ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна. Уг вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа цаг алдалгүй хандахыг хүсье.
ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна.
Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой гэж үздэг. Саяхан л гэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ууса, Жалбаа гэдэг газар тарвага үхсэн тухай дуудлагын дагуу тус аймгийн "Зоонозын өвчин судлалын төв” ажиллаж, лабораторийн шинжилгээ хийхэд тарваганы нэг зэм үхдэлээс тахлын үүсгэгч илэрсэн нь тарваган тахлын байгалийн голомт идэвхитэй байгааг харуулж байгаа юм.
Иймд иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих