлэх бус харилцан хяналт тавих, хамтарч ажиллах, хүмүүнлэгийн байгууллага гэж юу байдаг, үр дүн нь хэрхэн гардагийг харуулахыг хүсчээ. Үр дүнгээ ч өгч эхэлж. Гэвч С.Пүрэвсүрэнд энэ бүхэн хангалтгүй төдийгүй "Тухайлбал би юу хийж чаддагаа соримоор байна” гэсэн бодол амраахаа болив.
Төдөлгүй тэрбээр охиныхоо амьдаа болгон "Ивээл” нэртэй халамжийн цэцэрлэг байгуулсан нь эдүгээ дөрвөн салбартай болон өргөжжээ. Тэдгээрт нийт 1000 гаруй хүүхэд сурч хүмүүждэг байсан цаг саяхан. Тэд бусдын адил баяр жаргалаар бялхсан хүүхдүүд биш. Тэс өөр. Өөрсдийн буруугаас биш хэрнээ хэн нэгний буруугаас болж нулимсаа залгисаар цээжиндээ бэтгэрэн шаналавч гуниг хурсан харцаар инээх гэж зовж яваа нялх үрс, бидний ирээдүй. Тэдэнд хоол, хувцасаас илүү эхийн сэтгэл, энэрэл хайр хэрэгтэй. Тийм ч учраас хүнээр хүн шиг хүн хийнэ, эцэг, эхийнх нь хайрыг нөхнө гэдэг малыг тэжээж таргалуулахаас эрс ялгаатай асар том ариун буянт үйл юм шүү дээ.
Энэ үйлийг хийхэд хомхой шунал, хоёргүй үнэнч сэтгэлийг шаарддаг. Ардчилал хөгжсөн улс орнуудын Засгийн газрын дэргэд Үндэсний Хүмүүнлэгийн хороо, хүмүүнлэгийн сан ажилладаг төдийгүй үндэсний хүмүүнлэгийн өдөртэй байдаг. Төр засаг нь Хүмүүнлэгийн хорооны төв орон нутгийн байгууллагуудтай олон шат дараалалгүй шууд хамтран ажиллаж, эрх зүй, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, төрийн хүмүүнлэгийн аливаа ажил үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлдэг. Энэ нь Засгийн газрын халамж, хүмүүнлэгийн чиглэлээр зарцуулж байгаа зардлыг ихээхэн хэмжээгээр бууруулна гэсэн үг юм.
Санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр болох төрийн зарим нэг ажил үйлчилгээг Үндэсний хүмүүнлэгийн хороогоор хариуцуулан гүйцэтгүүлэх, хандивлагчдыг татварын урамшуулал, хөнгөлөлтөд хамруулж байхаар эрх зүйн зохистой орчинг бүрдүүлэх зэрэг нь Үндсэн хуулинд заасан "Эх орондоо хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгэм байгуулах” үйл хэрэгт бодит боломж, дэмжлэг болж үр дүнгээ өгсөн дорвитой ажил болно гэж үзсэний дагуу олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааны жишигт нийцэж, тэдэнтэй Монголын хүмүүнлэгийн байгууллага хөл нийлэн алхах ёстой.
Ийм л учраас С.Пүрэвсүрэн "Монголын үндэсний хүмүүнлэгийн сан” г байгуулсан аж. Улсдаа цорын ганцхан "Ивээл” халамжийн цэцэрлэг, түүний салбаруудыг байгуулах, Монголын үндэсний хүмүүнлэгийн сангийн үйл ажиллагааг эхлүүлээд байгаа ч С.Пүрэвсүрэнгийн бусдад улам илүү туслах хүсэл энэ бүхэнд ханаагүй ээ.
Тиймээс ч тэрбээр АНУ-д "хүмүүнлэгийн салбарт төрөөс баримтлах бодлого” чиглэлээр суралцаж буй. Ийм бодлоготой болоогүй цагт хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад орж байгаа хөрөнгө оруулалтын 20 хувь нь зориулалтын дагуу ч, 80 хувь нь хэн нэгнийг, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг хөрөнгөжүүлэхэд зарцуулагддаг хэвээрээ байх болно. Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлд гишүүд нь нэг хувийн татвар төлдөг ч түүнийг жагсаал, цуглаан санхүүжүүлэхээс өөрөөр зүй зохистой за рцуулж байгааг татвар төлөгчид олж хардаггүй. Тэгвэл Монголын үндэсний хүмүүнлэгийн санд нэг хувийн татвараа төлөөд түүгээр нь хэдэн хүүхэд боловсрол эзэмшиж, бусад хүүхдийн адил инээж, хооллож, хувцаслаж, энэрэл хайр мэдэрч өсөхийг харж суух нь арай илүү алсын хараатай бодлого байж мэдэх юм. С.Пүрэвсүрэн ярихдаа "Таны оруулсан нэг хувь олон хүний нэг хувьтай нийлж хэн нэгний амьдралыг зуун хувь өөрчлөх бүрэн боломжтой” хэмээн байсан.
Тэр үүнийхээ төлөө л яваа. Тиймээс ч орон нутагт, тухайлбал Дундговь аймагт талх, нарийн боов үйлдвэрлэх "Ивээл” нэртэй үйлдвэр, Баян-Өлгий аймагт хорихоос суллагдсан хоёр эмэгтэйд " Баншны кафе” нэртэй хэрчсэн гурил, бууз баншны үйлдвэр нээж өгөөд таван жил гаруйн нүүр үзэж байна. Үүнийгээ бусад аймагт, ялангуяа төрөлх Увс нутагтаа хэрэгжүүлэхээр зорьж буй аж.
Түүний хийсэн хүмүүнлэгийн ажлыг Монгол орон даяар тэр дундаа сошиал ертөнцийнхөн, үзэг нэгт сэтгүүлчид бид андахгүй ээ. Тэр дэндүү даруу нэгэн. Ариун үйлсээс өөр амбицгүй өнөөг хүрсэн түүнд өнөөдөр зориглон шийдвэр гаргах түвшинд тэмүүлэх том шалтгаан уг нь бий ч тэр тэгтлээ хүсдэггүй бололтой. Үнэн хэрэгтээ өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд болсон эмэгтэйчүүдээс С.Пүрэвсүрэн шиг зовлон эдэлж өссөн түүх ч, түүн шиг олон хүүхдэд хайр энэрэл бэлэглэсэн хүмүүнлэгийн үйлсийн түүхийг ч олж харж байсангүй.
Гэтэл ард түмний дотор УИХ-ын гишүүн, сайд нар шиг биш С.Пүрэвсүрэн шиг нь дэндүү олон билээ. Товчхондоо өнгөрсөн 20 гаруй жилийн "ардчиллын он жилүүдэд” монголчууд авъя гэж сарвайж байснаас өгье гэж гар сунгасан нь тун ховор, эсвэл шоуны чанартай байдгийг нуух юун.Гэтэл хүүхдүүдэд хайр дутсан хэвээр, гурван сая дахь иргэнээ хүлээж авсан Монгол Улс иргэддээ халамжаа хүртээх, хүмүүнлэгийн үйлсийг зүй зохистой явуулах нэгдсэн бодлого, тогтолцоогүй, баяжиж хөлжицгөөхийн төлөө үхэлдэж, түүнийгээ хөгжил гэдэг үгээр халхавчилж байгаа нь нүцгэн үнэн.
Харин одоо С.Пүрэвсүрэнд өөрийн биеэр туулж ирсэн жаргал зовлон, гадны хөгжилтэй орнуудаас олж авч буй "Хүмүүнлэгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-оо хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд очиж сурсан мэдлэг хийгээд өнгөрсөн 20 гаруй жилд хүмүүнлэгийн чиглэлээр хийсэн олон зуун хүмүүнлэгийн ажил, хуримтлуулсан туршлагаа хэрэгжүүлэх цаг нь хэдийнэ болсныг бид харж байна. Тэр амбицгүй ч ард түмний хүлээлт, хүсэлт, дуудлага гэж бий. С.Пүрэвсүрэн үүнийг үл анзаарч эс чадна гэж бодож байна. Тиймээс ч Увс аймгаас 2016 оны их хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эмэгтэй квотын нэг нь Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн С.Пүрэвсүрэнг хүлээж байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ. 1986 онд энэ талаар "Шилэн тааз” /Glass ceiling/ гэсэн нэр томьёо гарсан.
Эмэгтэйчүүд улс төрийн болон бизнесийн аливаа байгууллагын удирдлагад ажиллахад боломж нь нээлттэй мэт "орой” нь харагдаад байдаг хэрнээ яг боломжоо эдлээд эрх мэдэл, шийдвэр гаргах төвшинд хүрэх гэхээр үл үзэгдэх ямар нэг хаалтыг мөргөөд байдагтай холбоотойгоор ийм нэр томьёог гаргасан байдаг. Эмэгтэйчүүдээ шийдвэр гаргах түвшинд ажиллуулна гэдэг тухайн улс орон хөгжиж буйн илрэл байдаг гэлцдэг. Манай бүсгүйчүүдэд эрчүүдээс ялгарах олон давуу тал байдгийн нэг нь өнөөг хүртэл эрх мэдэлд очоод авлигын хэрэгт холбогдсон, карьерт хүрээд гэр бүлээ сольсон тохиолдлыг хайгаад ч олж үл чадна. Үүгээрээ олон түмний хүндэтгэлийг хүлээж эрчүүдийг эмээж эрх мэдлээ харамлахад хүргэж буйг нь бид бэлхнээ харж байна.
"Амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулъя” гэж даруухнаар инээмсэглэсэн шийдэмгий, хурц зантай, зоригтой ийм л эгэлхэн хирнээ энгийн эмэгтэйг нэр дэвшүүлнэ үү хэмээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоо, Монголын залуучуудын холбоо, хүмүүнлэгийн нэгдсэн байгууллагуудын холбоо, мянга мянган үзэг нэгт сэтгүүлчид өөрсдийнхөө сонин, сэтгүүл, телевиз, радио, мэдээллийн сайтуудаараа дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.
Учир нь С.Пүрэвсүрэн хүмүүнлэгийн олон зуун ажил хийхийн зэрэгцээ "Сэтгүүлч” гэх эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж алс баруун хязгаарын Увс аймагт "Увс медиа групп”-ыг байгуулан Увс тв, Увс 103,3 FM радио, "Увсын сонин” үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн ч аль хэдийн мэргэжлийн байгууллагуудын хараанд өртөж "онцсайн” үнэлэлт авсан нь түүнийг ямар хүн гэдгийг бэлхэн харуулна. Орон нутагт хараат бус сэтгүүлзүйг хөгжүүлэх их үйлсэд мэргэжлийн чадварлаг хамт олныг бүрдүүлэн Монгол улсад анх удаагаа орон нутгийнхаа мэдээ мэдээллийг хөдөөгийн ард иргэдэд олгож Увс аймгийнхаа бүх сумандаа дамжуулах техникийн шийдлийг тэрээр олж чадлаа. Ийм л чадварлаг, дайчин, манлайлагч бүсгүй бидний дунд амьдарч байгаад үе үеийн сэтгүүлчид бид бахархаад ханашгүй.
Түүнийг "Хүмүүнлэгийн” С.Пүрэвсүрэн, сэтгүүлч С.Пүрэвсүрэн гэдэг. Өөрөө баян биш ч өгөхийн төлөө, туслахын тулд төрсөн тэр яг одоо л ядарсан түмэндээ хэрэгтэй байна.
Тиймд Монголын сэтгүүлчид бид түүнийг дэмжихээр шийдлээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих