Украин улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол Улсын хоёр иргэн "дипломат шуудан” гэх наалт бүхий найман хайрцагтай нийт 29,145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн байгаа. Тэгвэл энэ талаар өнөөдөр ГХЯ-наас мэдээлэл хийсэн юм.
Салбарын сайд Л.Пүрэвсүрэн "Ийм мэдээлэл өчигдрөөс эхлэн гарч эхэлсэн. Мэдээллийн мөрөөр нягтлан үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна. Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа "Техникимпорт”, "Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004-2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан байна. Ингээд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны наймдугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарчээ. Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр түүнтэй хамт явсан иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй хүн байна. Эдгээр иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан "дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоогоод байна” гэлээ.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих