Энэ үгийг сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн Дорнод аймгийн иргэд хэлж байна. 2016 оны орон нутгийн сонгуульд Дорнод аймаг дахь улстөрийн байгууллагууд болон цөөнгүй бие даагчид нэр дэвшин өрсөлдөхөөр хуулийн дагуу материалаа бүрдүүлж Сонгуулийн тойргийн хороонд хандаад байсан. Гэтэл П.Бат-Өлзий тэргүүтэй Аймгийн сонгуулийн хороо нэр дэвшигчдэд улстөрийн үзэмжээр хандаж, МАХН-ын 24 нэр дэвшигч, Ардчилсан намын 1 нэр дэвшигч, бие даагч 3 нэр дэвшигчийг бичиг баримтын аар саар зөрчил, Сонгуулийн хуулийн тодорхойгүй заалтуудаар шалтаглаж буцаажээ.
Дөрвөн жилд ганцхан олддог сонгогдох эрхээ эдлэх гэсэн иргэд энэ асуудлаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад бүртгэх, өмнөх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байгаа юм. Гэвч Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзий шүүхийн шийдвэрийг хүлээж авсангүй. Харин ч "Би давж заалдана. Тэр хооронд сонгуулийн хугацаа дуусчихна аа” гэхчлэн ярьж байгаа талаар МАХН-ынхан сэтгүүлчдэд мэдээлсэн.
Энэ жилийн ИТХ-ын сонгуульд нийт 95 нэр дэвшигч өрсөлдөж буйн дийлэнх хэсэг нь буюу 70 нэр дэвшигч нь өнөөгийн эрх баригч хоёр намаас нэр дэвшиж байгаа. Өөр зуураа хэрүүл уруул хийж, тамга тэмдэг булаалдсаар цаг алдаж, төрийн ажил цалгардуулсаар ирсэн энэ хоёр намаас Дорнодчууд хэдийнэ залхаж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад шинэ хүн, шинэ уур амьсгал оруулж ирэхийг хүсч, хүлээх болжээ. Гэтэл Сонгуулийн тойргийн хороо, ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий улстөрийн шинэ хүчин, шинэ хүмүүсийг боомилж байгаа явдалд аймгийн эрх баригч МАН, засаг дарга М.Бадамсүрэн ч нөлөөлж байх магадлалтайг тэд хэлж байна.
Иргэдийн сонгох, сонгогдох эрх бол ардчиллын суурь зарчим юм. Иргэд сонгуульд нэр дэвшихийн тулд багагүй эр зориг гаргадаг. Гэтэл иргэдийнхээ сонгуулийн эрхэнд халдаад зогсохгүй, нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах нэрээр хугацаа хожиж буй Сонгуулийн тойргийн хороон даргад Төрийн ажлыг төвшин явуул гэж шаардахаас ч өөр аргагүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих