"Дэмбэрэлийн талхны цех” хэмээх нэр Дорнодчуудад танил сонсогдож буй биз ээ. 1990-ээд оны сүүлээр аймгийн төвд хүнсний бизнес эрхэлж асан Дэмбэрэлийн хүү Д.Оросоо өдгөө Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж буй. Хуульч мэргэжилтэй тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Баянгол дүүрэгт нэр дэвшжээ. Түүний өрсөлдөгч нь Оргил худалдааны төвийн босс Ж.Ганбаатар аж.
УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа 2 жилийн өмнө хэсэгхэн хугацаанд Дорнод аймгийн Ардчилсан намын хороон даргаар сонгогдож үзсэн. Дорнод аймгаас гаралтай тул аймагт ирж нэр дэвшинэ хэмээн төлөвлөж байсан ч Халхгол чөлөөт бүсийн асуудлаас болж өөртөө хаалт тавьсан. Ингээд Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болсон байна. Тэрээр МАН-ын нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай өрсөлдөнө.
УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажиллаад буй Хөдөлмөрийн сайд Гарьдхүүгийн Баярсайхан ч Дорнод аймгийн Халхгол сумаас гаралтай хэмээгддэг. Тэрбээр өөрийн тойрог Чингэлтэй дүүрэгтээ дахин нэр дэвшиж байна. Энэ удаа түүнтэй ММ агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэг учраа таарчээ.
Дорнодод төрөөгүй ч, Чойбалсан хотын 10 жилийн 1-р сургуульд суралцаж, онц дүнтэй төгссөн УИХ-ын гишүүн Д.Арвин урьдын адил Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшиж байна. Түүний өрсөлдөгчөөр Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин тодорсон. Сонирхолтой нь, П.Анужин ч Дорнод аймагтай холбогддог бөгөөд манай аймгийн нэрийн өмнөөс МАН-ын бага хуралд сонгогдсон аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Баянтүмэн суманд төрсөн намтартай тэрбээр өмнө нь сонгогдож байсан Баянзүрх дүүрэгтээ дахин нэр дэвшихээр болжээ. МАН-аас түүнтэй Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Батзориг өрсөлдөнө.
Нэр дэвшигчдийн нэрс хамгийн түрүүнд тодорхой болсон хоёр нам дахь Дорнодоос гаралтай, хамааралтай хүмүүсийг тандахад ийм байна.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих