ДЭЛХИЙН ИРГЭН Н.К.РЕРИХ
Н.К.Рерихийн нэрийн өмнө маш урт гуншин бичиж болохоор ажээ. Эрдэмтэн, зураач, зохиолч, жуулчин гээд. Учир нь тэрбээр өрнө дорныг хэрсэн уртын урт аялал хийхдээ дээрх бүх үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж, дэлхийн түүх бичлэгийн хуудсыг тэр хэрээр зузаатгаж явсан нь нэг хүн хийхэд үл итгэм арвин ажээ. Ялангуяа Төв Азийн экпедицийн шугамаар дорнын олон орноор аялж, судалсан нь тухайн улсуудыг олон улсад таниулах түүхэн ач холбогдолтой байсан учраас дорнынхон түүнд ихэд дотночлон ханддаг.
"1924-1929 онд Төв Азийн алдарт экспедицийг зохион байгуулахдаа тэрбээр хэл шинжлэл, археологи, соёл, шашин судлалын олон салбар ухаанаар хээрийн асар өргөн хүрээтэй судалгаа хийсний зэрэгцээ байгаль, шашин, түүх, соёлын дурсгалуудыг дүрсэлсэн уран зургийн гайхамшигт олон бүтээлээ туурвисан” гэж академич Ш.Бира хэлжээ. Таван тивд Н.К.Рерихийн нэрэмжит 18 нийгэмлэг байдгаас гадна соёлын үнэт зүйлсийг хамгаалах "Рерихийн баримт” хэмээх олон улсын бичиг дэлхий дахинаа үйлчилдэг гээд бодохоор тэр аргагүй л дэлхийн иргэн ажээ. Тэрбээр Октябрийн хувьсгалын үед эх орноосоо гарч, Англи, Америк, Энэтхэгт олон жил амьдрахдаа Дорнын ялангуяа Энэтхэгийн эртний соёл, буддын шашныг илүүтэй сонирхон судалжээ.
Тэрбээр Монголд онцгой элэгтэй нэгэн байв. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Юун түрүүнд түүний эхнэр Елена Ивановна Алтан ордны монголчуудаас гаралтай монгол цустай хүн байжээ. Түүнчлэн Н.К.Рерихийг Монгол орны байгаль, уламжлалт соёл уран бүтээлчийнх нь хувьд онцгой татсан байдаг. Тиймээс тэрбээр Монголын тухай 107 зураг зурснаас "Шамбалын хаан Рэгдэндагва” хэмээх бүтээл туурвиж, хичээнгүй сайд Б.Цэрэндоржид бэлэглэж байсан нь өдгөө манайд үнэт ховор өвөөр бүртгэгдэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалж байна. "Орос, Финланд, Скандинов, Энэтхэг, Монгол, Төвд, Хятад бол Рерихийн уран бүтээлийн гол талбар” гэж зохиолч М.Цэдэндорж агсан дурсчээ. Ер нь түүний олон чиглэлийн судалгаа, уран бүтээлээс уран зураг нь түүнд илүү их нэр алдрыг авчирсан бололтой. Тиймдээ ч түүнийг өдгөө XX зууны суут таван зураачийн нэгээр нэрлэдэг юм билээ. Мөн Монголын нүүдлийн иргэншил, түүх, соёлын ач холбогдлыг цэгнэсэн судалгааны 27 ном туурвижээ. Түүнээс "Буддын ёсны үндэс”, "Сангха буюу обшина” гэсэн хоёр номыг 1929 онд бүр Монголд хэвлэсэн баримт байдаг ч одоогоор энэ ном хаана хадгалагдаж байгаа нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ зарим эх сурвалж дээр эхнэр Елена Рерих бичсэн гэж байдаг ажээ.
Тухайн үед соёл иргэншлийн хувьд хоцрогдмол байсан манай улсын хэтийн хөгжлийг тэрбээр харж, "Монгол бол амьдран орших агуу их нөөц бололцоотой, ер бусын бүтээн байгуулалтын төлөө эрмэлзэл бүхий орон. Өрнөдөд Монголыг умартсан нь ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө нөөцөлж байгаа” тухай хэлснийг академич Ш.Бира онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, Н.К.Рерих бүр 100 жилийн тэртээгээс Монголын ирээдүйг олж харсан суут хүн гэж эрдэмтэд үздэг. Бас нэг гол онцлогийг Ш.Бира гуай хэлэхдээ, "Монголыг юуны өмнө материаллаг талаас нь сонирхож ирсэн олонх судлаачаас эрс ялгаран Н.К.Рерих нь хүн төрөлхтөний иргэншлийн хувь заяанд ханддаг өөрийн хүмүүнлэг гүн ухаан, соёл судлалын ерөнхий учир агуулгатай зохицуулан монголчуудын дотоод оюун ухааны ертөнцийг онцлон сонирхож судалж байсныг цохон тэмдэглүүштэй” гэжээ.
1929 онд Төв Азийн экспедицээ дуусгаад АНУ-д ирэхэд түүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэрийг нь дэвшүүлж байв. Сонирхуулахад, бүр 1927 онд Монголын тухай фото сурвалжлагыг АНУ-ын "Нью-Йорк нерланд трибун” сонинд Н.К.Рерих нийтлүүлж байжээ.
Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, академич Ш.Бирагийн үгийг олонтаа эшилсэн нь тэрбээр Н.К.Рерихийн хүү Ю.Н.Рерихийн шавь бөгөөд Монголын Рерихийн нийгэмлэгийг үүсгэн байгуулагч билээ.
МОНГОЛЧ ЭРДЭМТЭН Ю.Н.РЕРИХ
Гэр бүлээрээ алдартай хүмүүс цөөн байдаг. Тэгвэл Н.К.Рерихийн гэр бүлийнхэн бүгд нэртэй судлаачид. Тухайлбал, эхнэр Елена Рерих нь дорно дахин судлаач, философич хүн байсан бол том хүү Ю.Н.Рерих нь дорно дахин, тэр дундаа монгол судлалын алдартай эрдэмтэн. Бага хүү Святослав нь урлаг судлаач, зураач хүн байжээ.
Ю.Н.Рерих бүр багаасаа дорно дахиныг, тэр дундаа Энэтхэгийг их сонирхдог байсан бөгөөд 17 настайдаа Лондоны их сургуульд перс, санскрит хэл үзэж, 18-тайдаа АНУ-ын Харвардын их сургуульд шилжин суралцаж, 20-тойдоо Парисын их сургуульд дахин шилжиж, түүх, археологи, этнографийн чиглэлээр суралцжээ. Монгол хэлийг тэрбээр бүр багадаа, Санкт-Петербургийн доцент А.Д.Рудневээр заалгаж, хожим нь Монголд ирсэн хойноо Б.Содовоор бас заалгажээ. Тэрбээр "Миний судсаар монгол цус гүйж буй” хэмээн Монголд их элэгтэй байсан бөгөөд манай улсад хоёр удаа ирсэн байдаг.
Мөн тэрбээр Чингис хааныг "Монгол Прометей” (Прометей нь хүн төрөлхтөнд гал өгснийхөө төлөө ууланд цовдлуулсан үлгэрийн баатар) гэж нэрлэх дуртай байжээ. Ю.Н.Рерих анх 1927 онд гэр бүлийнхээ хамт Монголд ирсэн бол дараа нь 1958 онд Монголын Засгийн газрын урилгаар ирж, тухайн үеийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй ойр харилцаатай болжээ. Улмаар Ю.Н.Рерихээр дамжуулсан соёлын олон талын туслалцаа монголчууд авдаг байсан юм билээ.
Н.К.Рерих болон түүний гэр бүлийн тухай судалгаа одоо ч дэлхий дахинд шинэ хэвээрээ байдаг аж. Тэр байтугай Орост Н.К.Рерихийн анхны үзэсгэлэнг 1958 онд хүү Ю.Н.Рерих нь гаргаснаас хойш л тэдний гэр бүлийг эх орон нь мэдэж, нэр хүнд нь түгжээ. Түүнчлэн хожим нь Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт айлчлах үеэрээ "Н.Рерих бол Орос, Энэтхэгийн оюун санааны нэгдлийн бэлгэ тэмдэг” гэжээ. Манай улсын хувьд аав хүү Рерихийг дурсан санах, тэдний бүтээлийн судалгааг үргэлжлүүлэх, гадаад ертөнцтэй холбоотой байх гол газар нь Монголын Рерихийн нийгэмлэг буюу дээрх дүнзэн байшин л болоод байна.
Д.Пүрэвсүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих