Аав нь Бразилийн унаган индиан овгийн хүн бол эх нь африк гаралтай бразил эмэгтэй. Гарринчагийн эцэг эх тун ядуу зүдүү амьдардаг байж. Таван хүүхэдтэй айлын хоёр хүүхэд нь өлсгөлөн, өвчний улмаас багадаа нас барсан нь үүнийг илтгэнэ. Тарчиг амьдрал дунд өссөн Гарринча багаасаа л эцэг эхдээ тус дэм болохын тулд ой модноос жимс түүж, түүнийгээ зардаг байжээ. Эцэг Амаро нь архинд донтчихсон шахуу нэгэн байсан тул Гарринча ч эцгийгээ бүр хар багаасаа дагаж, 4-тэйдээ анх согтууруулах ундааны төрлийн зүйл амсаж, 10-тайгаасаа архи ууж, тамхи татах болсон байна. Харин яагаад Гарринча гэж нэрлэсэн тухайд бол хотын ойролцоохь ойд тун ойр амьдардаг Гарринча гэж нэрлэгддэг шувууд байж л дээ. Гарринча тэдгээр шувуудыг тун сурамгай барьж чаддаг гэнэ. Нэг өдөр эгч нь түүнийг "Чи их олон шувуу барих юм. Удахгүй чи өөрөө гарринча болчихвий дээ” гэж хэлсэнээс түүний Гарринча гэх нэр үүдэлтэй юм байна.
Гарринча бразил хөвгүүдийн жишгээр хөлбөмбөгт шимтэн дурлажээ. Ялангуяа өрсөлдөгч багийнхаа хүүхдүүдийг ээлж дараалан хуурах, хоёр хөлийнх нь хоорондуур бөмбөгөө гаргахдаа тун их таашаал авч, баясдаг байж.
Сургуульд явсан ч гэсэн уншиж бичиж бараг сураагүй тул дөрөвдүгээр ангиасаа гарсан гэнэ. Түүнийг 16 настайд эх нь нас баржээ. Эцэг нь удалгүй өөр эмэгтэйтэй нийлсэн аж.
Хөлбөмбөгчийн хувиар бол Гарринча эхлээд нутгийнхаа "Пау Гранди” багт тоглож байж. Дараа томоохон багт очихоор олон багт шалгуулж үзсэн ч нэг л эвээ олохгүй байлаа. "Васко Да Гама”-д шалгуулах гэтэл пүүзгүй хөл нүцгэн ирлээ гээд шалгаруулалтад оруулахаас татгалзжээ. Дараа нь "Сан Кристован” багт шалгуулаад хариугаа сонсох гэтэл "Орой хариуг нь хэлнэ” гэж. Гэтэл орой гэхээр вагон явчих гээд, хүний нутагт газар мэдэхгүй хүү ганцаараа үлдчих гээд байсан тул хариуг нь сонсолгүй гэртээ харьчихаж ч байсан удаатай гэнэ. Ингээд явж явж "Ботафого”-д шалгуулахаар болжээ. Шалгуулахын өмнөхөн түүнд "Чиний эсрэг Бразилийн шигшээ багийн зүүн захын хамгаалагч Нилтон Сантос тоглох болно шүү” гэж сануулж. Гэтэл талбайд гараад удалгүй Гарринча өнөөх алдартай хамгаалагчийн хоёр хөлийн хоорондуур гурван ч удаа бөмбөгөө гаргаж хуурч, тавлаж орхисон байна. Үүний дараагаар Нилтон "Залуу их сайн байна шүү” гээд мөрийг нь алгадсан гэдэг. Хожим Гарринча энэ талаар дурсахдаа "Нилтон тэр мөчөөс хойш хөлбөмбөгийн загалмайлсан эцэг минь болсон. Хэрвээ миний амьдралын замд Нилтон шиг хүн олон таарсансан бол би ийм их зовлон үзэхгүй байсан даа” гэж хэлсэн байдаг.
Ингээд Нилтон Сантос дасгалжуулагч Кардозогоо ятгаж гарчээ. Гэхдээ ингэж хэлсэн байна "Хэрвээ энэ хүү өөр багт тоглохоор болчихвол би тайван унтаж амарч чадахгүй. Харин энэ хүү манай багт тоглох болвол бусад багийн хамгаалагчид тайван унтаж чадахгүй” гэж. Ингээд "Ботафого” түүний төлөө 500 крузейрог нутгийнх нь "Пау Гранди” багт төлж, өөрийн болгожээ.
Гарринчагийн тоглолтуудын статистик дүнгийн талаар нэг их нуршиж дурьдаад хэрэггүй биз. Тэр ямартай ч "Ботафого”-гийн төлөө 1953-1965 он хүртэл 569 тоглолтод гарахдаа 249 гоол оруулсан юм.
1957 онд "Ботафого” шинэ дасгалжуулагчаар Жоан Салданьяг томилсон байна. Салданья Гарринчад хөлбөмбөгийн эрх чөлөөг бүрэн олгожээ. Салданья багийнхандаа хандан "За, та нар баруун жигүүрийг тэр чигээр нь Гарринчад бүрэн найд. Өөрийн хаалганаас авахуулаад өрөөлийн хаалга хүртэл баруун жигүүр тэр чигээрээ Гарринчагийнх шүү. Багийн бусад тоглогчид төв юмуу зүүн жигүүрт л тоглоно. Гарринчагийн жигүүр рүү ойртож ч болохгүй. Та нар зүгээр л түүнээс дамжуулалт хүлээж, цохилт хийхийг нь л харж яв” гэж тушаажээ. Гарринча дасгалжуулагчийн энэ шийдвэрийн дараагаар ёстой жигүүртэй юм шиг тоглож эхэлсэн байна.
1958 онд "Ботафого” Аргентиний "Ривер Плейт”-тэй Мексикт тоглох үеэр Гарринча өрсөлдөгчийгөө удаа дараалан уулга алдтал хуурсаар байсан тул үзэгчид "Оле” гэж хашгиран дэмжсээр испани хэлтэй хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийн энэ алдарт үг Гарринчагийн гайхалтай тоглолтоос үүдэн үүссэн ажээ.
Гарринча хэдийгээр багийнхаа од байсан ч гэсэн бусад хөлбөмбөгчидтэйгээ адилхан л цалин авдаг байжээ. Харин хоёр дахь эхнэр Элза нь түүнийг 1963 онд багтайгаа шинэ гэрээ хийхдээ цалингаа үлэмж нэмэгдүүлэхээр ятгаж чаджээ. Гарринчатай "Ботафого” бусад улсуудаар аялан нөхөрсөг тоглолт хийж ашиг их олно. Гэтэл тухайн үед Гарринчагийн өвдөг гэмтэж, түүнгүйгээр ашиг илт унах тул өвчин намдаагч тариаг хайр найргүй хийж, Итали, Францаар аялан нөхөрсөг тоглолт хийлгэжээ. Зарим тоглолтын дараагаар Гарринчагийн өвдөг маш их өвдөж, чичирч багийнхнаараа өргүүлэн автобусанд суудаг байж.
1965 онд Гарринчаг хэдийгээр ур чадвар гайхалтай ч гэсэн хөгширсөн, багийн стандартад нийцэхээргүй болсон гэж үзсэнээс гадна 7 кг илүүдэл жин нь ч нэрмээс болж, багаасаа явсан байна. Үүнээс хойш Гарринча олон багт тоглосон ч удаан тогтсон нэг ч үгүй.
1973 оны арванхоёрдугаар сарын 18-нд "Маракана”-д Гарринчагийн зодог тайлах тоглолт болсон юм. Энэ тоглолт Бразилийн шигшээ Дэлхийн шигшээг 2:1-ээр хожиход Пеле, Луис Перейра хоёр Бразилиас, Бриндиси Дэлхийн шигшээгээс гоол оруулжээ. Харин Гарринчаг энэ тоглолтын нэгдүгээр үеийн дундуур Зекиньогоор сэлгэсэн бөгөөд тэрбээр нулимсаа барьж дийлэлгүй уйлсаар талбайг орхиж, стадионы хувцас солих өрөө рүү шууд явсан гэдэг. Гарринчагийн зодог тайлах энэ тоглолтын бүх орлогыг хөлбөмбөгчинд өөрт нь өгсөн байна. Энэ мөнгөөр Гарринча өрөө дарж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж, байшин, машин худалдан авсанаас гадна ресторан хүртэл түрээслэж чаджээ. Тэрхүү ресторанд эхнэр Элза нь самба бүжиж, дуулдаг байсан гэдэг.
Түүний хувийн амьдрал их ээдрээтэй. Нийтдээ 14 хүүхэдтэй хүн. Гэхдээ энэ хүүхдүүд нь хэд хэдэн өөр эхтэй. Гарринча насан туршдаа согтууруулах ундааны хамааралтай байсан гэдэг. Эцэг нь архинд донтсоны улмаас элэгний хатуурлаар өөд болсон бол Гарринча ч намтрыг нь давтаж, яг ийм өвчнөөр нас барсан юм. Гарринча хэд хэдэн удаа согтуу байхдаа машин жолоодож, осол хийж байжээ. Нэг удаа бүр түүний хийсэн ослын улмаас хадам эх нь амиа алдсан байна. Гэлээ ч Гарринча өөрийгөө согтуу байгаагүй гэж гүрийсээр шүүхээс хоёр жилийн ял авсан нь алдартай хөлбөмбөгчийн буянаар торгууль болж салж байжээ. Мөн нэг удаа эцгийгээ согтуу байхдаа мөргөж, хариугүй аминд нь хүрчих шахсан гэдэг.
Хадам эхийнхээ аминд хүрсэндээ шаналсан Гарринча амиа хорлохыг хүртэл завдаж байжээ. Тиймээс эхнэр Элза нь өөр улсад очвол сэтгэл нь сэргэж, өөрөөр амьдрах байх гэсэн найдлагадаа хөтлөгдөн Европын улсуудад хэдэн жилийн турш амьдарсан байдаг. 1972 онд Гарринча Элза хоёр Европоос Бразилд эргэн ирсэн ч 1977 онд согтуудаа эхнэрээ зодсон тул Элза гэр бүлээ цуцлуулжээ.
Гарринчагийн амьдралын төгсгөл их гунигтай. Тэр Рио-де-Жанейрогийн Бангу дүүргийн нийтийн байранд өрөө хөлслөн амьдрах болсон гэдэг. 1978 онд буюу 45 настайдаа "Зүрхний архаг дутагдал” гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараахан Вандерлей Виейра гэх 20 настай бүсгүйтэй танилцаж, улмаар хамтдаа амьдрах болжээ. 1983 оны нэгдүгээр сарын 16-18-н гурван хоногийн турш архидсан Гарринча гэртээ хөл дээрээ зогсож чадахгүй шахам ядарч сульдсан байдалтайгаар ирэхэд эхнэр Вандерлэй нь тэр даруй түргэн тусламж дуудаж эмнэлэгт хэвтүүлсэн ч удалгүй нас баржээ. Хожим түүний эхнэр асан Элза "Гарринчагийн ах дүү нар түүний эд хөрөнгийг авахын тулд хурдхан үхүүлэх гэж их архи дарс уулгадаг байсан” гэж хэлсэн байдаг аж.
1983 оны нэгдүгээр сард Гарринчагаас салах ёс гүйцэтгэх ёслолыг "Маракана”-д хийсэн байна. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд 300 мянган хүн оролцсон гэдэг. Гэхдээ түүнтэй хамт дэлхийн аварга болсон хөлбөмбөгчдөөс нэг нь ч энэ ёслолд ирээгүй ажээ. Хожим Пеле яагаад очоогүй талаараа өөрийгөө зөвтгөж тайлбар хийхдээ оршуулгад очихоос эмээдэг гэж хэлсэн байна.
Гарринчагийн оршуулга дээр Нилтон Сантос үг хэлэхдээ "Тэр бүхий л амьдралынхаа туршид ганцхан л хөлбөмбөг хэмээх тоглоомыг л тоглож чаддаг том хүүхэд байлаа” гэжээ. Харин Гарринчагийн шарил дээр "Энд ард түмний баяр баясгалан болсон Манэ Гарринча нойрсож байна” гэж бичсэн байдаг ажээ.
Гарринчагийн тоглолтыг театрын үзүүлбэр гэж ихэвчлэн нэрлэдэг байснаас гадна "Ард түмний баяр баясгалан”, "Аз жаргалын шувуухай”, "Хөлбөмбөгийн Чаплин” гэх мэтээр нэрлэж байсан гэдэг.
Хожим Гарринчагийн нэрээр Бразилийн Бразилиа хотын стадионыг нэрлэсэн билээ.
Р.Гэгээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих