Өчигдөр Украин улсын нийслэл Киев хотын ойролцоох тосгонд өндөр настныг асрах газар гал гарчээ. Хоёр давхартай хувийн эзэмшлийн тус барилгад нийт 35 өндөр настан байрлаж байсан бөгөөд тэдний 17 нь галын үеэр амь үрэгдсэн байна. Онцгой байдлын нэгжүүд үлдсэн 18 хүнийг барилгаас аварсны 5 нь янз бүрийн зэрэглэлийн түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна.
Аврах, гал унтраах ажиллагаанд нийт 150 гаруй хүн оролцож, галыг орон нутгийн цагаар үүрийн 5 цаг 25 минутын үед цурманд оруулжээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр үүрийн 4 цагийн орчимд барилгад гал гарч эхэлсэн байна. Киев хотоос 42 км зайд оршдог Литочки тосгоны асрах газар тохиосон энэхүү эмгэнэлт явдалд Украины Ерөнхий сайд Владимир Гройсман гүнээ гашуудаж байгаагаа илэрхийллээ.
Украины Засгийн газар дээрх асуудлаар тусгай хороо байгуулж, галын шалтгааныг тодруулах мөрдлөг шалгалт эхлүүлээд байна. Эхний байдлаар өндөр настнуудыг байрлуулж байсан асрах газар нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ. Үүнтэй холбогдуулан тус асрах газрын эзнийг баривчилсан байна.
Мөн Украин дахь өндөр настны бүх асрах газарт үзлэг шалгалт явуулж, зөрчил бүхий газруудыг илрүүлэхийг тус улсын Шадар сайд холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих