Өчигдөр УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд оролцох нам, эсвэл болоод бие даагчдын нэрсийг албан ёсоор танилцуулж СЕХ-ноос батламж гардууллаа. Тодруулбал, 12 нам, гурван эвсэл 69 бие даагч буюу нийт 498 нэр дэвшигчийг албан ёсоор танилцуулав.
Энэ удаагийн сонгуулийг урд хожид болж байгаагүй хамгийн "бохир" сонгууль болох магадлалтай гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярилцаж байгаа. Тэгвэл тэдний хамгийн түрүүнд ил болгож буй "хар PR" нь аль нэг тойрогт сонгогдох магадлалтай байгаа хүнтэй адилхан овог, нэртэй хүнийг аль нэг намаас нэр дэвшүүлэх ажиллагаа юм гэнэ.
Үүнийн нэг тод жишээ нь Дархан-Уул аймгийн 44 дүгээр тойрог юм. Уг тойрогт МАН-аас Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан, МАН-ын Бага хурлын гишүүн Б.Жавхлан нэр дэвшихээр болжээ. Түүнийг Дарханчууд нь дэмжих магадлал хамгийн өндөр гэнэ. Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн тэрбээр өнгөрсөн 2010 оноос хойш Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Дараагийн нэр дэвшигч бол АН-ын Н.Мөнхдаш. Дарханы АН-ын дарга, араасаа байнга хэл ам дагуулж суудаг ах дүүсийн нэг болох Н.Мөнхдаш энэ тойрогт нэр дэвшихээр болжээ. Аймгийнхаа хурал дээр эсрэг намынхаа төлөөлөгч рүү салаавч гаргаж, намаа хоёр хуваасан гэх шүүмжлэлийг сонсож явсан тэрбээр ямартаа ч нутагтаа хүч үзэхээр ийнхүү шийдсэн байна. Харин МАХН-аас тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, "Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс УИХ-ын дэд даргын бие төлөөлөгч Ц.Ивээлт, Бүгд найрамдах намаас Инфрасистемс ХХК-ийн захирал П.Мөнхцогт, Иргэний хөдөлгөөний намаас Т.Амгалан, Ард түмнээ хайрлая намаас М.Идэрпүрэв, Монголын уламжлалын нэгдсэн намаас Монфрут Гранд ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлан нар нэр дэвшихээр болжээ.
Хэрэв анзаарсан бол Б.Жавхлан гэх нэр хоёр байгаа юм. МАН болон Монголын уламжлалын нэгдсэн намаас нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн овог нэр нь үсгийн зөрөөгүй ижил байгаа юм. Үнэхээр ижил нэртэй нэр дэвшигчид нэг тойрогт санаандгүй таарсан уу эсвэл энэ сөрөг хүчин намын санаатай санал хуваах бохир явуулаг уу гэдэг нь яах аргагүй хардлагыг төрүүлж байна. Мэдээлэл багатай иргэд сонгуулийн өдөр үүнийг андуурахгүй гэх газаргүй. Хамгийн гол нь Б.Жавхлан гэдэг нэрээр хүчтэйд тооцогдоод буй өрсөлдөгчийнхөө саналыг хуваах бодлого гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
Ер нь ард түмнийг доромжилж байгаа мэтээр ингэж аашилж байгаа нь хэр зөв бэ. Эсвэл Дарханчуудыг огт бичиг үсгийн чадваргүй гэж бодоо юу. Аль нь ч байсан хэрээс хэтэрсэн энэ мэтийн муйхар үйлдлээ зогсоох нь зөв байх. МАН-аас нэр дэвшиж байгаа Б.Жавхлан, хэн нэгний явуулгаар шидсэн нэр дэвшигч Б.Жавхлан хоёрыг хараад ялгаад салгаад саналаа өгчих чадвар Дарханчуудад байгаа нь лавтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих