"Эзэнтэй дуу” булангийнхаа зочноор "Харанга” хамтлагийн гитарчин
Я.Одсүрэнг урилаа. Тэрээр эхнэртээ зориулж ганцхан дуу зохиосон нь
"Алсын гялбаа” юм. Энэ дууны бүтсэн түүхийг сонирхуулж байна.
-Таны зохиосон дуу бүхэн түүхтэй гэж сонслоо?
-Аливаа зүйлээс мэдрэмж, сэдэв авч байж уран бүтээл төрдөг шүү дээ.
Тиймээс дуу бүхэн цаанаа түүхтэй байдаг. Хэдийгээр зөвхөн түүнд
зориулсан гэж хэлээгүй ч дуучин нь дуулах бүртээ, сонсогчид нь сонсох
болгондоо хэн нэгнийг боддог шүү дээ.
-"Алсын гялбаа” дуугаа ханьдаа зориулж зохиосон юм уу?
-Ханьтайгаа танилцчихаад "Алсын гялбаа”-г хийж байсан. Олон жил хүн
бүхний сонсох дуртай хит дуу байсаар ирж. Анх өрөөндөө орж ирээд эхний
дөрвөн тактийг нь бичиж байсан санагдана. Түүнээс хойш цаг хугацаа
хурдан өнгөрчээ. Одоо бид хоёр өнөр өтгөн айл болчихсон, жаргалтай
амьдарч байна.
-Өөрөө дуулж өгч байсан уу?
-Хамгийн эхэнд дуулж өгч байсан. Сэтгэл нь их догдолж байсан шүү.
Түүнээс хойш үргэлж хамтлагаараа дуулж байсан. Одоо ч хааяа хүмүүсээс
"Алсын гялбаа”-гаа дуулаач гэсэн санал ирдэг. Магадгүй олон бүсгүй
ханийн минь адил энэ дууг сонсохоороо сайхан хайраа дурсаад догдолдог
байх.
-Дахиад зөвхөн ханьдаа зориулж дуу зохиох уу?
-Энэ хорвоогийн бүх сайхан хайрын дууг ханьдаа зориулмаар санагддаг.
Мэдээж өөрийнхөө зохиосон олон дууг зөвхөн гэргийдээ зориулах хүсэл бий.
-Та ханийхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Амьдралын минь түшиж тулах багана, хүүхдүүдийн минь ээж. Намайг
ойлгодог, хайрладаг, хүндэлдэг. Тиймээс ханиараа бахархахгүй байхын
аргагүй.
Алсын гялбаа
Учрах ирээдүйн сайхныг уудмын тэртээд гэвэл
Урам гомдол хоёрын утга нь тэнцсэн ч юм уу даа
Учралын сайхан сайхан бүхнийг урсаад ирэх шиг санасан
Уяхан гэмээр сэтгэл минь хүслийн гялбаа ч юм уу даа
Эдлээгүй баяр баяслыг эрхэсийн тэртээд гэвэл
Итгэл зүтгэл хоёрын тэнцээ нь бодол ч юм уу даа
Тэнгэрлэг ариун ариун бүхнийг тэврээд авах шиг болсон
Золгүй гэмээр сэтгэл минь зүүдний гялбаа ч юм уу даа
Ай өө өнгөлөг гялбаа чи алсын алсаас юунд анивчаад
Атгахан бор зүрхэнд нь амьдралын хүндийг юунд тохно вэ
Юунд тохоно вэ
Зүтгээд зүтгээд ирдэггүй жаргалыг наран гэвэл
Зовлон жаргал хоёрын дэнс нь итгэл ч юм уу даа
Дэнснээс салахгүй энэ амьдралаа дээдийнх нь мөнх шиг санасан
Дэндүү гэгээн сэтгэл минь алсын гялбаа ч юм уу даа
Ай өө өнгөлөг гялбаа чи алсын алсаас юунд анивчаад
Атгахан бор зүрхэнд нь амьдралын хүндийг юунд тохно вэ
Юунд тохоно вэ
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих