Монгол
Улсад аж үйлдвэрийн комбинат үүсч байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд
тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан УИХын гишүүн Я.Содбаатар, МАНын
Дотоод асуудал, хамтын ажиллагаа, ТББ хариуцсан нарийн бичгийн дарга
Х.Булгантуяа, НБСТГын дарга А.Ариунзаяа нар "Гутал, арьс шир, ноосны
үйлдвэрийн инженер техникч ажилтны холбоо” ТББын зөвлөх, төрийн шагналт
О.Рагчаа, тус байгууллагын тэргүүн Ю.Шагдарсүрэн, гүйцэтгэх захирал
С.Шарав, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ц. Рэнцэнханд нартай уулзлаа.
Уулзалтын үеэр хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжил цэцэглэлтэд аж
үйлдвэрийн комбинатынхны оруулсан хувь нэмэр их гэдгийг УИХын гишүүн
Я.Содбаатар онцолсон. Манай улсын томоохон бүтээн байгуулалтад
тооцогддог "Оюутолгой” оргил үедээ 17 мянга орчим ажлын байрыг бий
болгож байсан бол аж үйлдвэрийн салбар цагтаа 20 мянган хүнийг жилийн
дөрвөн улиралд ажил, орлоготой байлгаж чаддаг байсан талаар талууд
онцолж байв. Гэвч 1990 оноос хойш 60 жилийн түүхэнд хийсэн бүтээснээ
хорин жилийн дотор ягаан, цэнхэр тасалбараар үнэгүйдүүлэн устгасан
гэдгийг ч хэлэх хүн олон байлаа. 1992 он хүртэл ихээхэн уналттай байсан
ноолуур боловсруулах үйлдвэрлэл П.Жасрайн Засгийн газрын үед сэргэн,
өндөр хурдацтай хөгжсөн нь тухайн Засгийн газраас гаргасан 63 дугаар
тогтоолын үр дүн байв. Харин 1996 онд М.Энхсайханы засгийн газар уг
тогтоолыг хүчингүй болгосноор 19962000 онд жилд дунджаар 3.4 хувиар
буурсан үзүүлэлттэй гарчээ. Арьс ширний үйлдвэрлэл 2003 он гэхэд нэг
хувь болтлоо унасан байна. Харин ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл
2011 онд 2008 онтой харьцуулахад 8.9 хувиар өсчээ. Энэ бүгдээс харахад
40 гаруй сая малтай манай орны хувьд мал аж ахуйн түүхий эдэд
боловсруулалт хийх үйлдвэрүүдийг олноор байгуулах, мэргэжилтэй боловсон
хүчин бэлтгэх ажлыг дахин эхлүүлэх. Малын үүлдэр угсааг сайжруулах,
дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц төвшинд хүрэхүйц тоног төхөөрөмж техник
хэрэгслээр хангах бодлого дутаж байгааг ахмадууд онцолсон. Түүнчлэн
төрийн зүгээс хөнгөн аж үйлдвэрийн салбарыг дэмжих талаар дорвитой арга
хэмжээ авч чадвал эдийн засгийн хямралтай, түүнээс гарах гарцыг хайж буй
энэ үед зөвхөн уул уурхайг шүтэн амьдрах бус малынхаа ашиг шимийг
хүртэн эдийн засгийн өсөлтийг хангах өндөр боломж байгаа талаар
уулзалтын үеэр ярилцав.
М. Өлзий
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1807
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих