
Манайх дуут дохио хэрэглэх ёсгүй үед хаа хамаагүй хангинуулаад байвал торгох дүрэм, журам гэхээр юм алга. Гадны улс оронд замын хөдөлгөөний дүрэмд зааснаас бусад тохиолдолд дуут дохиогоо хамаа замбараагүй өгвөл торгодог систем байдаг юм билээ. Тэр дундаа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудыг бүр ч нарийн хянадаг гэж байгаа. Хэрвээ автобусны жолооч дуут дохиогоо хангинуулаад байвал байгууллагыг нь торгодог газар ч байна. Харин манайд бол бүх зүйл эрх чөлөөтэй. Хаана ч хамаагүй, дуртай үедээ дуут дохиогоо хэчнээн ч хугацаагаар орилуулж болно. Энэ их эрх чөлөөг жаахан хязгаарламаар байна.
Саяхан автобус дуут дохиогоо хангинуулснаас болж нярай хүүхдийн тархинд цус харважээ. Хүүхдээ тэврээд автобусны буудал дээр зогсч байсан эмэгтэйн хажууд том оврын автобус ирж зогсоод, дуут дохиогоо хангинуулахгүй юу. Гэтэл хүүхэд нь цочоод, тархинд нь цус харвачихаж.
Энэ тохиолдолд автобусны жолоочийг буруутгах боломж байгаа юу гэвэл тийм. Тэртээ тэргүй замын хөдөлгөөний дүрмэнд зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор л дуут дохио өгнө гээд заачихсан байгаа. Харин жолооч зүгээр л буудал дээр зогсч байхдаа л сүртэй чанга дуутай дохиогоо өгсөн байгаа юм. Тэгэхээр дүрэм зөрчсөний улмаас хүний амь насанд халдсан, эрсдэхэд хүргэсэн гэсэн үндэслэлээр буруутгаж болох л байх.
Харамсалтай нь манайд тийм дүрэм, журам огт байхгүй. Хамаагүй дуут дохио өгсөнөөс болоод хөгшин настай хүмүүс цус харвахыг ч үгүйсгэх аргагүй. Түүнээс гадна иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа энэ тэрийг ярих юм бол хэрүүл хийгээд дуусахгүй юм болох байлгүй. Тиймээс л дуут дохиог хэрэглэхийг хязгаарлах дүрэм, журам гэдгийг бүр нарийн сайн зааж өгмөөр байна. Цогцоор журам гаргая. Торгодог больё. Өнөөдөр Улаанбаатар хотын замын ачаалалт хэрээс хэтэрчихээд байгаа нь үнэн. Цаг, минут тутамд осол гарах нөхцөл байдал бүрддэг. Эгнээгээ зөв эзэлж, дүрмээ баримталдаг жолооч ховор болохоор дуут дохио өгөх тохиолдол бишгүй л гардаг.
Гэхдээ том оврын автобусны жолооч нар бол арай хэтэрхий. Нэг буудал дээр 4-5 автобус багтахаар байхад бусдыгаа буудал руу оруулахгүй хориод зогсчихно. Араас нь ирсэн автобус ирээд, зогчигчдоо суулгахын тулд буудал руугаа орох болдог. Өмнөх автобус нь явдаггүй. Ингээд л дуут дохиогоо хангинуулж, ойр орчмын хүмүүсийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулна. Тэгж байтал гурав дахь автобус нь ирнэ. Дахинд дуут дохиогоо өгнө. Хоёр гурван автобусных нийлээд л тэр хавиар нэг цууриатуулж өгнө дөө. Зарим нь өмнөх автобусаа тойрч гарах гээд бөөн түгжрэл үүсгэнэ. Үүнээс нь болж замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин дуут дохио өгнө.
Энэ мэтээр найрал хөгжим шиг их дуут дохио хангинах нөхцлийг том оврын
автобус бүрдүүлж байна. Тийм байхад нярай хүүхэд цочиж харвах нь бүү хэл
томчууд ч гэсэн үсрээд өгөхгүй гэх газаргүй. Тиймээс том оврын
автобуснуудын энэ замбараагүй байдлыг өөрчлөх цаг болж. Нийтийн тээврийн
асуудлаа ярилцаж байна л гэдэг. Энэ мэтийгээ зохицуулж, хэлэлцэх
хэрэгтэй шүү дээ. Дээрээс нь Нийслэлийн нийтийн тээврийн газар, замын
цагдаа энэ тал дээр анхаарч, дураараа жолооч нарын эрхийг багахан
хязгаарламаар байна.
МОНГОЛЫН МЭДЭЭ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1791
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих