Цоохор Даваа нь өнөөгийн Алтай хотоос холгүйхэн Зун, Могой, заримдаа Сүхийн хоолой орчмоор нутагладаг байсан гэх.
Цоохор Даваагийн тухай хууч яриа олон бий. Түүнээс зарим нэгийг толилууьяа.
ЦООХОР ДАВАА ХЯТАД ЛУУХААНЫ ЖИНГ ТАЛСАН НЬ
Мичин жилийн (1920 он) өвлийн дунд сарын хуучдаар, (хаврын дунд сарын хуучдаар ч байж магадгүй) Цоохор Даваа нь өврийн Халзан Хамар, Далангийн Ногоон Жамц, бас Далангийн Гоонон Даш, Шаргын хоолойн Банхлуу нарын хэдэн харчуулын хамт Талын таван толгойн урд ганганд түр буудаллаад байсан Юншейхогийн пүүсийн Бээжин зүгээс Ховд руу татуулж буй томхон хөсгийг талчихжээ. Тэр хөсөгт хунз хунзаар боосон 76 тэмээ цай байсан байна. Тэр цагт нэг булан цайгаар хоёр хонь арилждаг ханштай, ер хятад булан цай арилжааны үндсэн нэгж болж байсан гэдэг. 16-аар багцалсан 4 багц нь нэг тэн болдог, нэг тэмээнд 128 цай ачдаг гэхээр нийтдээ 9 728 ширхэг цай бүхий нэлээд хөлтэй хөсөг байжээ. Үүнийг хонин дүнд шилжүүлбэл 40 мянга орчим хонь болно. Тэр цагтаа бүү хэл өнөө цагт ч асар их хөрөнгө билээ.
Хөсгийн даамал өвөрлөгч эр, бас хамгаалалтын хоёр гурван хүн эхний дайралтад тархиа хага цохиулан талийсан ба хамгаалалтад явсан хятад цэргүүд болон бусад дагалдаж явсан хүмүүсийн гутлынх нь улыг ханз ханз татаж орхиод явчихжээ. Бас тэр ачаанд нэлээд хэмжээний хятад хаймран шаахай байсан гэдэг. Хожим бүр 1950-иад он гартал тэр шаахайнуудын үлдэгдэл Тавантолгойн адгаар үзэгддэг байсан гэх.
Гай болоход тэр амьд үлдсэн хүмүүс дотор Цоохор Давааг сайн таних, Шаргын голд байх хятадын пүүсийн эзэн Тарган Баярт гэдэг луухаан байсныг мань эрс огтхон ч анзаарсангүй. Тарган Баярт нь урьд хоёр ч удаа Цоохор Даваагийн гарт өртсөн, өшиж занан, хорсож явсан хужаа байжээ.
Тарган Баярт луухаан Засагт хан Цэрэнгомбожавт нэлээд их хэмжээний зээл өгчихсөн байсан байна. Тарган Баярт тэр дариу сэмхэн Засагт ханы хүрээ орж, Цэрэнгомбожавтай уулзаад Цоохор Даваа Юншейхо пүүсийн ачаа хөсгийг дээрэмдсэнийг гэрчилж, хэрвээ Цоохор Давааг барьж, алдагдсан ачаа хөсгөөс нь олж өгөх аваас тэр хэмжээгээр өр зээлээс нь хаая гэсэн санал тавьсанд Цэрэнгомбожав ч уухайн тас зөвшөөрөв. Гэхдээ Цоохор Давааг шулуухан очиж баривчлаад хэрэг улайлгаж чадахгүйг мэдэх учир арга заль хэрэглэн, Урианхай Дайчин вангийн хошууны Мухар Маран гэгчид нэлээд хэдэн лан мөнгө өгч, Дайчин Вангийн Бөх Дорлигтой очиж уулзан, хөөрөг, гаанс зэрэг яг өөрийнх нь байнга хэрэглэдэг ямар нэгэн эд зүйлийг худалдаж авхуулахаар зарсан байна. Маран ч Бөх Дорлигийн пийцүү гаансыг үнэ цохин худалдаж аваад, агсарсан хэдэн тэмээ хөтлөөд Шаргын говийг гатлан Хөшөөтийн голд нутаглаж байсан Цоохор Даваагийнд хүрч очжээ.
Маран Цоохор Даваагийнд ирээд "Дайчин Вангийн Бөх Дорлиг намайг зарав. Тамчийн Хохимой Луухаанд хоёр зуун бог, хорин бод, хоёр хунз цайны өрөнд унаж, ацаглах малгүй арга мухар сууна. Ядахад сүүжний нүдээр хатгаад өөрөө хөлхөж чадсангүй. Эрхэм дүү нэгийг бодож туслах уу гэж Бөх Дорлиг хэлүүллээ” гэжээ. Цоохор Даваа сэжиглэсэн ч Мухар Маранг Бөх Дорлигийн пийцүү гаансыг гарган тамхилахад сая үнэмшиж, Таван толгойн адаг руу заган шугуйн гүнд нууж орхисон 40 хунз цайг зааж өгчээ.
Мухар Маран Цэрэнгомбожавын хүмүүстэй очиж өнөөх нуусан цайг олж аваад, буцаж Цэрэнгомбожавт хэл хүргэсэнд хошуу тамгаас Хүнд Балжир тэргүүтэй хуяг, арван тавны цагдаа нарыг Хөшөөт рүү хөдөлгөжээ.
Хошуу тамгаас хуягууд ирэхэд "Надад хошуу олондоо хийсэн буруу гуцуу зүйл үгүй билээ” гээд Даваа зугтаж зайлсан ч үгүй, эсэргүүцэж тэмцсэн ч үгүй. Хуягууд Даваагийн гарыг ард нь хүлээд, хөлийг нь морины гэдсэн доогуур холбож уяад, хөтлөн, хошууны төв зүгт биш харин хойш, Таван толгой чигт гарч явангуут хэрэг хэрхэн эргэснийг Цоохор Даваа гадарлажээ. Аз болоход тэр арван тавны цагдаа дотор урд Цоохор Даваагийн тус болж явсан Янзган Даваа гэдэг ижил нэрт нь явсан байна. Тэгээд Цоохор Даваа ийн дуу барьжээ:
Янзган зоотой шарга морь минь хө
Явдал дундаа бүдрэх юм даа хө
Янзыг нь олоод гарах юм бол хө
Яаж л ийгээд учирна шүү дээ хө
Хангал зоотой шарга морь минь хө
Хатираан дундаа л бүдрэх юм даа хө
Халзан Хамар дүүд минь хүргэх бол хө
Хариаж ирээд л авна шүү дээ хө
Тэр Янзган Даваа сүрхий сортоотой ч эр байж, Цоохор Давааг "Янзган...” хэмээн дуугаа эхэлсэн дариуд сэр хийж, улмаар дуулсан дууных нь утгыг ойлгоод, морь нь бүдрэнгүүт мориноосоо унаж, бэртсэн болоод хэвтжээ. Хүнд Балжир уурлан бухимдсан ч Янзган Давааг Хөшөөтийн амны айлд орхиод явахаас аргагүй болж, тэднийг далд ормогц Янзган Даваа морьдож урагш ааг амьсгаагүй давхисаар Шонт, Халзан Хамарын голд иржээ. Гэвч Халзан Хамарын голд Халзан Хамарынх байсангүй. Эрж хайж тэнэсээр хугацаа алдаж, Аржаргалангийн Битүүтэд ороод бүгчихсэн байхад нь сая нэг олж, болсон явдлыг дуулгажээ.
Халзан Хамар тэр дариу хэдэн хүн дагуулан мордсон байна. Энэ завсар Хошуу Тамгын Хүнд Балжир Цоохор Давааг хэргийн газарт буюу Таван толгойд аваачин, Тарган Баяртын хүмүүст тушааж өгчихөөд буцжээ. Тарган Баярт Цоохор Даваагийн нуусан 40 хунз цайг олоод авчихсан баяртай суусан ч, Цоохор Даваагийн араас түүний итгэлт нөхөд нь суллахаар ирж явааг гадарласан байна. Тэгээд 40 хунз цайгаа аваад зугтаан зайлж амжихгүй болсноо ойлгон, Цоохор Давааг тойруулан тэдгээр цайнаасаа өрж байгаад галдаж орхижээ. Хуурай цай хөрзөн мэт их илч гарган хурдан түргэн шатдаг гэнэ. Халзан Хамарыг ирэхэд Цоохор Даваа амь тавьчихсан байсан гэдэг.
Халзан Хамар Засагт ханы зартай сайн эр Цоохор Даваагийнхаа шарилыг загийн галаар нэг мөсөн хайлуулж, илгэн уутанд үнсийг нь хийж аваад, Тарган Баяртыг мөшгижээ. Гар, хөл урттай хүмүүсийн араанд зуугдсанаа мэдсэн Тарган Баярт Шаргын голд байх пүүсээрээ оролгүй, Ховд зүг шууд зугтаасан ч Ихэсийн хотгор орчимд гүйцэгдсэн байна. Халзан Хамар түүнийг барьж аваад чармай нүцгэлэн, хом шатанд тэлүүрдэн хүлээд, нуурын зэгсэн дотор тавьж, зэгсний шумуул, хэдгэнэ, дэлэнчийг гурван хоногийн турш хооллосонд Тарган Баярт шумуулын халуун болоод, тэсэлгүй үхжээ.
Ийнхүү монгол түмнийг өр зээлээр боомилон, хөлс хүчийг нь шумуул мэт сорон байсан Тарган Баярт хэмээх луухааны цусыг нутгийнхаа хэдгэнэ шумуулаар соруулж тонилгосон гэдэг. Халзан Хамар Тарган Баярт луухааныг зэгсэнд тэлүүрдэж, дэргэд нь итгэлтэй хүнээрээ мануулж орхиод, мань луухааныг дэлэнчид дэлэндүүлж, шумуулд шулуулж байх завсар Шаргын гол руу ухасхийн Тарган Баяртын пүүсийг талж, галдаад буцахдаа зүгээ буруулан барууншилж, Очирт хайрханы өврөөр баруун нурууг давж, Дайчин вангийн нутгийн зах руу орохдоо Бөх Дорлигт юу болж өнгөрсөн тухай хэл чимээ хүргүүлжээ. Тэндээсээ эртний сайн эрсийн шүтээн Хүүхэн Хутагтын овоогоор (эсвэл Сухантын хоолойгоор урагшилсан байх) дайран, Хар Азаргын цагаан зоогоор шуугиулан урагшилсаар Толь гүний хошуугаар өнгөрч, эргээд Бигэр номун хааны нутагт орж, Бигэр номун хааны нэгэн баян ламын уяан дээрээс нэг хар, нэг хар хээр хоёр хосгүй сайхан морь хөтлөөд, тодоос тод мөр үлдээн нутгийнхаа халз урдаас буцаж иржээ.
Бигэр номун хааныхан хар хэл аманд сайн, жатгач, хараалч гэгддэг байсан цаг юмсанж. Өнөөх лам морины хулгайчийн мөрөөр мөшгөсөөр Аржаргалангийн Битүүтийн эхэнд олж ирэхэд Халзан Хамар хоёр морийг нь хадгийн хамт эргүүлэн бариад, цайлж дайлжээ. Өнөөх лам цай уугаад мордохынхоо өмнө "Суганы товч тасарчихаж, охин минь торгоогоод өгнө үү” хэмээн Халзан Хамарын эхнэрээр суганыхаа товчийг торгоолгосон гэдэг.
Ламыг хоёр морио хөтлөөд Аржаргалангийн Хөшөөтийн хөтлөөр давсан цагаас хойш Халзан Хамарын залуу эхнэрийнх нь хоёр суга дахиж хэзээ ч сөхөгдсөнгүй, зөвхөн тохойгоороо л хөдөлдөг болж орхижээ. (Нагац эмэг эх Лхамсүрэн маань 1975 оны үед 80 нэлээд дээр гарсан хойно насан хутаг олсон бөгөөд, төдий хүртэл хоёр гар нь сугаараа ер сөхөгдөж байгаагүй гэдэг билээ). Тэр лам ирэх замдаа Шонтын хороогоор орж айлд цай уугаад мордох зуураа, "Морины хулгайчийн эхнэрийг нь шижин болгочихдог юм билүү, тахир болгочихдог юм билүү?” гэж ярьж явсан гэдэг. Хадаг барьж, цайлж дайлсанд хорсол жаал намдаж, хоёрдахь сонголт буюу тахир болгосон нь тэр байж. Хэрвээ шижин болгосон бол хэрхэн зовох байсан нь тодорхой.
Төд удалгүй Халзан Хамарыг арван тавны цагдаа нар баривчлан Арын хүрээнд авчирч Тарган Баяртыг хороосон хийгээд Шаргын голын хятад пүүсийг хайлуулсан хэргийг тулгажээ.
Халзан Хамар хэргийг хүлээсэнгүй тул хонгор азарганд* мордуулж, эрүүдсэн байна. Есөн хоног хонгор азарганд мордсоны хойно, аргагүй улайж, "Би гэм хийсэн минь үнэн билээ. Гэхдээ тэр өдрүүдэд хойт зүгт биш, харин эсрэг урд зүгт Бигэр номун хааны тийм тийм газраас, тийм айлаас тийм, тийм зүсмийн морьд хулгай хийж явсан бөгөөд эзэнд нь баригдаад эргүүлж өгсөн болно. Тэр хүнийг авчирч гэрчлүүл гэсэнд Бигэр номун хааныхаас өнөөх ламыг авчран гэрчлүүлээд Халзан Хамарын хэлсэн нь үнэн байсан тул суллан тавихаас өөр аргагүй болсон байна.
Халзан Хамар Арын хүрээнээс ирж биеэ тэнхрүүлж авсны хойно Засагт ханы шилийн сайн эр Цоохор Даваагийнхаа чандрыг Алтайн нурууны 13 оргил их овоонд өргөж хүндэтгэсэн гэдэг.
Дайчин вангийн Бөх Дорлиг өөрийнх нь нэрийг барьж, Цоохор Давааг хуурч, баривчлуулан улмаар амь эрсдэхэд хүргэсэн Мухар Маранг барьж аваад Хасагийн Зуух баатар гэгчид худалдсан гэх ба тэр цагаас Мухар Марангийн сураг нэгмөсөн тасарчээ.
БАРУУН ЛАМ ЦООХОР ДАВААГИЙН ЦЭЭЖИНД УЛАЙТГАСАН ЛАНТУУ ТАВИХ ГЭСЭН НЬ
Баруун нутагт Жаа лам буюу Дамбийжанцанг Баруун лам гэж дуудах билээ. Баруун лам хүн тамлаж, зовоохдоо их ч дуртай хүн байжээ. Нүдийг нь ухах, өвчүүг нь хадан зүрхийг нь сугалах, хөл гарыг нь тасчих, арьсыг нь амьдаар хуулах, төмсгийг нь сугалах гэх мэтээр олон хүнийг зүүдэнд ч оромгүй аймшигтайгаар тамлаж тарчлаадаг байжээ. Ташуурдах, манчуургадах бол түүний хувьд бараг хайрлаж энхрийлэхтэй зэрэг нийлэх явдал байсан аж.
Түүний эрүү тамлалтыг харж эгдүүцэн дургүйцсэн нутгийн хэсэг эрс Баруун ламыг алахаар сэм хуйвалджээ. Шаргын голд Баруун лам их ч гүн худаг ухуулсан ба түүнээ эргэж үзэхээр ирэхэд нь түлхэж унагаад дарахаар Ногоон Жамц, Цагаан Жамц, Үржин зэрэг хэдэн эрс ярилцан тохиролцсон байна. Гэтэл хэрэг илэрч, тэдгээр эрсийг бүгдийг нь барьж хүлээд, эрүүдэж гарчээ. Том лантуу мах шиг улайтгаад хонгоных нь махан дээр тавихад түлэгдсэн махны хиншүү, хярвас гэр дүүрээд, мах нь дуусч ясанд нь тулаад зогсдог байна. Тэгээд зуны халуунд гадаа нүхэнд хаячихаар тэр шарх нь өтөж, өтөндөө идэгдсээр ихэд зовж нас бардаг ажээ. Хоёр Жамцын нэг нь шархаа даалгүй өнгөрч, нөгөө нь тэсэж үлдсэн ба тэр хожим 40-өөд онд Улсын сайн малчин болж мандаж явсан гэдэг. Үржингийнх нь өрцөн дээр улайтгасан лантуугаа тавьхад өрц нь цоороод элгийг нь түлэхэд хүн маш ихээр тарчлан орилж байж нас барсан байна.
Баруун лам энэ хэрэгтээ нэг бус нэлээд хэдэн хүнийг хардан баривчилсан ба Засагт ханы шилийн сайн эр Цоохор Давааг ч хуурч авчраад баривчлан тамлах болжээ.
Тэгээд улайтгасан лантуугаа бариад цээж нүцгэн хүлээтэй хэвтээ Цоохор Даваа руу хүрч ирэхэд мань сайн эр,
- Чи муу орон гэргүй цагаач олдсон цагаандаа цадаад овоо дориун болжээ дээ. Ингэхийг чинь мэдсэн бол Ахай бээсийн хошуунд гахай нүцгэн, нохой явган тэнэж явахад чинь доголон морины сүүлнээс чиргүүлээд өмхий хүрэнгийн нүх рүү өгөр толгойгоор чинь чихэж орхидог байж. Тэгэхэд хөл залгуулж, Засагт ханы босго давуулсан минь засашгүй алдаа буруу болсон байна.
Ар дөчин есөн,
Алшаа арван хошуунд
Ац гээд атгаж чадаагүй,
Альяа гээд эсгэж чадаагүй
Арван засгийн тамганд
Атирч үзээгүй
Атаа тэнгэрийн ивээсэн
Аав ээжийн бүтээсэн
Тамиртай цагаан өвчүү минь байна.
Тавьж чаддаг бол тавь чи, наадхаа.
Улиастайн амбаны тахар урж хүчрээгүй,
Урианхай долоон хошууныхан өшиж хөндөөгүй,
Урагшаах тавин газрынхан өшиглөж хүрээгүй
Өр минь, элэг минь байна, тавьсугай.
Ёо гэж дуугарвал
Ёр болог
Ган хийж дуугарвал
Гамшиг болог гээд шазуураа зууж, өмнөөс нь цээжээ түхийлгэж өгчээ.
Улайтгасан лантуугаа бариад дээрээс нь тонгойж байсан Баруун лам үүнийг сонсоод гэнэт зогтусан цочиж, лантуугаа хажуу тийш нь чулуудаж орхиод бөгсөөрөө лаг хийтэл суун туссан байна.
Тэгээд "Засагт ханы сайн эр чамайг ямар шийртэй болохыг тэнсэж үзлээ. Ар өвөр хошуу, баруун газруудад дэмий нэрийг дуудуулсангүй ээ, чи. Мууг санасангүй, өш өвөрлөсөнгүй” гэж хэлээд шан харамж өгч суллажээ.
Энэ явдлаас хэдхээн жилийн өмнө Баруун ламыг 1918 онд Астраханы цөллөгөөс суллагдаад Ахай бээсийн хошууны зах буюу одоогийн Хөвсгөлийн Мөрөн орчим явган нүцгэн зутарч явахад нь Цоохор Даваа таарч, унд хоол, унаа хөл залгуулан Засагт ханы хүрээнд хүргэж өгсөн гэдэг.
Баруун лам эхэн ирэлтийнхээ үеэр Урианхай дайчин бээсийн хошууны нутаг Алагхайрханы бэлд, одоо нэгэнт Хасагийн хар толгой, Хасагийн хар үзүүр нэртэй болсон газарт хасагийн бүлэг дээрэмчдийг ихэд дарж, устгаад тэдний толгойлогч Хайсан гэгчийг олзолж авчээ. Түүнийг сонссон эх нь Байтагийн цаанаас арван мянган хонь тууж ирээд, Баруун ламд бараалхан хүүгийнхээ амийг золио төлөн авахыг гуйжээ. Баруун лам хүүгийн чинь амийг үлдээе гэж амласан боловч энэ хооронд түүний яргачин хүүг нь тэлүүрдэж байгаад амьдаар нь арсыг нь өвчиж байжээ. Ингэж арьсыг нь өвчихдөө ар нуруунаас нь эхэлж яраад хөлийнх нь тавхайныг арьсыг бүтэн хуулах байдлаар үргэлжүүлдэг байна. Ар нуруунаас нь өвчиж дуусгаад дээш нь харуулах үед шархаа даалгүй тэр эр амь тавьчихжээ. Баруун лам арьсгүй улаан нялга болсон цогцсыг цагаан даавуунд боогоод эхийнх нь өвөр дээр авчирч тавьсанд эх тэр дороо галзуурсан гэдэг.
Тэгээд тэр Хайсан гэгч хасаг дээрэмчний арьсыг хот хүрээнийхээ хаалганы дэргэд тэлүүрдэж хатаасан байсныг Бурдуков хэмээх Хаант оросын туршуул, худалдаачин Баруун ламаас мөнгө төлж аваад Петербургт илгээсэн нь өнөө ч Эрмитажын музейн үзвэрийн нөөцийн газарт .... дугаартай үзмэр болон хадгалагдаж байгаа гэнэ.
Ер нь энэ мэт баруун нутаг даяар зурвасхан хугацаанд хар дарсан зүүд мэт айхтар харгис хэрцгийгээрээ цууд гарсан Жаа лам буюу Баруун лам Цоохор Даваагийн хэлэмгий бөгөөд занасан үг, эрэмгий төрхөөс сүрдэн эрүүдэн тарчлааж чадалгүй шан харамж өгч, суллан явуулж байжээ.
Б.Номинчимэд
Зургийн тайлбар:
1. Шилийн сайр эрсийн талаар өнөөгийн зураачдын төсөөлөл зураг.
2. Хятадын доншуур наймаачин. Тэд явган нүцгэн шахуу их говийг гатлан монгол нутагт хөл тавиад төд удалгүй хөлжин, тарган тарган луухаанууд болж хувирдаг байсан гэх...
2. Хуучин цагт сүрэг тэмээ орчиход үзэгддэггүй байсан гэх Таван толгойн адаг орчмын их заган шугуйн үлдэгдэл.
3. Тэмээн жингийн цуваа
4. Хонгор азарга* - Манжийн үеийн эрүү шүүлтийн нэг. Хэвтэх, нуруу тэнийх боломжгүй гар хөлийг нь агдлан модон гавд бэхэлдэг. Удаан хугацаанд ийн хөшиж суухаар хүний нурууны үеүд мултарч, тэсгэлгүй бэрх шаналдаг байна.
|
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих