МАХН-ын дарга Н.Энхбаяр нөхдийнхөө хамт өлсгөлөн зарлаад хэд хонож байна. Тэрбээр эмчийн хяналтад байдаг мөртлөө ийнхүү өлсгөлөн зарласнаас болж бие нь муудаж эхэлжээ. Тэр өмнө нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлаж байсан. Харин энэ удаа мөн л адил шалтгаанаар өлсгөлөн зарлах болов. Түүнийг ирэх сонгуульд намынх нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших мандат олгосон ч, түүнийг ялтайд тооцох хугацаа дуусаагүй учир сонгуульд оролцох боломжгүй гэж үзэж буй аж.
Энэ тайлбарыг ч УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Түүний хэлж байгаагаар "Эрүүгийн хуульд зааснаар "ялтайд тооцох хугацаа” гэж бий. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр намайг уучилсан, Өршөөлийн хууль батлагдсан учир нэр дэвших боломжтой гэж тайлбарлаад байгаа. Гэвч түүний хуульд заасанчлан ялтайд тооцох хугацаа дуусаагүй” аж. Энэ нь түүнийг өлсгөлөн зарласан, эс зарласнаас үл хамаарч сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг нь УИХ-ын дарга хэлчихлээ.
Н.Энхбаярыг яалтай билээ. Ерөнхийлөгчийн уучлалыг хүлээсэн ч гэлээ нэр дэвших эрхгүй байна. Үүнээс болж тэрбээр өлсгөлөн зарлаж буй нь МАХН-ыг улам хүндхэн байдалд оруулах шиг. Түүнд нэр дэвших эрхийг нь өгчихвөл тэр шууд л дараагийн УИХ-ын гишүүн гэсэн үг. Парламентад суудал авчихвал магад дараагийн Ерөнхийлөгч ч болж мэдэх. Энэ нь АН, МАН-ынхан хийгээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэрхэвч хүсэх зүйл биш. Иймээс л Н.Энхбаяр гэдэг хүн Монголын парламентад орж, эрх мэдлийн үзүүрээс атгаж болохгүй байгаад байгаа юм. Яахав намынхан нь орж ирж болно, гол нь тэр өөрөө л тойргийн гадна үлдэх зарчмыг л эрх баригчид бариад байна.
Н.Энхбаяр өлсгөлөн зарлаад бие нь муудсан ч, түүнийг дэвшүүлэхгүй нь тодорхой. Ийм байхад өөрийн биеэ зовоож, улам муутган байж өлсгөлөн зарлах хэрэг МАХН-ынханд байна уу...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих