"Эхэлсэн бол дуусгадаг” уриатайгаар УИХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өмнөх шилтэй сархадыг барж дуусгасны пянг шаггүй хүртэж байна. Түүний Төрийн ордноо хөлчүүрхсэн бичлэг дэлгэгдсэн даруйдаа шуугиан тарьж, үнэндээ сонгуулийг мартагнатал л энэ сэдвийг ярьж, бичиж, түгээж эхэллээ. Архи, тамхины эсрэг ажиллахаа мэдэгдэж хууль хүртэл батлуулсан улмаар батлуулсан хуулиараа нэрийн хуудсаа, гол хөзрөө хийж яваа эрхэм гишүүн маань үнэндээ архаг хэрэглэгч гэдгээ зарлан тунхаглагчих нь тэр. "Архи, тамхи, секс бол хүний амьдралд байх ёстой бүх зүйл” гэж янжуур хөндлөн зуун, "кадр” тасрах дөхөн сууж буй Л.Эрдэнэчимэг гишүүнд сонгогчид нь төдийгүй монголын ард түмэн үнэндээ итгэл алдарч байгаа гэх. Мөн энэхүү үйлдлээ хаацайлан 50 сая төгрөгөөр "ам хаах” гэж оролдсон түүний үйлдэл авлига, хээл хахууль гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.
Эрхэм гишүүнийгээ энэ мэтээр нүүр улайлгахыг эчнээ мэддэг намын нөхөд нь түүнд энэ удаагийн буюу 2016 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь өгөөгүй. Гэсэн ч намын дарга З.Энхболд Л.Цандэлэгийг жийн байж түүнийг зүтгүүлсний "гор” үнэндээ л гарч байна. Өөрөөр хэлбэл энэхүү үйлдлээсээ болоод өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүрэгт эмнэлгийн анхан шатны тусламж буюу бент, боолт, хөвөн, бас болоогүй нэгж тараасан түүний хүчин чармайлт талаар өнгөрөх нь. За тэр сонгууль ч дүүрч. Үнэндээ булай тарьсан, булайг илчилсэн хоёрын хэнийх нь зөв бэ гэдэг дээр олон нийт талцаад сошиал ертөнцөд "үзэлцэж” байна. "Хууль санаачлагч өөрөө хуулиа зөрчиж болохгүй. Эмэгтэй хүн байж ухаанаа алдатлаа архидаж байгаа нь эмгэнэл. Архи хамт уух хүн, найз нөхөр, уух газраа зөв сонгож мэдэхгүй Л.Эрдэнэчимэгт итгэхгүй, Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаа өрөөндөө тамхи татлаа гэж "матаж” байсан юм чинь өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй, 50 сая төгрөгөөр бузар булайгаа халхлах гэлээ” гэх мэтээр түүнийг шүүмжлэх үгс цахим ертөнцөд хөвөрнө.
Угаас ялагдаж, "чичлүүлж” байгаагийн талд орж өрөвддөг, хөөрхийлдөг басхүү монгол эр хүн жудагтай байж хов жив, хэрүүл маргаанаас холуур байх ёстой гэж үздэг нэг хэсэг хэсэг нь бичлэг хийж утсаа алдсан гэх Г.Уянга, бичлэгийг тараасан, 50 саяын зээл нэхсэн сэтгүүлч Б.Алтаншагай, "Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нарыг буруутгаж байна. "Шантаачилсан мөнгийг нь өгөхгүй болохоор Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нар ийм үйлдэл гаргалаа, бохир аргаар өрсөлдөгчөө унагах гэсэн тэдэнд саналаа өгөхгүй, хов жив хөөцөлдсөн тул эр хүний тооноос хаслаа” гэх мэтээр тэднийг ч бас чамгүй буруутгаж байна.
Энэ бүхний хариуд Т.Алтаншагай өөрийн фэйсбүүк хуудаснаа "Над руу дайрсан дайралтуудыг уншлаа. Хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээллийг итгэж явсан нэг салбарынхан маань зарим илт гуйвуулж байгаа нь харамсалтай.
Эр хүн байж жудаггүй гэнэ. Жудагтай эр болох гээд 50 саяыг нь аваад бичлэгийг дарах байсан уу. Нэргүй ирсэн флаш учир би биш юм гэхэд өөр хэн нэгэн нь дэлгэж л таарна. Бид хоёрын жудгийг ярихаасаа өмнө эрхэм гишүүний үйлдэлд дүн тавь. Төрийн ордонд ёс зүйгүй үйлдэл хийчихээд тэрийгээ дарахын тулд их хэмжээний мөнгө өгдөг нь тэгээд жудагтай, ёс зүйтэй алхам уу?Улстөрчдийг бие биендээ авлига өгдөг авдаг л гэдэг. Гэвч тэдний өгөлцөж авдаг мөнгийг ил бариад, олны өмнө гарсан тохиолдол нэг ч байхгүй. Тэд энэ зэргийн бичлэг худалдаж авахад 50 саяыг зүгээр л цаас шиг шидэж байна. 50 сая бол зөвхөн ил гарч ирсэн багахан хэсэг нь. Мөсөн уулын орой. Үүний цаана Тавантолгой, Оюутолгой, өөр бусад томоохон хууль, тогтоолууд хэдэн сая, тэрбумын үнэтэй байдаг бол. Бие биенийгээ харлуулж, гутаахын тулд хэчнээн сая, тэрбумыг зарцуулдаг бол. Тэр бүгдийг би дотор нь орж, иргэд олон түмэнд мэдээлэхийн төлөө явах болно. Энэ магадгүй миний амь насанд ч эрсдэлтэй байж болох. Гэсэн ч шударга, үнэн, хуйвалдаангүй төрийн төлөөх зорилгоосоо ухрахгүй гэдгээ энэ дашрамд мэдэгдье. Бас нэг зүйлийг онцлоход, бид хэн нэгнийг огтхон ч шантаажлаагүй. 200 сая төгрөг нэхсэн, өгөөгүй болохоор нь мэдээлэл хийчихлээ гэх зэрэг худал мэдээлэл. Үүнийг нотлох болно" гэжээ.
Эцэстээ хуулийг чандлан сахих андгай тангараг өгсөн эрхэм гишүүн жирийн иргэдийн хайрлан хүндэлж, нэг удаа ч болов орж үзэхийг хүсч мөрөөддөг Төрийн ордонд хөлчүүрхэж, янжуур зуун, шалиг завхайг яриад суух нь хэр ёсзүйтэй асуудал вэ. Үнэндээ монгол төрийн бодит байдал ийм л байна. Бодит төрх, байдлыг илчилсэн нь буруу үйлдэл гэж үү...
Д.СҮРЭН /ZALUU.COM/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих