Хорлоогийн Чойбалсан Жамц эцгийн хүү боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ. Багадаа Дугар нэртэй байсан (1895 оны 2 сарын 8 — 1952 оны 1 сарын 26) тэрээр 1930-аад оноос нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Бид энэ удаагийнхаа "Зураг бүхэн түүхийн гэрч” буландаа Чойбалсангийн хүүтэйгээ авахуулсан зургийг онцолж байна.
Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч, эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Нутгийнхны дунд:
"Дагуур гаралтай Жамц чинь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Орос, монгол хэл бичгийн сургуульд
Сэтгэлээ тайлах болсон шүү” хэмээсэн дуу гарч байсан гэдэг.
Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад найман монгол хүүхдийн хамт суралцжээ.
X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой: "Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн. Над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя” хэмээн Б.Гүндэгмаатай танилцуулаад салжээ.
Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байсан аж. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул хоёр хүүхэд өргөж авсан байна. Гэвч зарим эх сурвалжид Нэргүйг маршалын төрсөн хүү гэж тэмдэглэжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
medee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих