Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын "Су 24” сөнөөгч онгоцны ахмад Олег Пешковын үхэлд харамсч байгаагаа илэрхийлэн Оросоос уучлалт гуйсан билээ. Энэ үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нар утсаар ярилцаж, тун удахгүй уулзалдахаар болсон юм. Хоёр улсын Төрийн тэргүүн зургаан сарын дараа утсаар ярилцсан нь энэ юм.
Ярианы төгсгөлд Путин Туркийн эсрэг хэрэгжүүлж байгаа зарим хоригоо цуцалж буйгаа илэрхийлжээ. "Су 24” онгоцны сүйрлийн дараа Путин Туркийн эсрэг хэд хэдэн салбарт хориг тавьсан юм.
Тэгвэл эхний ээлжинд хоёр улсын хооронд нислэг үйлдэхийг зөвшөөрч, хоригийг цуцалжээ. Мөн ОХУ-ын иргэдийг Турк руу аялахыг зөвшөөрч, хоригт багтаад байсан Туркийн аялал жуучлалын байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн болгосон байна.
Хоёр улсын Ерөнхийлөгч 40 орчим минут ярилцсан байна. Орос, Туркийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ онд зохион байгуулагдана гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгдсэн юм. Тэрбээр мөн Ерөнхийлөгч Путин Оросын иргэдийг Турк руу зорчихыг хориглосон шийдвэрээ цуцлана гэдгийг хэлж байсан нь биеллээ оллоо. "Су 24” онгоцны сүйрлийн дараа Путин Туркийн хэд хэдэн салбарт хориг тавьж, иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг уриалсан юм.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Туркийн Истанбул хотын "Ататурк” олон улсын нисэх буудалд энэ сарын 28-ны шөнө халдлага гарч, 42 хүн амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон. Халдлагаар гэмтэж бэртсэн хүний тоо 240 болжээ. Энэ аймшигт халдлагыг хэт даврагч "Исламын улс” бүлэглэл, эсвэл Курдийн ажилчны намын дэмжигчид үйлдсэн гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн 13 нь гадаадын иргэд байв.
Истанбулд болсон халдлагыг олон улсын ажиглагчид дүгнэхдээ Турк улс хэт даврагчдад цохилт өгч байгаа ОХУ-тай харилцаагаа сайжруулж, дотноссонд хорссон "Исламын улс” Анкарад сануулга өглөө гэсэн юм. Сүүлийн үед хэт даврагчид Туркийг онилж, тус улсын хэд хэдэн хотод удаа дараа халдлага үйлдсэн билээ. Турк улсын хамгаалалт сул, хэт даврагчид тус улс руу амархан нэвтэрч чаддаг болсоноос халдлага ихээр гарах боллоо гэж ч үзэх шинжээчид байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Истанбулд халдлага болж, олон хүн амиа алдсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд террорист ажиллагааны цаана хэн байгааг тодруулахад Турк улсад туслахаа илэрхийлсэн. Цагаан ордны тэргүүн энэ үеэрээ Туркийн Еөрөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросоос уучлалт гуйсныг сайшааж байгаагаа хэлсэн юм. "Эрдоган ОХУ, Турк хоёр улсын дунд үүсээд байсан үл ойлголцлыг давж гарах чухал алхам хийлээ” гэж Обама хэлсэн. Мөн Туркийн Ерөнхийлөгч Израиль улстай харилцаагаа сэргээх хэлэлцээр хийснийг олон улс таатай хүлээж авсан юм.
AMJILT.COM
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих