УИХ болон
аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр
дэвшигчдийн сурталчилгаа эхлээд гурав хонолоо. Гудамж талбай наадмын
өдрүүд шиг эрээн, мяраан туг, далбаа, энд, тэнд наасан зурагт хуудсаар
дүүрэв. Заримыг нь бүр давхцуулаад наачихсан байгаа нь ч харагдана. Цааш
ахиулвал нэр дэвшигчдийн сурталчилгаа нь хошин урлагийн нэрд гарч
амжаагүй хамтлагийн тоглолтоос ч долоон дор юм байгааг гуравхан хоногийн
хугацаанд иргэд үзэж, танилцаж эцэст нь элэг нь хөшихөө шахан инээлдэж
сууна. Угаас өөрийгөө таниулах сурталчилгаагаа олигтойхон санаачилж,
түмэнд хүргэж чадахгүй байгаа хүн төрд сонгогдож, улсынхаа төлөө
сэтгэлээ чилээж, шийдвэртэй алхам хийнэ гэдэг юу л бол гэж бодогдохоос
аргагүй.
Нэр дэвшигчдийг хэчнээн голоод ч "жаран чавганц уралдвал нэг нь
түрүүлнэ” гэдгийн үлгэр шиг аль нэг тойрогт заавал ялагч тодорно. Тэгээд
өөрийгөө төрд зүтгэх чадвартай, тодорхой хэмжээний боловсрол,
мэдлэгтэй, аливаа асуудлыг хэд, хэдэн өнцгөөс харах чадвартай нэгэн
хэмээн яриад эхлэх нь л дээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийнх нь
нэр хүндийг суга өргөх сурталчилгааны буюу Пи-Ар-ын багаа буруу
сонгосноос буруудаж, будилж байгаа нөхөд бишгүй байгаа бололтой.
Амьхандаа штабтаа гар нийлэн ажиллахаар төлөвлөсөн байж таарна.
Харамсалтай нь уриа, лоозонгийн үг, зорилго, төлөвлөлтийг нь буруу
"ишлэн” тарааж, нэр дэвшигчээ алиалагч шиг болгосон штабууд сонгогчдын
элэг доог болж эхэлжээ. Тухайлбал, "Би танай гэр бүлийн гишүүн”, "Гэр
орныг тань гэрэл гэгээтэй болгоно” зэрэг уриаг эмэгтэйчүүд ашиглаж
байгаа нь дуудлагаар цэвэрлэгээ хийх баг, лизинг төлөлцөх хүн гэх мэтээр
нэрлэгдэхэд хүрч байна. Зарим хэсэг нь үг үсгийн алдаагаа ч хяналгүй,
өөрийн овог нэрээ буруу бичилттэйгээр нь баталж, реклам, шторкоо
хэвлүүлж, эвлүүлчихээд ихэд сандарсан ч "нүдээ аниад” олны хүртээл
болгосоор яваа. Энэ мэтчилэн зөвхөн УИХ-д нэр дэвшиж буй 498 хүний
тараах материал, сурталчилгааг нэг бүрчлэн тоочвол алдаагүй нь тун
ховор.
Мэдээж сонгуульд өрсөлдөхдөө аливаа арга хэмжээг хуульд нийцүүлэн
ашиглахаас гадна олон улсын практикт ашигладаг үйл явцуудыг ч
хуулбарладаг. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 76 тойрогт нэр дэвшигчид дунд
20 гаруй амьдай бий. Энэ нь ердөө л өрсөлдөгчийнхөө саналыг хуваах
хэлбэр. Дэлхий нийтийн туршлагад ийм арга байдаг хэмээгээд энэ зэргийг
тоохгүй орхисон ч эх орныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэнэ хэмээж буй
хүмүүсийн уриалга мэт нь утга агуулгын хувьд ёстой л "ухаангүй ноёнд,
урагшгүй албат” гэгчээр албажуулсан байгаа нь дуугүй өнгөрөхөд дэндүү
харамсалтай. Учир нь Монгол Улсын төрд зүтгэх гэж байж багийн
гишүүнийхээ хийсэн ажлыг ч хянаж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй гэхээс
өөр хэлэх ч үггүй болгож байгаа юм. Олон нийт дээрх мэтийн сурталчилгаа,
танилцуулгыг одоохондоо инээдэм болгоод өнгөрч байгаа ч нягтлаад харвал
соногдох эрхээ эдэлж буй хүмүүс нь сонгогчдынхоо эрхэнд хэт бүдүүлгээр
халдаж буй харагдаж байгаа нь нууц биш.
Өмнө нь буюу 2004 онд УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт АН-аас Да.Ганболд
нэр дэвшихдээ тойрог, бэлгэдлээ бодоод Б.Бат-Эрдэнэ аваргатай хамт
авахуулсан патиараа зурагт хуудас болгон хэвлүүлж байсан түүхтэй.
Харамсалтай нь дал мөрөөр нь "тас” тэвэрч, хамтдаа патиараа татуулсан
аварга нь МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан байдаг. Яг үүн шиг
өрсөлдөгч нь хэн байхыг үл хамааран сонгогчдодоо таалагдахын тулд уриа,
лоонзонгоо бэлдэж байгаа ч иргэдийн мэдлэг, боловсролыг хэт доогуур
үнэлж байгаа нь дэндүү доромж хэлбэртэй харагдаж буйг нуух юун. Тэр ч
утгаараа анхнаасаа адлагдаж, шоглогдсон ухуулгын хуудас, сурталчилгааны
самбараасаа болоод улс төрд алхам урагшилж, парламентад хөл тавих эрхээ
хасуулах вий дээ. Тодруулбал, сонголтоо буруу хийж, багаа бүрдүүлчихээд
сонгогдож чадахгүй үлдчих вий дээ, хөөрхийс.
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих