Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 тамирчин (дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4) Багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртлээ. Бага насны ангилалд өрсөлдсөн /анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа/ Б.Бат-Эрдэнэ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалийн 16-г нь хүртэж дэлхийд #1 гэдгээ дахин харууллаа.
Тэмцээндээ олон өдрийн турш бэлдэцгээж, нөр их хөдөлмөрийн үр дүнд гайхалтай амжилт гаргасан нийт тамирчиддаа дахин халуун баяр хүргэе. Тамирчдын гаргаж буй амжилт гэр бүл, багш дасгалжуулагчаас шууд хамааралтай. Ямар ч үед тусалж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон энэ сайхан амжилтуудыг гаргах боломжийг бүрдүүлж цаг наргүй хөдөлмөрлөж тамирчдаа бэлдсэн багш, дасгалжуулагч Б.Баасандорж, мөн Дархан-Уул аймгийн салбарын хамт олон, багш Б.Баярмаа танд баярлаж талархсанаа илэрхийлье.
Шинэхэн тамирчдын маань 2016 оны хамгийн эхний тэмцээний буухиа амжилттай эхэллээ. Ингээд бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртлээ. Дашрамд дурдахад хэдхэн хоногийн дараа буюу 6 сарын 24-26 хооронд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулагдах "Extreme Memory Tournament" ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ шаргуу хийж байгаа билээ. Биднийг сэтгэл зүрхээрээ байнга дэмжиж баг хамт олонд маань урам хайрлаж байдаг Монголчууддаа баярлалаа.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ
2016.06.13
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих