-Олон нийтийн сүлжээнд садар самуун сурталчилсан 100-аад зарын хуудсыг илрүүллээ-
Интернэт хөгжлийн эрин зуунд цахим орчин хүмүүсийн ажлын ачааллыг асар их хөнгөвчилж, хүссэн мэдээ мэдээллээ цаг алдалгүй олж авах гэхчлэн сайн талуудыг нэрлээд баршгүй. Үзэл бодол, хүсэл сонирхол, ажил мэргэжил гээд яаж л ялгарч хуваагдаж болдгийг фэйсбүүк группээс харж болно. Харин цахим ертөнцийн энэхүү давуу талыг зарим нэг нь овжноор ашиглан гэмт хэрэг үйлддэг.
Цагдаагийн ерөнхий газраас олон нийтийн цахим сүлжээнд садар самуун агууламжтай контент байрлуулан бусдад тараан сурталчилж буй хэрэглэгч, хуудас мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхэд татан оролцуулж байж болзошгүй хаалттай бүлгэм /facebook group/ зэргийг олж тогтоох ажлын хүрээнд 100 орчим цахим хуудас болон бүлгэмийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа хийж байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 123-р зүйл, Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 5-р зүйлийг зөрчсөн 9 хүнийг олж илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнд:
-26 настай эрэгтэй хуурамч хаяг ашиглаж нууц фэйсбүүк бүлгэмийг үүсгэн садар самуун агууламжтай зураг, дүрс бичлэгийг нийтлэн бусдад тараасан сурталчилсан.
-32 настай эрэгтэй хуурамч фэйсбүүк ашиглан садар самуун агууламжтай зураг, дүрс бичлэгийг нийтлэн бусдад тараасан.
-30 настай хоёр эрэгтэй хуурамч фэйсбүүк ашиглан нууц бүлгэмийг үүсгэж, садар самуун агууламжтай дүрс бичлэг тараасан
-Бэлгийн гаж урсгалыг сурталчлан садар самуун агууламжтай зураг, дүрс бичлэгийг нийтлэн бусдад тараасан сурталчилсан гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Мөн фэйсбүүк орчинд хаалттай бүлгэм үүсгэж биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж байсан этгээдийг олж илрүүлжээ. Фэйсбүүк орчинд биеэ үнэлэх ажлыг зохион байгуулсан, бусдыг залилан мэхэлсэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн зэрэг хэргүүдэд эрүү үүсгэсэн байна.
Фэйсбүүкээр охид эмэгтэйчүүдтэй танилцаж зургийг нь авч улмаар дарамтлан бэлгийн харьцаанд ордог эрэгтэйг мөн илрүүлж баримтжуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Олон нийтийн сүлжээнд садар самууныг сурталчилсан үйлдлүүдийн гол хохирогчид нь бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүд байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ цахим сүлжээн дэх аюулгүй байдал, хандалт хийж байгаа хуудсуудад хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих