Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 45 суудлын 34-т нь МАН, 11-т нь АН-ын нэр дэвшигч ялалт байгуулаад байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр ялалт байгуулсан нэр дэвшигчдэд баяр хүргэлээ. Түүнчлэн хэлэхдээ "Би юуны өмнө нийслэлийн Сонгуулийн хороонд талархал илэрхийлье. Сонгуулийн хороонд ажилласан төрийн албан хаагчид шударга, сайн ажилласан. Сонгуулийн технологийн ашиглалт сайн байлаа, иргэдэд итгэл үнэмшил төрүүллээ.
Өнгөрсөн хугацаанд бид хичээж ажилласан. Нийслэлийн амьдрал их өөр болсон гэж бодож байна. Цаашдаа ч нийслэлийн дараа дараагийн удирдлагуудад нийслэлчүүдийн зүгээс тавих шаардлага өндөр болсон. Үүнийг шинэ удирдлага анхаарч ажиллах биз ээ. Нийслэлийн Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгууль том цунами боллоо. Сонгуулийн дүн гарсны дараа мэргэн, түргэн хүн их олширдог. Нийслэлийн бүтээн байгуулалтыг харлуулсанд би эмзэглэж байгаа. Утга учиргүйгээр гүжирдэн дайрч, муучлах замаар сонгуульд ялж болдог гэдгийг энэ сонгууль харууллаа. Тийм жишиг, хандлага тогтлоо. Улс, нийслэлийг удирдахдаа мафийн бүлэглэл маягаар ажиллах вий, тийм аюул учрах вий гэж би санаа зовж байгаа. Тиймээс би МАН-ынханд засаглалаа сайжруулаарай гэж хэлмээр байна. Хамгийн гол нь улстөржиж, намчирхалгүйгээр Улаанбаатар хотод эхэлсэн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллаасай, үргэлжлүүлээсэй гэж хүсч, захимаар байгаа юм…
Би Нийслэлийн Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгнө. МАН-ынхан Нийслэлийн Ардчилсан намын эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих