(Нэг хүний өчүүхэн дурсамж)
1930-аад он лав гартал, Увс аймгийн
Улаангом хот, дунд байтугай бага сургуульгүй байж. 1936 онд, Алтайханы
хошуу тамгын бага сургуулийн дөрөвдүгээр анги төгссөн Алтанцөгц сумын
Баатар, Цогт, Бааст гэдэг гурван сурагч, намар нь Ховд аймгийн яамны
дэргэдэх дунд сургуульд суралцахаар дөрөв-таван өртөө газар морин
өртөөгөөр явж ирсэн… Бага сургуулийг бид, уг нь овоо хэдүүлээ дүүргэсэн
юм. Бидэнтэй хамт төгссөн бусад сурагчийн эцэг эхүүд "Үр хүүхдээ хол
газар явуулахгүй. Халхын хүүхдүүд үр хүүхдийг маань яаж ч мэднэ” гэж
болгоомжилсон байна.
Энэ бол цаанаа хүүхдээ сургуульд
явуулахгүй гэсэн санаа. Өөр ямар шалтгаан байх билээ. Алтайханы хошуу
тамгын бага сургуульд Тува, Дөрвөд, Алтанцөгц, Сагсай сумын урианхай
хүүхдүүд, ганц нэг казах хүүхэд суралцаж байсан. Тэр казах хүүхэд,
сурагч бидэнтэй танилцаж, сургууль сайхан гэсэн бидний ятгалгад автаж,
сонирхлоороо бидэнтэй цуг хичээлд суусан хэрэг.
Бид түүнд дэвтэр, харандаа илүүчилж
гаргаж өгсөн. Тэр хүүхдийн нэрийг Сагыдолда гэх. Тэгтэл, эх нь ирж,
хичээл рүү дайран орж, хүүхдээ чирч гаргах гэхэд Сагыдолда хичээлээс
гарахгүй гэж чагтгалсан. Хүүхэд чинь ном үзэх дуртай байна. Монгол хэл
мэдэж байна. Ном сураг л даа! гэж бид гуйхад Сагыдолдагийн эх аман
дотроо хараал ерөөлийн алин болохыг мэдэхгүй… юм өгүүлээд дээлийнхээ
энгэрийг бариад (базаад) гарч одсон. Энгэрээ тэгж барих нь тэдний зан
үйлийн нэг аж. Сайн зүйлд тэгж, эмэгтэй хүн энгэрээ барих ёсгүй юм
билээ. Баатар, Цогт бид гурвыг ийнхүү Ховд аймгийнхаа яамны сургуульд
ирсэн жил, бага сургууль маань өсч 5-р анги анх нээсэн байна. Увсаас
Дорлиг, Төрбат, Банди, Дүүзээ, Жиржгээ, Цэжээ, Цэвгээ, Биниа (бид Буниа
гэх) зэрэг сурагчид ирсэн.
Тэд, аймагтаа бага сургууль төгссөн
аж. Тэр үед шуудан харилцаа байгаагүй "ЗИС-5” гэдэг машин тээвэрт гүйдэг
болж, Увсын сурагчид, анх удаа машин дээр "заларч” ирсэн байх. Үгүй бол
морин өртөө дамжиж ирсэн ч байж мэднэ.
Ингээд дундад сургууль маань халх,
казах, дөрвөд, урианхай, торгууд, захчин, өөлд, мянгад, баяд, хотон
хүүхдийн төв болов. Дөрвөд хүүхдүүд авьяаслаг. Тэдний дотор туульч,
үлгэрч, дууч хүүхэд байсан бол торгууд хүүхдүүд бүүр лут авьяастай байв.
1939 онд бид дунд сургуулийн 7-р анги
төгсөв. Биднийг Улаанбаатар луу сургуульд явуулах гэтэл газар хол, унаа
машин ховор, сурагчид бие бялдар бага гээд нэг жил өнжөөж 7-р анги дээр
нэг анги нэмж, 1940 онд бид 8-р анги төгслөө.
Биднийг VIII анги төгсөхийн өмнөхөн,
МАХН-ын X Их хурал болов. Их хурлын төгсгөлөөр сонгууль болж МАХН-ын Төв
Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ю.Цэдэнбал гэдэг хорь гаруйхан
настай хүү сонгогдов.
Тэгсэн чинь аймгийн Төвийн ганц бага
сургуулийн захирал Цагаанхичиг багш, хөл нь газар хүрэхгүй баярласан,
хэлэх сайхан үгээ олж ядсан хүн гараад ирэв. Цагаанхичиг багшийг би
мэднэ. Дунд сургуулийн сайн сурлагатай сурагч Өөлдийн Дамдинжав,
Мянгадын Мияажав, Хуягийн Цэдэндорж, Урианхайн Бааст нар VIII анги
төгсөх жилээ Цагаанхичиг захиралтай бага сургуульд хичээл заадаг байсан
юм чинь…
Цагаанхичиг захирал юуны учир тийнхүү
баярласан бэ гэвэл Цэдэнбал гуай намын Төв хорооны ерөнхий нарийн
бичгийн дарга болон тодрон гарч ирсэнд байлаа. Цэдэнбал гуай Увс аймгийн
дөрвөд хүүхэд. Увс аймаг бага сургуулыүй байхад, Цэдэнбал гуай дөрвөд
хүүхдүүдтэй цуг Ховдод ирж бага сургуульд суралцсан юм байна. Бага
сургуульд суралцсан жилүүдэд Цагаанхичиг, Цэдэнбал гуай хоёр тэрүүхэндээ
төө зайгүй үерхсэн найз нар байсан юм байна. Цэдэнбал гуайг Цагаанхичиг
багш янз бүрээр магтаж байна. Манай захирал уг нь тийм сүрхий яриа
хөөрөө хүн биш, онигордуу нүдтэй дандаа газар,-шагайсан маягтай, хоёр
гараар дугуй тойрог үүсгэх маягтай даялж явдаг хүн байлаа.
Олон жилийн дараа Цэдэнбал гуай нэг
удаа, баруун аймгуудад ажлаар явсан. Тэгэхдээ, Ховд аймагт багын найз
Цагаанхичигтэйгээ уулзаж, ёстой л үзсэн, сурсан ажиллаж амьдарснаа
хоёулаа, нэгэндээ ёроол уудлан хөөрөлдсөн байдаг…
Цэдэнбал гуайд тэр үед, Цагаанхичиг
анд нь, настай болж байна. Хотод амьдрах санаатай байгаагаа дурсахад
"Чи, хэзээ нь хамаагүй, хотод орсон даруйдаа надтай заавал уулзана шүү”
гэж Цэдэнбал дарга захисан байна.
Цагаанхичиг багш, сүүлд хот орж ирээд
Цэдэнбал гуайтай уулзахад түүнийг зуун хорин мянгатад байр сууцтай
болоход нь дэм тус болсон. Бүүр сүүлд, багш нарын баяраар, олон жил
хөдөө нутагт ажиллаж, ардын үр садыг сургууль соёлоор хүмүүжүүлэх ажилд
багагүй хүчин чармайлт гаргаж ажилласныг нь үнэлж, Монгол Улсын Гавьяат
багш цол олгуулсан байдаг.
Цагаанхичиг багш яах вэ, тэр дээр цагт
олон жил сургууль соёлын ажил, хүүхэд багачуудын ирээдүй хойчийн хувь
заяаны төлөө үсээ цайтал зүтгэснийхээ ачийг сайн нөхрийн буянаар ийнхүү
үзсэн байна.
Гэтэл манайд, хүн бүрийд ийм хувь ерөөл тэр бүрий таарахгүй шүү дээ! Таарах ч боломж тэр болгон тохиолддоггүй.
Цэдэнбал даргатай би Монголын Зохиолчдын байгууллагын буянаар, зохиолч гэгдэх болсны ачаар хэд хэдэн удаа уулзсан азтай хүн.
Монголын Зохиолчдын нэг их хурлын
өмнөхөн Цэдэнбал дарга тэргүүтэй МАХН-ын Төв Хорооны улстөрийн товчооны
гишүүн Л.Цэнд, Д.Төмөр-Очир нар хэсэг зохиолчийг уулын амны харшид
хүлээн авч уулзсан. Тэрхүү уулзалтыг Цэдэнбал дарга өөрөө нээж:
-Болох гэж байгаа манай Их хурлын үйл
ажиллагаа ямар асуудалд хандах, зохиолчид, түүний байгууллагын үйл
ажиллагааг чухам юунд чиглүүлэх, Их хурлаас ямар шийдвэр гаргах,
зохиолчид өөрсдийн боловсрол мэдлэгийг цаг үргэлж дээшлүүлж байх,
ялангуяа урлан бүтээх үйлстээ цаг ямагт хатуу шаардлага тавьж байх…
Үүний тулд ЗХУ-ын зохиолчид, Дэлхий дахины олон улсын шилдэг тэргүүний
зохиолчдын ололтоос байнга, уйгагүй суралцаж байхыг онцлон анхааруулж
байж билээ.
Ер нь Цэдэнбал даргын хүмүүст тавьдаг
нэг гол шаардлага нь хүмүүсийн өөрийгөө боловсруулах явдал байсан.
Үнэндээ боловсролгүй хүн, бусдыг боловсор, суралц гэж шаардах амаргүй
шүү дээ.
Тэгээд Цэдэнбал гуай,
-Энэ уулзалтад оролцож байгаа зохиолч
та нар өөрсдийн санаж бодсоныг шулуун шударга ярина бизээ! Бид, та
бүхний юу эрж, хүсч байгааг сонсох, манай орны утга зохиолын амьдралд юу
дутагдаж байна. Түүнийг цаашид яаж засч залруулах талаар та бүхний
санаа оноог сонсох гэсэн хэрэг.
Ингээд, уулзалтаа үдээс өмнө дуусгая гэв.
Ц.Дамдинсүрэн гуай, Ринчен гуай гээд
манай ахмадууд эхлээд ярьсан. Бидний ярианд цаг тогтоогоогүй. Нэг
мэдэхнээ л үдийн хоолны цаг болчихсон байв.
Биднийг үдийн зоогт урьсан. Зоогийн ширээн дээр шилтэй цэнхэрийг зөндөө л тавьсан байв. Цэдэнбал дарга:
-Бидний уулзалт яриа үдээс өмнө
багтсангүй. Үг хэлэх хүмүүс цаана нь байгаа л биз! Нэгэнт уулзсаных
сайтар ярилцаж авах нь дээр биз! Ингээд, та бүхэнд зориулж үдийн зоог
бэлдсэн байна. Эрээ цээргүй идэж ууцгаа. Ширээнүүд дээр архи тавьсан
байна. Зохиолчид, хэзээний л уудаг нэртэй улс!. Та нарын дотор тэр
уудагууд байгаа л биз!(зохиолчид инээлдэв) Нэрэлхэх, эрээлэх хэрэггүй.
Уудаг нэг нь ууна л биз! гэж хэлсэнсэн.
Үдээс хойш үргэлжилсэн уулзалт дээр П.Хорлоо гуай тэргүүтэй олон хүн үг хэлсэн.
П.Хорлоо гуай:
-Төр засаг зохиолчдодоо ийм том
хүндэтгэл үзүүлсэнд би маш их баярлаад, хэдүйгээр архи уудаггүй ч хоёр
гурван хундага татчихсан чинь бүр зориг зүрх орчихлоо гээд урагшаа хэд
алхаж, дарга руу ойртсонд, бид баярлаад, алга ташин шуугиж билээ.
Би үг хэлэхдээ:
-Зохиолчдын Хороонд овоо хэдэн жил
ажилласан нь би байх. Би, энэ хороонд нилээд хэдэн даргын царай харлаа.
Дарга ер нь тэсгээдэггүй газар юм. Тэгэхээр ажил яаж сайн байх вэ! Энэ
айлыг байнгын даргатай болгож өг! Удвал, Э.Оюун хоёрын хэн нэгээр дарга
тавьж, энэ айлыг эзэнтэй болгож өг гэсэн. Тэр уулзалтаас хойш, урт
хугацаа өнгөрөөгүй дээ! Зохиолчдын ” хорооны даргаар нөхөр Удвал ирсэн.
Яг 60 жилийн өмнө манай улсын өмнө хил
дээр ЗХУ, БНМАУ, БНХАУ гурвыг холбосон байнгын ажиллагаатай өргөн төмөр
замын хөдөлгөөн нээх ёслолын үйл ажиллагаа боллоо…
ЗХУ-аас СССР-ийн Тээврийн яамны сайд
Бещев тэргүүтэй төлөөлөгчид, Улаанбаатарт ирсэн. Төмөр замын нээлт бол
манай орны амьдралын түүхэнд том байр суурь эзлэх түүхт үйл явдал билээ.
Тийм учраас Монголын бүх ард түмний төлөөлөгчид энэ баярт оролцох нь
мэдээж.
Бүх аймгаас тэргүүний шилдэг малчин,
бусад газраас сайн ажилтай ажилчин, сэхээтний янз бүрийн салбарын
төлөөлөгч гээд нийтдээ 350 хүн явсан шиг санах юм. МАХН-ын ТХ-ны
Ерөнхий нарийн бичгийн Дарга Цэдэнбал гуай өөрөө төлөөлөгчдийг даргалж
явсан. Даргатай цуг манай нам засгийн удирдагчид бараг бүгдээр явсан
байх…
Ардын уран зохиолч Бөхийн Бааст
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17505
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих