Ардын хувьсгалын "Анхны долоо”-ийн нэг, Халхынголын байлдааны ялалтын удирдагч Маршал Хорлоогийн Чойбалсангийн морьт хөшөө Дорнод аймгийн "Тусгаар тогтнолын талбай”-н төв хэсэгт сүндэрлэлээ. Сүхбаатар аймаг жанжин Сүхбаатарынхаа, Хөвсгөл аймаг Хотхойдын ван Чингүүнжавынхаа, Ховд аймаг ард Аюушийнхаа хөшөөг төв талбайдаа байрлуулсан байдаг билээ. Үүний нэгэн адил Дорнодчууд бидний бахархалт хүмүүн, тал нутгийн унаган хүү, нам, төрийн нэрт зүтгэлтэн Маршал Хорлоогийн Чойбалсангийнхаа сэрэг дүр бүхий морьт хөшөөг ийнхүү босголоо. Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг угтан анх 2014 онд "Тал нутгийн хөгжлийн төлөө төв”-ТББ-аас уг хөшөөг байгуулах тухай санаачлага гарган, аймгийн Засаг даргын дэмжсэнээр ИТХ-аар хэлэлцүүлэн Тогтоол батлуулсан нь өнөөдөр ийнхүү биеллээ олжээ. Нийт 98 сая төгрөгийн төсөвт өртөг шаардагдах уг ажлыг Ардын хувьсгалын 95 жилийн ойн өмнө хийж хэрэгжүүлэхээр зорин Орон нутгийн төсвийн санхүүжилт 30 сая төгрөг, хандивлагчдын 20 сая төгрөгөөр ийнхүү эхний ээлжинд бүтээн босгоод байна. Уг хөшөөг Дорнод аймгийн "АСБЭ”-ХХК-ийн уран барималчид бүтээсэн бөгөөд тэд өмнө нь Монгол дайчдын цэцэрлэгт хүрээлэнд "Ахан дүүсийн хөшөө”, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнд "Ээжээ сайн байна уу”, нэрт зураач Пүрэвийн Мэлс агсны хөшөө зэргийг бүтээн байгуулсан туршлагатай баг юм. Ийнхүү аймаг орон нутгийнхаа иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор улс, аймгийн төсөв, хөрш орнуудын хөрөнгө оруулалтад тулгуурлан бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хийгдэж байгаад олон нийт талархалтай хандаж байна
dornodmedee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17820
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих