Су.Батболдыг хотын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед Хотын дарга Э.Бат-Үүл үгээ хэлж байна. Тэрбээр өөрийг нь хотын даргаар ажиллаж байх үед хэрэгжүүлж эхлүүлсэн, нийслэлчүүдэд хэрэгтэй хөтөлбөрүүдийг битгий зогсоогоорой гэж захиж байна. Ер нь бол тэрбээр өнөөдөр анхаарал татсан үгсийг цөөнгүй хэллээ. НИТХ-ын анхдугаар хуралдааны эхэнд тэрбээр хэлэхдээ "Анхдугаар хурлыг яагаад ахмадаар нь удирдуулдгийг шинээр сонгогдсон төлөөлөгчид мэдэхгүй байх шиг байна. Энэ бол Монгол Улсын олон зуунаас уламжилж ирсэн төрт ёс юм шүү. Сонгууль үнэхээр цунами болсон. Та нар олонх болсон. Та нар түүндээ хөөрөөд юу болсныг ерөөсөө ойлгохгүй байна. Ялалтандаа төөрчихжээ. Би та нарын заримыг төрөө ч үгүй байхад ухуулга хуудас тараагаад явж байлаа. Өнөөдрийг хүртэл энэ нийгмийн хамгийн төвөгтэй амьдрал болох улс төрийн гал усан дундуур туулсаар ирсэн. Та нар өсөж өндийхдөө миний нэрийг дуулсаар ирсэн. Энэ улс орон аюулын ирмэг рүү, хагарал сүйрлийн ирмэг рүү явах гэж байхад нь зогсоож байсан тийм хүний нэг байна. Энэ туршлагаар бол та нарын хэн нь ч надтай эгнэхгүй. Би бардам хэлж байна. Энэ улс төр эвгүйтвэл юу болдгийг би сайн мэднэ. Та нар нэг юм ойлгох хэрэгтэй. Сонгууль мажоритар системээр явсан. Энэ бол улс төрийн хүчээр та нар олонхийн санал авсан гэсэн үг биш. Цаана нь та нарт санал өгөөгүй 50 хувь байгаа. Нэн ялангуяа нийслэл дээр биднийг ялагдсанд харамсаж байгаа харамсал маш их байгаа. Үүнийг сайн тооц, сайн ойлго! Нийгмийн эсэргүүцлийг зохион байгуулах туршлага, нэр нөлөөгөөрөө жинтэй хүмүүс гудамжинд гарсан байгаа. Үүнийг битгий мартаарай. Та нарын энд гаргаж байгаа овилгогүй, давлиун зан бүхэн нийгмээ аюулд учруулна, эсэргүүцлийн галыг улам өдөөнө шүү. Үүнийг битгий мартаарай! Та нар өөрсдөө юу болсныг сайн ухаар. Та бүхэнд тайван замаар эрх мэдлээ шилжүүлж байгаа нь ардчиллын гайхамшиг шүү. Ингэж хэлж байхад олуулаа дайрч, найрал дуучид шиг орилж байгаа чинь маш том алдаа. Битгий ингээрэй. Би хэлье, та нар пянг нь даахгүй шүү. Дахиад хэлье. Тайван замаар засгийн эрх шилждэг ардчиллын гайхамшгийг үзүүлсэн сонгууль боллоо гэж би санамсаргүй хэлээгүй шүү” хэмээн хэлсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих