УИХ-ын сонгууль болоход хэдхэн хоног үлдлээ. Намууд болон эвсэл сонгуульд нэр дэвшигчээ зарлаж, бие даагчид нэрсээ болон тойргоо ил болгож бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн. Энэ жилийн сонгуульд янз бүрийн л мэргэжилтэй хүмүүс хүч үзэхээр өөрсдийгөө сойж байна. Хуульч, бөх, дуучин, яруу найрагч, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс бий. Харин эдгээр хүмүүс дунд улс төр лүү орчихно гэж хэний ч санаагүй 10 эрхмийг онцлон хүргэж байна.
1. Олимпын аварга Н.Түвшинбаяр
Хөдөлмөрийн баатар, Олимпийн хошой медальт Найдангийн Түвшинбаяр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшихээр болсон. Түүнийг Баянхонгор аймгийн Ардчилсан Намын хорооны хуралдаанаас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр 100 хувийн саналаар сонгожээ.
Н.Түвшинбаяр Булган аймгийн харьяат атлаа Баянхонгор аймгийг сонгох болсон нь хүмүүсийг гайхашруулж орхисон. Тэрбээр "Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга эх орныхоо төлөө их зүйл хийхийг хүссэн ч ганцаардаж байна. Тэр ч үүднээс би хажууд нь байж туслаж, дэмжихийг хүсч ийм сонголт хийсэн" хэмээн тайларлаад байгаа.
2. МУГТ Х.Цагаанбаатар
Тусгаар тогтнол эв нэгдэл эвсэл 46 тойрогт нэр дэвшигчийг тодруулсан. Түүний нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар байсан нь сонгогчдын гайхашрал төрүүлж орхиод байгаа юм. Зодог тайлж, дасгалжуулагч болсон тэрбээр төрөлх нутаг болох Дархан-Уул аймгаас УИХ-д өрсөлдөх гэнэ.
3. Жүжигчин Ц.Төмөрбаатар
Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. Тэрбээр "Тусгаар тогтнол эрх чөлөө, ард түмний аз жаргалын төлөө би өөрийнхөө бие, оюун, хөдөлмөрийг бүрэн дүүрэн зориулна. Миний энэ хүсэл мөрөөдлийг МАХН дэмжсэнд баяртай байна. Би зүгээр сул гишүүн байхыг хүсэхгүй байна.Төр урлагийг дэмжих ёстой гэж хэлээд байхад хөсөр хаячихаад байна. Тиймээс улс төрд идэвхитэй оролцохоос өөр арга алга. Оролцохгүй бол болохгүй байна. Хэрэв надад итгээд сонгох юм бол би бүх хөлс хүчээ шавхаж ажиллана" гэсэн юм. Харин тус тойрогт МАН-аас П.Анужин, АН-аас Д.Арвин нар түүнтэй өрсөлдөх юм.
4. Дуучин Нара
Дуучин Нара буюу М.Нарантуяа сонгуульд нэр дэвших гэж буйгаа олны танил хүмүүсээс хамгийн түрүүнд мэдэгдсэн. Тэрбээр УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс бие даан нэр дэвших юм. Дуучин Нара өөрөө ганц бие ээж хүн учраас өрх толгойлсон эхчүүдийн эрх ашгийг хамгаалахаар УИХ-д орох гэж буй гэнэ.
5.Дуучин Г.Эрдэнэтунгалаг
Нийтийн дуугаар олонд танигдсан дуучин Г.Эрдэнэтунгалаг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон нь олон хүний анхаарлыг татаад байна. Тэрбээр 2015 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон аж. Г.Эрдэнэтунгалаг УИХ-ын 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшинэ. Харин түүний өрсөлдөгч нь МАН-ын Ж.Эрдэнэбат байх юм.
6. Дуучин Бэки
Дуучин Бэки буюу Г.Мөнхбаяр улс төрд хүч үзэхээр шийджээ. Түүнийг урлагийнхан Бэки гэх нэрээр нь илүүтэй таньдаг. Гэхдээ дуулсан дууг нь төдийлөн мэдэхгүй хүмүүс Х.Бадамгэрэлийн нөхөр гэдгээр нь таних болсон билээ. Урлаг, спортынхон улс төр лүү хөвөрч буй жишгийг дуучин залуу үргэлжлүүлэхээр шийдэж Сүхбаатар дүүргээс бие даан нэр дэвшихээр болжээ. Түүнийг ийм шийдвэр гаргахад Дуучин Нара тун ч их түлхэц болсон гэнэ. Бэки Сүхбаатар дүүргийн 60-р тойрог буюу 7, 8, 9, 10 болон Багануурын 1-р хороонд бие даан нэрээ дэвшүүлж байна.
7. Дуучин С.Жавхлан
С.Жавхлан 2016 оны сонгуульд бие дааж нэр дэвшинэ. Аль тойрогт хүч үзэх нь маргааш тодорхой болно. С.Жавхлан уран бүтээлийн хамтрагч Т.Баясгалангийн хамтаар "Илгээлтийн эзэд" аяныг амжилттай зохион байгуулсан нь аль хэдийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн байж. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин түмнээ дэмжих зорилгоор түүний санаачлан зохион байгуулсан аянүр өгөөжөө өгсөн. Тиймээс түүнд баярлаж буй хүн олон ч ийм шийдвэр гаргасанд нь гайхах хүн ч цөөнгүй байна.
8. Хөтлөгч П.Анужин
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр үзэгчдийн хүндлэл хүлээн олноо танигдсан хөтлөгч П.Анужин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөнө. Олон улсын хуульч мэргэжилтэй бүсгүй маань Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшинэ. Харин түүний өрсөлдөгч АН-аас Д.Арвин байх нь. Өнгөрсөн өвөл "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хар бичлэг алдагдаж, олон нийтэд цацагдсанаар П.Анужин "Херо интертаймент"-ынхнаас зам салахад хүрээд буй. Одоо харин улстөрд хүч үзэх нь.
9. Хөтлөгч М.Оюунчимэг
"ММ" агентлагийн захирал асан, сэтгүүлч М.Оюунчимэг МАН-аас УИХ-ын Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойргоос нэр дэвшинэ. М.Оюунчимэг нэгэн ярилцлагадаа УИХ-ын сонгууль болохоор эмэгтэй гишүүдээ сэмхэн цааш нь түлхчихдэг нь нууц биш. Одоо ийм шударга бус байдлыг халах, улстөрд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд бүр цаашлаад 40-50 хувьд хүргэхийн төлөө ирэх УИХ-ын сонгуулиас эхлээд маш хатуу тэмцэх цаг болсон" хэмээж байсныг харахад тэрбээр хэлсэндээ хүрчээ.
10. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар
Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар УИХ-ын Г.Уянгын Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэнэ. Тэр хэрвээ УИХ-ын гишүүн болчихвол оюуны өмчийг хамгаалж, монгол уран бүтээлчдийг дэлхийд гаргахаас эхлээд маш олон ажил төлөвлөөд байгаа гэнэ.
Г.Оюунтогтох
Эх сурвалж: Unuudur.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих