Улстөрийн намууд өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн батламжлах хурлаа хийх гэж байна. Энэхүү сонгуульд хэн, хэн нэр дэвших нь битүүхэндээ тодорсон ч зарим намд үл ойлголцлоос эхлээд хуулийн дагуу зарим хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж зарласан нь өнөөдрийг шуугиантайхан үдэх нөхцөл болох нь ойлгомжтой боллоо.
Энэ дунд эрх баригч АН-ын дунд шатны хороодоос нэр дэвшихээр тодорч байгаа болон нэр дэвших эрхгүй үлдэгсэд хэрхэх нь сонирхол татаж байна.
АН-ын дарга хэлсэндээ хүрэх үү
Өнгөрсөн 2015 оноос хойш АН-ын дарга З.Энхболд УИХ-д сууж байгаа гишүүдээ хэн ч бай бүгдийг нь дахин нэр дэвшихээ амалсаар ирсэн. Хамгийн сүүлд "Шударга ёс” эвсэл задарч Н.Батцэрэг, М.Сономпил нар УИХ дахв АН-ын бүлгийн 36, 37 дох гишүүд болсны дараа ч мөн л хамгийн эхлээд энэ 37-гоо нэр дэвшүүлнэ гэсэн.
Гэвч удалгүй оффшорын дуулиан дэгдсэний дараа С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн. Гэтэл түүнийг нь сөрөн С.Баярцогтыг Сэлэнгийн АН нэр дэвшүүлээд нэрийг нь илгээчихлээ.
Ингээд АН-ын аймаг, дүүргийн намын хороод нь УИХ-д нэр дэвшигчдээ тодруулж намынхаа ҮЗХ-нд илгээсэн байдлаас харвал З.Энхболд хэлсэндээ үнэнч байж чадаагүй нь болоод тус намын дотоод дахь фракцуудын нэр дэвшихийн төлөөх өрсөлдөөн хэт хурц байгаа нь харагдаж байна.
З.Энхболдын хэлсэн шиг фракцууд нь түүний үгээр болж одоогийн УИХ-д сууж байгаа гишүүдийг нь шахаж, бас унагаж байна. Тэгэхээр З.Энхболд хэлсэндээ хүрэхэд амаргүй байхаар харагдаж байгаа юм.
Одоогоор Н.Батцэрэг, Л.Эрдэнэчимэг нар унаж М.Батчимэг тойроггүй үлдээд байна
АН угшил нэгт намуудаа нэгтгэж хамтдаа сонгуульд орохыг уриалсан ч "салаавч” авсан. Гэсэн ч хаваржин найруулсан хорны хүчээр МҮАН, ИЗНН, Эх-Орон, ХҮ намуудыг "дагуулж” дөнгөсөн. Гэвч хариуд нь тус намуудаас зарим нэг хүмүүсийг АН-д элсүүлж нэр дэвшүүлэхээр болсон билээ.
Энэ дагуу Н.Батцэрэг, М.Сономпил нар МҮАН-аас АН-д орсон. М.Сономпилыг Дархан-Уул аймгийн АН нэр дэвшигчээр дэмжсэн бол Н.Батцэрэгийг Өвөрхангайн АН унагалаа. Өвөрхангайн АН-аас нэр дэвших эрх авсан хүмүүс нь З.Энхболдын өөрийнх нь улстөрд хөтөлж яваа хүмүүс байх аж. Тэгэхээр Н.Батцэрэг нөгөө "Их санасан газар хоосон” гэгч болох шиг.
Тэгвэл сүүлийн хоёр жил Орхон буюу Эрдэнэтийн АН-ыг удирдсан УИХ-ын гишүүн М.Батчимэгийг сонгуулийн босгон дээр аймгийн намын даргаас нь унагасан нөхдүүд бас л З.Энхболдын "Шонхор” фракцид харьяалагддаг нөхдүүд байсан. Үүнээс ч болсон уу М.Батчимэг УИХ-д нэр дэвшихээр усалсан тойрог болох Эрдэнэтээс нэрээ татаад байна.
Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Сонгинохайрхан дүүргийн АН-ын хороо унагаж орхилоо. Тэр болМоАХ-ын гишүүн бөгөөд З.Энхболдоос дэмжлэгтэй. Гэвч Алтангадасынхан түүнийг унагаж орхилоо.
Үүнээс гадна УИХ-д нэр дэвших өрсөлдөөнд орсон дүүргүүдийн засаг дарга нар дотроос тус дүүргийн засаг М.Чинболд гэдэг залуу намаасаа бас дэмжлэг авч чадсангүй. Мөн өөр ч сонирхолтой мэдээллүүд байна.
Эх-Орон намын дарга байгаад АН-д элссэн "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг Хөвсгөл аймгийн намын хорооны хуралд очих үед хүлээж авах янзгүй байж. Тиймээс мань эр хуралд нь оролцолгүй ҮЗХ-гоор асуудлаа шийдүүлнэ гээд гараад давхиж.
Дундговь аймгийн АН-ын хувьд аймгийн намын хороо нь хуралдалгүй УИХ-ын гишүүн Б.Наранхүүг дэвшүүлсэн бичиг илгээсэн нь бөөн хэл ам дагуулаад байна. Дорнодод нэр дэвшихээр олон жил, сараар яригдсан хүмүүс нь нэр дэвшихээ авч чадаагүй ба тус аймгийн АН-ын гишүүдэд хөөгдөж явсан сайд М.Зоригт нэр дэвшихээр болсон нь бас л хэл ам дагуулж байна.
Дорноговь аймагт засаг дарга П.Ганхуяг нь нэр дэвшинэ гэж байсан ч түүнийг жийж ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон тахилч С.Алтангэрэл нар нэр дэвших болсон нь бас л маргаан дагуулаад байгаа аж. Энэ мэтээр АН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа багагүй маргаан улстөржилтийг дагуулаад байна.
Харин эдгээрийг З.Энхболд дарга нь өнөөдрийн ҮЗХ-ны хурлаараа зохицуулж чадах эсэх л сонирхолтой байна. Дээрээс нь түүнд С.Баярцогт болон оффшортонгуудыг нэр дэвшүүлэх үү гээд асуудал их байна.
Г.Самбаа
gereg.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих