
АН, МАХН-ынхны энэ сарын 10-ны өдөр байгуулсан "Түншлэлийн” гэх нууц гэрээ олон нийтэд ил боллоо. Энэхүү гэрээнд зааснаар УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахаар тогтжээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөс болж энэ Засгийн газар хэзээ мөдгүй унаж мэдэхээр байхад хоёр намын удирдлагууд дараагийн сонгуулийн тухай мөрөөдлийн гэрээ үзэглэж сууна. Угтаа бол аль нам засгийн эрхийг гартаа авахыг ард түмний мэргэн сонголтоор шийддэг баймаар. Гэтэл АН, МАХН-ынхан бараг мөнхийн эрх баригч байна гэдгээ мөрөөдлийн гэрээгээрээ тунхаглан зарлах нь тэр. Ингэхэд тэд далдыг хардаг болчихсон юм биш байгаа! Хамгийн хачирхалтай нь эрх баригчид "Түншлэл”-ийн гэрээгээ зөвхөн МАХН-тай байгуулжээ. Уг нь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг Н.Алтанхуягийн Засгийн газрыг хамтран байгуулсан. Гэвч эвслээс нэг намыг нь онцолж түншлэлийн гэрээ байгуулсан нь "Шударга ёс” эвслийн бүлгийнхний хагарлыг улам дэвэргэлээ. МАХН, МҮАН-ынхан 2012 онд улс төрийн холбоо байгуулан эв нэгдлийн сум багцалж есөн жилийн хугацаанд сонгуульд хамтарч оролцохоор болсон.
Урт
хугацааны улс төрийн баримт бичигт гарын үсэг зурчихаад ирэх сонгуульд
эрх баригчидтай хамтарч дангаар засагт орохоор санаархсан
хамтрагчдадаа МҮАН- ынхан гомдсон нь лавтай. Тэгэхээр эвслийн бүлгийн
эмзэг цэг, дотроо хөлөө жийлцэх шалтгаан нь нууц гэрээнээс эхтэй байж
мэдэх юм. Ерөөсөө төрийн ажил улс төрийн намуудын тохиролцоогоор явж
байгаагийн тод жишээ энэ гэрээ болжээ. Эрх баригчид эвслийн бүлэгтэй
хамтарч Монголын төрөөр яаж тоглохоо түншлэлийн гэрээндээ нэгбүрчлэн
зааж өгчээ. Албан тушаалтайгаа үлдэж байвал улс орны эрх ашиг хэнд ч
хамаагүй бололтой. Мөрөөдлийн гэрээнийхээ зорилгыг хоёр намынхан "Улс
орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ард түмний язгуур эрх
ашгийг дээдлэх зарчимд үндэслэн шударга ёсыг тогтоож, ядуурлыг бууруулж
эдийн засгийг сайжруулах” гэж тодорхойлсон байна. Үүнээс цааш гүйлгээд
уншвал дэндүү ичгэвтэр заалт олон байна. Юун ард түмэн, эдийн засгийн
хямрал, ядуурал. АН-ынхан Засгийн газрыг унагахгүй байх, "Шударга ёс”
эвслийн бүлгийнхэн намын дарга Н.Энхбаярыгаа албан тушаалтай болгох
арчаагүй санаархал хөвөрч байх юм. Эрх баригчид дараагийн сонгуульд
хүчээр ч хамаагүй ялалт байгуулахаар шийдсэн бололтой. Харин дангаар
олонхи болж чадахгүй бол МАХН-ыг уруу татах санаагаа ч ил тод
илэрхийлсэн байна. Тиймээс УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд "Авлигын
загалмайлсан эцэг” хэмээдэг Н.Энхбаярын намынхантай хамтарч оролцохоо
хамгийн түрүүнд баталгаажуулжээ. Мэдээж хэрэг тэдний саналыг албан
тушаал, эрх мэдлийн төлөө ёстой л Ц.Нямдоржийн хэлдгээр хэний ч араас
хутга шааж мэдэх МАХН-ынхан хүлээн авалгүй яах вэ. Бүр МҮАН-ынхнаасаа
нууж байгаад эрх баригч хүчинтэй гар барьчихсан байх юм. Ингэхдээ 2016
оны сонгуулиар нэгдсэн бодлого баримталж эвсэл болж оролцохоос гадна АН
сонгогчдын 40-50, МАХН 15-25 хувийн саналыг авах зорилго өмнөө тавьсан
байна. Энэ Засгийн газрын үед иргэдийн амьдрал, эдийн засгийн байдал
шалдаа буутлаа доройтчихоод байхад эрх баригчид дараагийн сонгуулийн
төлөвлөгөөгөө зохиож сууна.
Улсаа хөгжүүлж, иргэдээ хүн шиг амьдруулахаар хагас, бүтэн сайнгүй
ажиллаж байна гэсэн нь үлгэр байв уу. Эсвэл 2016 оны сонгуульд МАХН-
тай нэгдэж оролцох улс төрийн бохир төлөвлөгөөгөө боловсруулаад завгүй
байв уу. УИХ-ын 2016 оны сонгуульд бэлтгэхэд хангалттай хугацаа байна.
Харин элгээрээ хэвтсэн эдийн засгаа эрчимжүүлж, эрчээ авсан валютын
ханшийг тогтоон барьж, танхимаараа унах гэж байгаа Засгийн газраа
тогтоон барихад л цаг хугацаа тун хангалтгүй байна, эрх баригчид аа. Уг
нь УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай
хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Түүнээс гадна Улс төрийн
намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар парламентад суудалгүй
намуудын дарга нарыг Төрийн ордонд хэд, хэдэн удаа хүлээн авч уулзсан.
Улстөрчид ам нээх бүртээ "Улс төр ёс зүйтэй байх хэрэгтэй” гэдэг. Дээрх
хуулиудыг өөрчилбөл Монголд шударга ёс тогтчих юм шиг олон удаа ярьсан
даа. Гэтэл эрх баригчдад Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хүсэл
байхгүй бололтой. Учир нь хамтарсан гэрээндээ "Дараагийн сонгуулийн эрх
зүйн орчныг бүрдүүлэхдээ холимог тогтолцоог хадгалж, мажоритари,
пропорциональ тогтолцооны харьцааг 50:50 хувь болгож, мажоритор болон
намын жагсаалтаар нэр дэвшигчдийн харьцааг 38:38 байлгах нь зүйтэй”
гэсэн байх юм. Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслөө боловсруулж дуусаагүй байхад АН-ынхан ажлын хэсгийнхнээс
түрүүлээд өөрсдөдөө тааруулаад боловсруулчихаж. Зарчмын гол заалтуудыг
нь эрх баригчдын хүссэнээр өөрчлөх юм бол хууль баталсан дүр эсгэж ард
түмнээ хуураад яах юм. Намдаа тааруулаад наад хуулиа эртхэн засчихсан
нь дээр байлгүй дээ.
"Парламентад
суудалгүй намуудын саналыг авч байна” гэж цаг хугацаагаа ч үрэх
шаардлага алга. Угаасаа тэдний хэлж, ярьсан нь энэ хуульд багтахгүй нь
тодорхой. Учир нь "Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хууль,
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэхэд
МАХН- ын бодлогын чанартай саналыг тусгаж харилцан зөвшилцсөний үндсэн
дээр УИХ, Засгийн газрын гишүүдэд чиглэл өгөх” гэсэн заалт хамтарсан
гэрээнд нь байгаа юм. Хууль тогтоох байгууллагын гишүүд хуулиа зөрчиж
ханцуй дотроо наймаалцдаг болсны тод жишээ энэ. Парламентын гишүүдийн
ёс зүй АН, МАХН-ын хөлд хөсөр хаягдлаа. Сонгуулийн саналтай холбоотой
бас нэгэн сонирхолтой заалт гэрээнийх нь 1.6 дахь хэсэгт багтжээ. Үүнд
УИХ-д суудал авсан гишүүнд авсан саналынх нь тоогоор 10 мянган төгрөг
өгөхөөс гадна бүлэг байгуулсан намын гишүүдийн санал бүрт 5000 төгрөг
нэмж өгөх, Засгийн газрын гишүүний иргэдээс авсан санал болгонд 5000
төгрөг нэмж олгох талаар заажээ. Үүнийг "АН, МАХН-ынхан 2016 онд
авлигажсан сонгууль явуулахаар тохиролцжээ” гэж хардахаас өөр яалтай.
Тэр ч атугай төрийн өндөр албан тушаалд МАХН-аас санал болгосон хүнийг
ямар ч асуудалгүй томилох тухай ч тусгаж өгсөн байна лээ. Хоёр намын
хамтарсан нууц гэрээний хачирхалтай заалт нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг
олон улсын байгууллагад ажилд оруулж өгөх т у х а й хүсэлт юм. Ингэхдээ
бүр НҮБ- ын орлогч дарга болгох саналтай байгаагаа намын удирдлагуудыг
илэрхийлжээ. Хуулийн байгууллагад шалгаж, авлигын хэргээр хоригдож
явсан түүнд орлогч даргын суудал тийм ч амархан олдохгүйг намынхан нь
гадарласан бололтой. Тиймээс ч НҮБ-ын орлогчоор биш юм гэхэд аль нэг
салбар байгууллагынх нь даргаар явуулж өгсөн ч болно гэх өөр хувилбар
санал болгохоо мартсангүй.
Ямартай
ч МАХН-ынхан намын даргаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгоно
гэж зүтгээгүй нь яамай даа. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан Н.Энхбаяр нэгэнтээ "Луйварчид” гэж цоллож явсан
АН-ынхнаас албан тушаал гуйх хүртлээ доош орлоо гэж үү. Түүгээр ч
зогсохгүй Н.Энхбаярын гэр бүл, хамаатан садан, хамтран зүтгэгчдийг
мөрдөн мөшгиж байгааг АН судалж хууль бус үйл ажиллагааг т а с л а н
зогсоох талаар тодорхой арга хэмжээ авахаар МАХН-тай тохиролцсон байна.
Хуулийн байгууллагын ажилд саад болохыг АН-ынханд даалгаж байгаа МАХН-
ын увайгүй санаархал жинхэнээсээ хууль зөрчиж байна. Нэг иймэрхүү
заалттай мөрөөдлийн гэрээг "Давхар дээл” тайлах тухай хуулийн төслийн
эхний хэлэлцүүлгээс өмнөхөн баталжээ. Гэвч хоёр нам түншлэлийн гэрээ
байгуулаад ч тусыг олсонгүй. Эндээс "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн
найдвартай түнш мөн үү гэдэг асуулт урган гарч байна. Засгийн газарт
бужигнаан үүсэхэд хамгийн түрүүнд өөрт ашигтай хувилбараа сонгоод
хамтарснаа хаяж мэдэх хүмүүс.
Ядаж
л эрх баригчидтай нууц гэрээ байгуулахдаа хамтрагчаа мартчихаж байгааг
нь хар л даа. Намын дарга Н.Энхбаярыгаа ажилтай болгож, хэдэн нөхдөө
яам, агентлагийн даргын зөөлөн суудалд залчихвал АН-тай нийлээд шударга
ё с , Үндсэн хуулийг уландаа гишгэхэд бэлэн гэдгээ баталчихсан байна.
Ёстой "Шударга ёс” биш "Шударга бус” эвслийн бүлэг байна даа. Харин эрх
баригчдад зөвхөн тооны ялгаа бий. Үндсэндээ чанарын ялгаа гэх юу ч
байхгүй. УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-тай нийлж, засаг барьж төсвийн
мөнгийг завших сонирхолтой байгаа нь түншлэлийн гэрээнээс нь харагдаж
байна. Ард түмэн тэнэг биш. Тийм болохоор АН, МАХН-ыг дахин түншлүүлж
төрөө самруулахгүй. АН, МАХН-ын байгуулсан нууц гэрээ түншлэлийнх үү,
эвслийн бүлгийг бутаргаж түнжин хагалах гэрээ юү гэдгийг харж л сууя.
Хэрэв "Шударга ёс” эвслийн бүлгийнхэн задарч эхэлбэл хүчтэй үлээхэд
хийсчихээр байгаа Н.Алтанхуягийн Засгийн газрын хувь заяа хаашаа эргэх
нь хамгийн сонин байна. Учир нь танхимыг хамтран бүрдүүлсэн эвсэл
задарвал Засгийн газар огцрох учиртай.
Ц. Оюунтунгалаг
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Эх сурвалж: Монголын үнэн сонин

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1808
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих