Монголын эртний уламжлалт хоол хүнсний зүйл зонхилох байр суурийг цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн эзэлдэг билээ. Монголчууд сүү цагаан идээ боловсруулан ашиглах болсон нь маш эрт үеэс эхэлсэн бөгөөд 2000 гаруй жилийн өмнөх эртний Хүннүчүүд сүү айргаар элбэг дэлбэг байж, айраг исгэн, хурууд агшааж иддэг байжээ.
Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр ангилдаг бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос, зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү, эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд архи багтдаг. Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх чадалтай юм. Сүүний уураг нь амархан нийлэгшдэг, хялбархан шингэдэг бөгөөд өдрийн хоолны бүх уургийн амин хүчлийн нийт тэнцвэржилтийг сайжруулдаг. Хүхэр агуулсан амин хүчил нь хортой бодисыг саармагжуулдаг бөгөөд тос нь биологийн идэвхитэй уураг, лецитиний иж бүрдэл, чухал арахидоны хүчлийг агуулдаг.
Нүүрс ус нь сүүний хүчил, лактозыг агуулдаг.Кальц нь шингэц сайтай ихээхэн ач холбогдолтой байдаг.Аскорбины хүчил, тиамин, токоферол, холин, каротин, В2, А зэрэг витаминын иж бүрдлүүд ашигтайгаар тэнцвэржсэн байдаг.Холестрины түвшинг зохицуулж, судас хатуурахын эсрэг үйлчилдэг.Хоол боловсруулах булчирхайн шүүрлийг бага цочроодог.
Шинэ сүүнд лактенин гэдэг антибиотик агуулагддаг байна. Уламжлалт анагаах ухаанд сүү нь амтлаг бөгөөд шигэхдээ мөн амтлагаар шингэдэг.Чанар нь тослог, хүнд, сэрүүн, чадал нь биеийн тамирыг арвидуулан өнгө жавхааг дэлгэрүүлэн, хий шар өвчнийг арилгах бөгөөд бие махбодийг хүчжүүлэн тамиржуулж, дуслыг нэмэгдүүлэн, бадганыг үүсгэх чадалтай.
Түүхий сүү нь хүнд, сэрүүн шинж чанартай тул хорхой өвчин (нян, вирус, бичил биетэн) бадгана өвчнийг үүсгэнэ.Буцалсан сүү нь хөнгөн, бүлээн шинж чанартай болдог. Харин хэтэртэл нь буцалгасан (түлсэн) сүү нь шингэхэд бэрх, чадал нь нэн хүнд чанартай болдог байна.Саасан даруйд нь бүлээн сүүг хэрэглэвэл Рашаан адил хамгийн их шимтэй, чадал тусаар үлэмж их байдаг байна.
Үнээний сүү: Сэрүүн, халууны чанар тэгш тул сайн чанарын сүү юм. Үнээний сүүний найрлаганд уурагт сүү, цийдэм, глобулин, органик бус хүчлийн давс, витамин гэх мэт олон төрлийн бодисууд агууллагддаг нь түүний эмчилгээний чанар өндөр байдгийг илтгэнэ. Тамир хүчийг нэмэгдүүлэх, өнгө зүсийг сайжруулах, хүчжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх чадалтай.
Ямааны сүү: Анагаах ухааны сударт ямааны сүүг амьсгаадахыг дарна гэж тэмдэглэсэн байдаг. Ямаа нь ус бага уудаг тул сүү нь шингэн, хөнгөн сэрүүн чанартай. Хижиг өвчин, амьсгал давхцах болон цусны өвчин, шарын халуунд тустай бөгөөд таван цулыг шимжүүлэн тэтгэж, тамирыг тэжээн, амны цангааг тайлж, өтгөн шингэрэхэд туслан, хий огшуулалтыг эмнэн засдаг байна. Шингэн нүүрс ус багатай, витамин С, Д, А, В1, Са, К ихтэй байдаг.
Хонины сүү: Анагаах ухааны сударт хонины сүүг хий дарах боловч зүрхэнд муугаар нөлөөлөх тул их хэмжээгээр ууж үл болно хэмээн бичжээ. Уураг, нүүрс ус, тослогших хувь багатай байдаг.Са ихтэй. Тослог, хүнд, бүлээн чанартай, юмыг мартуулах, мэдрэмж доройтох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. Дөнгөж саасан хонины сүүнд янз бүрийн өөр найрлага нэмэхгүйгээр хэрэглэхэд бам өвчинд тустай.
Гүүний сүү: Цийдмэг сүүний төрөлд хамаардаг. Уураг, өөх тосны хувьд хонь, үхрийн сүүг гүйцэхгүй боловч нүүрс ус нэлээд их хэмжээгээр агуулагддаг. Бие махбодыг тамиржуулах, бодисын солилцоог дээшлүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, исэлдэн ангижрах, сэргээх процессыг идэвхжүүлдэг. Уламжлалт анагаах ухаанд гүүний сүүг амт нь исгэлэн, давслаг амттай, шим тэжээлээр элбэг, халуун чанартай, чадал нь шар өвчнийг засаж, ходоодны шингэцийг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлж, уушигны өгөр өвчин ба уушгины шархыг анагааж үе гишүүний хийг дарна, их уувал согтууруулах үйлчилгээтэй гэж тэмдэглэсэн байна
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих