УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах процесс ер нь улстөрийн намуудад хэрхэн явагддаг вэ, эрх мэдлийн төлөөх хөрөнгөтнүүдийн хоорон дахь өрсөлдөөн үү, төрийн эрхийг гартаа авч, намынхаа нэрээр улсаа үнэнээр нь засаглах гэсэн нөхдүүдийн өрсөлдөөн үү гэхчлэн асуултууд тавигдаж таарна. Лав л Ардчилсан намын тухайд энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ажиллагаа тунчиг их хэл ам дагуулж байна. Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал нь нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа дуусахаас 30 минутын өмнө болсон гэдгийг намынх нь нөхдүүд өөрсдөө хэлсэн. Бүхэл бүтэн 76 тойрогт нэр дэвшигчдээ тодруулах хуралдааныг 30-хан минутын дотор хийнэ ч гэж юу байхав. Нөгөө Сэлэнгэд нэр дэвших гээд бараагүй Л.Цандэлэгийн хэлснээр Зи дарга нь бие хамгаалагчдаар хүрээлүүлэн орж ирээд, 76 нэр дэвшигчийн нэгэнт тодорхой болсон нэрсийг уншсан гээд байгаа.
Ер нь бол АН-д Үндэсний Зөвлөлдөх Хороо гэж байхын хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Намын дарга нь өөрөө бүлэглэл фракцийн эрх ашиг эхэнд гэдгийг эрэмбэлэн харуулж байхад бусад нь ёстой лөөлөө байлгүй гэх ойлголтыг хаа хаанаа гүн гүнзгий авсаар байгаа юм. Гээд бас болоогүй, АН-ын дарга З.Энхболд намаасаа нэгэнтээ нэр дэвшүүлэхгүй гэж шийдсэн хүмүүсээ хаанаас ч байсан дэвшүүлэхгүй гэх бодлогыг барьж байгаа бололтой юм.
Ямартаа л "Тумбааш”-ын гэх тодотголтой Б.Батбаатар Ардчилсан намаасаа нэр дэвшиж чадаагүй тул Иргэний Хөдөлгөөний Нам руу гүйж очоод нэр дэвшчихэж. Тэгтэл Зи дарга нь уурлаад АН-ынхаа нэрийн өмнөөс Сонгуулийн Ерөнхий Хороонд гомдол гаргажээ. Гомдолдоо Иргэний Хөдөлгөөний Нам нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд манай Ардчилсан намын гишүүн Батын Батбаатарыг нэр дэвшүүлж байгаа нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Түүгээр барахгүй Иргэний Хөдөлгөөний Намыг нийт дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай асуудлыг гаргаж тавьсан байна. Тэгэхээр эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийг АН бол яаж ч зөрчиж, дур зоргоороо авирлаж болдог бололтой. Харин бусад нь бол нэр дэвшигчдээ ч тодруулж болохгүй гэж л ойлгогдож байна.
Тэгэхэд АН-ынхан хүүхдийн баярын өдрөөр л нэр дэвшигчдийнхээ жагсаалтад зоргоороо өөрчлөлт оруулж, баярлав. Увс аймаг дахь тойрогт нэр дэвшихээр болсон Б.Сүрэнжав болон Өвөрхангай аймагт нэр дэвшихээр болсон "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн Ч.Даваабаяр нар нэрээ татаж байгаагаа мэдэгдсэний цаана Зи даргын шийдвэр байсан гэдгийг улстөрийн хүрээнд хэдийнэ ярьцгааж байгаа. Зи даргын тухайд энэ сонгуульд намаа нам шиг оролцуулаад ард нь гарахын тулд ингээд яршиг төвөгтэй баахан алхмууд хийгээд байна уу гэж харахад хүргэж байгаа. Ядахдаа л Лүндээжанцантай бас нэг Лүндээжанцанг өрсөлдүүлэхээр болсон нь намын даргын нарийн мяндсан ухаан уу, эсхүл арга ядсан тактик уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз ээ.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих