Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа кабинетынхан хуралдаад "Сайн хувьцаа”-ныхаа замыг засч байгаа харагдана. Учир нь "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааных нь 30 хувийг иргэдээс шууд л худалдаж авна гээд байгаа үйлдэл нь Үнэт цаасны тухай хууль сэлтийг шууд үгүйсгэж, зөрчиж байгаа явдал гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Энгийн иргэдийн тодорхой хэсэг ч, уг арга хэмжээ нь сонгууль угтсан бодлого гэж харж байгаагаа илэрхийлж, хувьцаагаа зарахыг төдийлөн яарахгүй байгаа.
За харин Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдахдаа уг асуудлыг хэлэлцлээ. Тэгээд "Сайн хувьцаа” арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг 15 хүртэл жилийн хугацаатай, дотоодын зах зээлд үе шаттайгаар гаргаж, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн энгийн хувьцааны ногдол ашиг болон тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдсанаас олох орлогоос эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүжүүлэн холбогдох гэрээ байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгав. "Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэний эзэмшиж байгаа 1072 хүртэлх энгийн хувьцаанаас эхний ээлжинд 322 хувьцааг багцаар нь 300426 төгрөгөөр зохих журмын дагуу шууд, цаашид үлдэх хувьцааг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар шийдвэрлэв. Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийж, "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмыг хэлэлцэж, тогтоолд зарим өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр "Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсөвт дарамт учруулж, хууль зөрчиж байна гэсэн мэдээлэл цацагдсан байна. Ийм зүйл байхгүй. Мөн ирэх сараас цалин тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээллүүд үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Цалин тэтгэвэр, урсгал зардлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа, цаашид ч асуудал гарахгүй” гэж хэлсэн юм.
Гэхдээ улстөрчдийн үг бол үйлдлээсээ тэс өөрийг хэлдэг гэдгийг бид хэлж яриад чамгүй удаж байгаа. Нэгэнтээ цаг тулсан үед гаргасан шийдвэрээ улаан нүүрээрээ хамгаалаад гарахаас өөр аргагүй байдалд эрх баригчид орсон учраас ямар нэг аргаар хэл ам багатайгаар ард нь гарах бодлого барьж байгаа ч биз.
Сануулахад, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийхдээ хувьцааны 30 хувийг худалдах үйл явцыг арилжааны банкаар хийж буй нь хууль зөрчсөн хэрэг. Хуулийн дагуу брокер, диллерийн компаниар дамжуулах хэрэгтэй гэж байсан. Энэ нь ч зүйн хэрэг болохыг бусад эдийн засагчид хэлж буй. Хөрөнгийн зах зээл гэх их айлын хууль дүрмийг шууд зөрчин, арилжааны банкыг илт дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна гэж тэд шүүмжилцгээж байгаа юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар аливаа компанийн хувьцаа гаргах асуудлыг үнэт цаас борлуулах тусгай зөвшөөрөлтэй буюу брокер, диллерийн компаниар л хийх ёстой гэжээ. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд 1072 ширхэг хувьцаа эзэмшсэн 700 мянга гаруй хүн брокер, диллерийн компанид данс нээлгэсэн байжээ. Гэтэл энэ хуулийг Засгийн газар өөрөө зөрчин, арилжааны банкуудаар дамжуулах болсон гэж байсан юм. За мөн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрхзүйн статусыг тодорхой болгож, үнэт цаасны зохицуулалттай зах зээл, СЗХ-нд бүртгүүлэх ёстойг тэд хэлж байсан. Түүнчлэн иргэдэд олгосон гээд байгаа хувьцааг зөвхөн Засгийн газар худалдаж авах бус тухайн иргэн өөрөө захиран зарцуулах эрхийг нээж өгөх шаардлагатай гэсэн гурван асуудлыг тэд тавьж байсан юм. Тэгвэл Засгийн газрын зүгээс 30 хувьд ямар ч байсан дур зоргоороо эзэн сууж, элдэв хууль тогтоомжийг үл хайхран гаргасан шийдвэр дээрээ зогсох нь ээ.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих