Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх таамаглал олны анхаарлын төвд байна. Парламентад олонхийн суудал авсан МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын дарга болох уу, Ерөнхий сайдаар ажиллах уу гэдгээс дараагийн алхмууд хийгдэх хүлээлттэй байна. Одоогийн байдлаар МАН-ын дарга М.Энхболд дээрх хоёр албан тушаалын алинд нь очихоо намынхандаа мэдэгдээгүй байгаа юм билээ. Гэхдээ энэ нь өнөөдөр болох МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаас тодорхой болно. Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар томилогдвол Ерөнхий сайдаар Н.Энхболдыг томилох бор шувуу нисч байна.
Шинэ Засгийн газрын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг тус тус томилох магадлал өндөр байна. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, Сү.Батболд, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Т.Бадамжунай, Т.Гантулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Ганди нарын нэр тус тус яригдаж байгаа юм.
Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар томилогдвол УИХ-ын даргаар Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын аль нэг томилогдох сурагтай. Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын хувьд өмнө нь УИХ-ын даргаар ажиллаж байсан бол Н.Энхболд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан тус нам дараагйин генсекээ бага хурлаараа хэлэлцэн томилно. Эрх баригч хүчний намын дотоод аппаратыг ирэх дөрвөн жилд удирдах эрхмээр НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн нэр гарч байна. Гэхдээ түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилох эсэхийг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар шийдэх юм.
Н.Нягт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих