Турк улсад улстөрийн нөхцөл байдал хүндэрч, өнгөрсөн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарал тус улс руу чиглэлээ. Турк Улсад энэ сарын 15-16-нд шилжих шөнө цэрэг армийнхан төрийн эргэлт хийхийг оролдсоны уршигаар тус улсын нийслэл Анкара болон Истанбул хотуудад эмх замбараагүй байдал үүссэн байгаа юм. Төрийн эргэлт хийхийг оролдох үеэр бослого гаргасан 100 орчим цэрэг, хамгаалалтад гарч байсан төрийн цагдаагийн байгууллагын 42, энгийн 118 иргэн амь насаа алдсан, 1,400 орчим иргэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл манай улс дахь Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Элчин сайд Мурат Карагөз хэлэхдээ "Энэхүү төрийн эрхийг гартаа оруулах гэсэн хэсэг бүлэг цэргийн хүчний оролдлого нь ард түмний хүсэл зоригийг нухчин дарах гэсэн оролдого хэдий ч ард түмэн зоригтойгоор нэгдэж эмх замбараагүй байдлыг таслан зогсоож чадлаа” гэж байлаа. Халдлага үйлдсэн 3000 орчим цэргийн албан хаагчдыг баривчлан саатуулсан бөгөөд улс төрийн нэр бүхий албан тушаалтнуудыг барьцаалсан байсныг суллаад байгаа талаар тэрбээр хэлж байлаа. Мөн тэр хэлэхдээ мөргөлдөөнд Туркийн зэвсэгт хүчин бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоогүй гэж байна. Зэвсэгт хүчин дотор үүрлэсэн хэсэг бүлэг этгээдийн үйлдсэн халдлага байсан. Халдлагад Үндэсний их хурал анх удаа өртлөө. Энэхүү халдлага нь төрийн эрхийг авах гэсэн хууль бус оролдлого байлаа. Нөхцөл байдалтай холбогдуулж Туркийн Үндэсний их хурал ээлжит бус чуулган хуралдуулж, тус хуралд суудалтай бүх намуудын дарга нар нэгдсэн мэдэгдэл гаргасан байна. Түүнчлэн халдлагыг зохион байгуулсан этгээдүүд зохих хуулийн хариуцлагыг оногдуулах болно гэдгийг тэр хэллээ. Ажиллагааг зохион байгуулсан 8 этгээд Грек рүү нисдэг тэргээр зугатаж, улс төрийн орогнол хүссэн ч Грекийн Засгийн газар тэдгээр этгээдийг буцаан тушаана гэдгээ мэдэгдсэн ажээ.
shuurhai.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих