Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Энэ жилийн хувьд цагдаагийн алба хаагчдад онцгой өндөр үүрэг хариуцлага хүлээсэн жил болж байна. Учир нь улс эх оронд өрнөсөн олон арга хэмжээнүүдэд албан үүргээ гүйцэтгэхээс гадна өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ болон аймаг нийслэлийн сонгуулийн үеэр албаны бэлэн байдалд хариуцлагатай ажиллав. Одоо тэгвэл түүхт ойнууд давхцсан төрийн их баяр наадмынхаа үеэр тэд баярлах завгүй, амсхийх чөлөөгүй ажиллах нь тодорхой юм. Түүний араас залгуулаад АСЕМ хэмээх өндөр дээд хэмжээний уулзалтад цагдаагийн алба хаагч нар мөн л өндөржүүлсэн бэлэн байдалд буюу албаны бэлэн байдалд шилжиж ажиллана.
Ингээд наадам болон АСЕМ-ийн үеэр цагдаагийн алба хаагчид хэрхэн ажиллах, ямар төлөвлөгөөтэй алба үүргээ гүйцэтгэх талаар ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтохтой ярилцлаа.
-Төрийн их баяр наадмын үеэр цагдаагийн алба хаагчид хэрхэн яаж ажиллах гэж байна вэ?
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хэв журмын салбар хорооны төлөвлөгөөт хэсгийг хэлэлцүүлэн баталж, үүнтэй уялдуулан цагдаагийн хамгаалалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө, баяр наадмын хамгаалалтын төлөвлөгөө зураглал, баяраар онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон шуурхй шалгаж шийдвэрлэх төлөвлөгөө, онцгой гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг тус тус гарган хэрэгжүүлж байна. Баяр наадмын хамгаалалтын үйл ажиллагаа энэ жил онцлог болж байгаа. Наадмын дараа АСЕМ-ийн хурлын өндөр дээд уулзалт болно. Одоогийн байдлаар баяр наадмын хамгаалалтын үйл ажиллагаа явагдахад бэлэн болсон.
-Тэгэхээр хамгаалалтын үүрэг чиглэлүүдээ өгсөн байгаа юу?
-Өчигдөр хэлтсүүд болон алба хаагчдадаа өгсөн. Баяр наадмаар хэв журмын салбар хороод дээр тодорхой чиглэлийн төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн. Мөн цагдаагийн байгууллагаас зохион байгуулах урлаг соёлын арга хэмжээ, гадаадад зочдын хүлээж авах, хэрэгтэй шаардлагатай гэсэн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангууллаа. Өнөөдрөөс эхлэн Хүй долоо худагт хамгаалалтууд тавигдаж эхэлж байна. Өчигдөр сурын харвааны баяр дээр алба хаагчид хамгаалалтад ажиллаад эхэлсэн.
-Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд нийт хэчнээн алба хаагч ажиллах вэ?
-Нийт цагдаагийн байгууллагын 4800 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Үүнээс 2019 нь Хүй долоо худагт, Төв цэнгэлдэхэд 2100 орчим алба хаагч ажиллана. Үүнээс гадна Хууль сахиулах их сургуулиас 500 гаруй сонсогч, олон нийтийн цагдаагийн 214 ажилтан оролцоно. Мөн оюутан цагдаа болон бусад хэв журам сахиулах чиглэлээр сайн дурынхан ажиллана.
-Баяр наадмыг угтаж танай байгууллагаас иргэдэд урьчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт зэрэг ажлыг амжилттай хийж дуусгасан гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгвөл?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрвээ гэмт хэрэг гарсан тохиолдолд шуурхай шалгаж илрүүлэх, шийдвэрлэх зэрэг дээр ажлын багууд гарч ажиллаж байгаа. Хүй долоон худагт дуудлага мэдээлэл хүлээж авахаар жижүүрийн бүрэлдэхүүн, Төв цэнгэлдэхэд 24 цагаар жижүүрийн хэсгүүд ажиллана. Мөн иргэдээс гарч байгаа дуудлага мэдээлэл, гомдлыг 102 утсаар авч шуурхай ажиллана.
-Баяр наадмын өдрүүдэд халаасны хулгай гаардаг. Дээрээс нь эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд төөрөх гэмт хэрэгт өртөх, гол усанд осолдох зэрэг харамсалтай эмгэнэлтэй хэргүүд гараад байна. Үүнд ямар хяналт тавьж ажиллах вэ?
-Халаасны хулгай, хараа хяналтгүй хүүхэд төөрөх ийм асуудлууд элбэг гардаг нь үнэн. Яагаад гэхээр эцэг эхчүүд өөрсдөө хараа хяналтаа сайжруулах, эд хогшилдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Хамгийн гол өөрсдөдөө, гэр орон эд хогшилдоо хариуцлагатай байгаарай.
Түүнээс гадна баяр наадмыг үзэж сонирхохоор гадаадын зочид төлөөлөгчид олноор ирдэг. Тэдэнд бид нарын зүгээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан теле сурвалжлага бэлтгэж хүргэсэн. Мөн зорчих болон байрлах газруудад үзлэг шалгалт хийн аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.
-Энэ жил АСЕМ-тай холбогдуулан гадаадын иргэд олон ирсэн харагдана?
-АСЕМ-тай холбогдуулж улсын их өндөр наадмыг үзэх зочид олноор ирж байгаа. Үргэлжлүүлээд АСЕМ-ийн хуралд оролцох зочид түрүүчээсээ ирсэн байгаа. Одоогоор зочдын тоог тодорхой хэлэх боломжгүй байна.
-АСЕМ-ийн үеэр цагдаагийн байгууллага мөн л албаны бэлэн байдалд ажиллана. Энэ талаараа та тодорхой мэдээлэл өгнө үү?
-2014 оны арванхоёдугаар сараас эхлэн АСЕМ-ийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргасан. Одоогоор хамгаалалтын төлөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Хуульзүйн сайдын дэргэд 10 дэд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Зөвхөн цагдаагийн байгууллага гэхгүйгээр үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагуудын хурлын аюулгүй байдлыг хангахад оролцож байгаа. Дээрээс нь салбарын сайдын тушаалаар нэгдсэн удирдлагын төв дээр, шуурхай удирдлага төрийн тусгай хамгаалалтын газар дээр шуурхай штаб гарч ажиллаж байна. Хурлын аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө гээд 19 бүлэг 125 заалт бүхий ажлаас бүрдсэн төлөвлөгөөний биелэлтүүдийг гаргасан. Одоогийн байдлаар 93 хувьтай явж байна.
-АСЕМ-ийн үеэр орон нутгийн цагдаагийн алба хаагч нарыг нэмэлтээр авчирч ажиллуулна гэсэн үү. Нийт хэчнээн алба хаагч ажиллах вэ?
-Орон нутгаас алба хаагчид татагдан оролцоно. Тодруулбал, орон нутгийн цагдаагийн хэлтсүүдээс 570 алба хаагч нэмэлтээр ирнэ. Мөн сайн дурын 150 хүн, олон нийтийн цагдаа, урамшуулалт эргүүлүүд ажиллана. Залуус маань энэ ажилд хувь нэмрээ оруулах гэж олноор хандсан байсан. Тэднээс сонгон шалгаруулалтаар 150-ийг шилж авсан. АСЕМ-д зориулж нийт 5000 алба хаагч хамгаалалтад оролцоно. Бид аюулгүй байдлыг хэвийн явуулахаас гадна ард иргэдийнхээ амар тайван хэвийн амьдралд нь анхаарлаа хандуулна. Жишээлбэл, 321 чиглэлд 600 гаруй алба хаагч эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэнэ. Мөн амралт зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоо иргэд ногоон бүсэд аялж яваад гал алдах ч юмуу, гэмт хэрэгт холбогдох зүйл гардаг. Тэгэхээр тодорхой газруудад завьт болон морьд эргүүлүүд ажиллаж байгаа. Үүнээс гадна орон нутгаар иргэд ихээр явж байгаа. Харамсалтай нь замдаа хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад автын ослоор осолдох зэрэг хэргүүд гардаг. Тиймээс орон нутгийн замд аюулгүй байдлыг хангуулах, тухайн тодорхой чиглэлүүдэд төлөвлөлт зохион байгууллалтыг хийж байгаа.
-Танайхаас АСЕМ-д зориулж хамгаалалтын үйл ажиллагаандаа шинэ техник технологи нэвтрүүлсэн талаараа сонирхуулаач?
-Энэ удаагийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад цагдаагийн алба хаагчдын хувьд онцлог хамгаалалт байгаа. Аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинэ дэвшилтэд техник технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Жишээлбэл, нэгдсэн камерын системээр үйл ажиллагаа явуулна. Нийслэлд ашиглагдаж байгаа замын хөдөлгөөний болон удирдлагын төвийн Нийслэлийн төвийн цагдаагийн газарт гэх мэтчилэн 1100 орчим камерыг ашиглаж байгаа. Дээрээс нь хөтөч болон цоожлогч машин хөдөлгөөнт эргүүлийн автомашинуудыг суурилуулсан. Жи Пи Эс буюу зүг чиг тодорхойлогч мөн явуулын камеруудыг шуурхай удирдлагын төвтэй холбож хамгаалалт зохицуулалтыг бүрэн хянах боломжтой болсон байгаа. Мөн дүрс царайгаар нь таних, утас нууцлалтай дотоод сүлжээгээр харилцаж ажиллана. Цагдаагийн байгууллагад ашиглаж байгаа мэдээллийн сангууд жишээлбэл, эрэн сурвалжлах, жолооч нарын иргэний мэдээлэл, хуулийн этгээдийн галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх тэсэлгээний хэрэгсэлд хяналт тавих, хүч хэрэглэх праграм хангамжийг мэдээллийн системдээ ашиглаж байгаа юм. Дэд бүтэц хөгжөөгүй газар дээр бид нар мэдээллийг шуурхай дамжуулах камерыг суурилуулсан байгаа. Хөдөө орон нутаг гэлтгүйгээр тухай үйл явдлыг шуурхай дамжуулаад түүн дээрээ дүгнэлтээ хийх боломжтой болсон.
-Иргэдэд АСЕМ-ийн хуралтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?
-АСЕМ-ийн үеэр иргэд гэрээсээ гарч болохгүй, замын хөдөлгөөн хаана, хотоос дайжаарай гэх мэдээлэл гарч байгаа. Манай байгууллагын зүгээс төлөвлөгөөнд заасаны дагуу хамгаалалтад гарч ажиллана. Хурлын арга хэмжээ Чингис хаан олон улсын нисэх буудал, Шангрила-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явагдана. Тодорхой чиглэлд хамгаалалтын бүсүүд гарч байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэл дээр цагдаагийн байгууллага төрийн тусгай хамгаалалтын хуульд заасны дагуу хэв журам сахиулж үүрэг гүйцэтгэнэ. Тийм болохоор бид аль болох иргэдийг чирэгдүүлэхгүйгээр гэхдээ хамгаалалтаа өндөр дээд түвшинд зохион байгуулна. Үндсэндээ бол хамгаалалт авагдахаас хоёр цагийн өмнө замын хөдөлгөөнийг хязгаарлана. Бусад үед замын хөдөлгөөн хэвийн явагдана.
-Иймэрхүү байдлыг далимдуулж, хулгайч нар ажлаа эрчимтэй хийх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа?
-Бид нар бэлтгэл ажлын хүрээнд урьчилан сэргийлэх ажлуудыг хийсэн. Үүнтэй холбогдуулан халаасны хулгайчид, орон гэргүй тэнэмэл, сэтгэцийн өөрчлөлтэй иргэдэд тодорхой хяналт тавьсан байгаа. Тухайн үедээ эргүүл хяналтыг нэлээн сайн тавьсан учраас гайгүй байх. Гэмт хэргийг гаргуулахгүй тулд урьдчилсан эргүүлүүдийг сайн хийнэ. Дээр нь 1100 камер ашиглахаар урьдчилан сэргийлэлт, хэрэг илрүүлэлт дээр сайн ажиллана.
-Танай байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хийсэн ажил төрөл юу байна вэ?
-Ойгоо угтаж бид нар олон төрлийн ажлуудыг зохион байгуулсан. Ер нь ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрүүлэх биш ойгоо угтаж төлөвлөгөөтэй олон төрлийн ажил хийж байгаа. Жишээлбэл, цагдаагийн алба хаагчид дотроо чиглэсэн урлаг соёл, спортын зэрэг олон арга хэмжээ, ажлыг хийсэн. Бас гадагшаа чиглэсэн ажлуудыг хийж байгаа. Дашрамд хэлэхэд, түүхт 95 жилийн ойгоо угтаж үе үеийн алба хаагчдадаа баярын мэнд хүргэе. Түүнчлэн наадамчин зон олон маань элдэв хэл амгүй, хэрэг зөрчилгүй амгалан тайван сайхан наадаарай гэж хэлье ээ.
О.Сайхан
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих