-Таныг Google-д ажилладаг монгол залуу гэдгээр тань манай уншигчдын зарим нь мэдэх байх. Тэгвэл ярилцлагаа таны эзэмшсэн боловсрол, төгссөн сургуулиас эхэлвэл ямар вэ?
-Арван жилээ нийслэлийн 11 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсөж дүүргэсэн. Дунд сургуульд математикийн тэмцээн уралдаануудад их ордог байлаа. Харин их сургуульд программ хангамжийн чиглэлээр суралцсан. ШУТИС-ийн КТМС-д сурч байхдаа БНСУ-д Засгийн газрын тэтгэлэгээр суралцах завшаан тохиож "KAIST" гэдэг Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд магистрын зэргээ хамгаалсан. Магистрт сурч байх явцдаа АНУ-ийн мэдээллийн технологийн шилдэг сургуулиудын нэг болох "UC Berkley"-д мөн суралцсан. Бакалавраа software инженер, харин магистраа software дундаа -"Хиймэл оюун ухааны" чиглэлээр хамгаалсан.
-Сургуулиа төгссөнийхөө дараа Google-д ажилд орсон уу?
-Тийм. Сургуулиа төгссөн даруйдаа Google-д ажилд орсон. Түүнээс хойш нийтдээ долоон жил болсон байна.
-Та Google-д ажиллаад долоон жил болсон байна гэж сая хэллээ. Анх ажилд орсноос хойш буюу өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэж явсан бэ?
-Оюутан байх хугацаандаа аль нэг компанид мэргэжлээрээ ажиллаад яг software инжнер гэж ямар хүн байх ёстойг арай илүү мэдэж байсан бол ажилд орсны дараа суралцдаг олон зүйлсийг оюутан байхдаа эзэмших боломжтой байсныг мэдсэн. Их сургуульд голдуу онолын судалгааны чиглэлээр хичээл ордог, зөвхөн онолын мэдлэгээс гадна software инженерүүд ажлын бүтээмжээ сайжруулахын тулд суралцах, дадал болгох зүйлс их байдаг. Энэ бүхнийг оюутнууд суралцаж байх хугацаандаа ажлын байран дээрээ дадлага хийвэл эдгээрийг илүү хурдан эзэмших боломжтой юм шиг санагддаг.
-Ажиллаж буй салбартаа цаашид хийх юмсан гэж бодож, төлөвлөж байгаа таны "том" зорилго юу вэ?
-Мэдээж хэрэг монголоосоо global хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тийм компани, залуучууд төрж гараасай гэж их хүсдэг. Мөн Google-д маш олон монгол залуучууд инженерээр ажилд ороосой гэж боддог. Үүнийхээ хажуугаар өөрөө ч гэсэн технологийн хувьсал, өөрчлөлтүүдийн голд нь байх юм сан гэж бас их боддог доо.
-Google-ийн бусдаас ялгарах, онцгойрол юунд оршиж байдаг вэ?
-Хайлтын систем бол Google компаний гол бүтээгдэхүүн. Гэхдээ хайлтын систем гэдэг үйлчилгээнээсээ илүү Google компанийн мэдээллийн төвүүдийн шинэ шийдлүүд нь тус компанийн одоогийн байр суурьт илүү чухал үүргийг гүйцэтгэсэн байдаг. Энэ нь хямд үнэтэй компьютерүүдийг ашиглан мэдээллийн төвүүдийг бий болгоод үүн дээрээ маш их хэмжээний мэдээллийг зэрэг боловсруулах боломжтой систем юм. Эдгээр мэдээллийн төвүүд нь Google-ийн бусдаас ялгарах гол технологи болсон. Магадгүй Google хайлтын систем бүтээхдээ тухайн үед, бусад компаниудын хэрэглэж байсан технологийн хүрээнд бүтээсэн бол Google хайлтын системээс илүү ихийг бүтээх боломжгүй байсан болов уу.
-Таны харж байгаачлан яг өнөөдрийн байдлаар дэлхий дээр анхаарал татахуйц ямар шинэ технологи хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болоод байна вэ?
-Google-ээс саяхан танилцуулсан технологиуд дундаас Google-ballon гэж байна. Агаарт бөмбөлөг хөөргөөд, уг бөмбөлөгүүд маань сансараас газар луу мэдээллийг дамжуулах юм. Энь нь хиймэл дагуул хөөргөхөөс зардлын хувьд хамаагүй хямд хийгээд хаана ч ашиглах боломжтой, мөн дэлхийн аль ч өнцөгт интернэт хэрэглэх боломжийг бүрдүүлж өгөх жишээтэй.
-Хиймэл оюун ухаантай холбоотой төслүүд дээр танай компани сүүлийн үед түлхүү ажиллаж байгаа тухай өмнө сонсож байлаа. Энэ талаар ярихгүй юу?
-Тиймээ. Google-ийн маш олон бүтээгдэхүүнүүд хиймэл оюун, machine learning технологуудыг хэрэглэдэг. Гэхдээ энэ салбарт хамгийн идэвхтэй ажиллаж байгаа бүтээгдэхүүн бол Google brain юм. Зөвхөн тухайн бүтээгдэхүүн бүрт зориулсан machine learning системийг бүхий л бүтээгдэхүүндээ ашиглаж болох нэг ерөнхий систем бүтээхэд чиглэсэн төсөл юм. Маш их хэмжээний мэдээллүүдийг өөрөө боловсруулах, тэндээсээ суралцаж хүний тархиний үйл ажиллагаатай төстэй зарчмаар ажилладаг тийм систем бий.
-Та ирээдүйд бүх хөргөгчнүүд хоорондоо холбогдоод хүний ажлыг хэрхэн хөнгөвчлөх талаар зөвлөдөг болно гэж ярьсан байсан. Энэ үнэхээр биелэлээ олох боломжтой зүйл үү?
-Хөргөгчнүүд зөвлөлдөх гэж илэрхийлсэн зүйл маань хөргөгчнүүд интернэттэй холбогдсоноор тэдэн дээр цугларч байгаа мэдээллүүд нэгтгэгдэж боловсруулагдаад энэ мэдээлэл буцаад хөргөгч бүрийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэнэ гэсэн үг юм. Ингэснээр хөргөгч өөрөө амьтай юм шиг хэрэглэгч болон ойрчиндоо улам дасан зохицож өдөр ирэх бүр өөрөө сайжирдаг болохыг дүрслэн хэлсэн юм. Тоос сорогч, гэрэл чийдэн болон халаагуур гэх мэтийн бүхий л гэр ахуйн болон нийтийн хэрэглээний электрон бараанууд интернэтэд холбогдож эхэлнэ. Жишээлэхэд Google nest гэж гэрийн температур удирддаг төхөөрөмж бий. Энэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчээ гэрээсээ гараад явахад өрөөний дулааныг багасгах, мөн цахилгааны үнэ бага байх үед гэрээ халаах, цахилгааны үнэ их байх үед буцаагаад багасгах гэх мэт үйлдлүүдийг хийдэг тийм систем. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь өөр дээрх мэдээллээ хоорондоо солилцож илүү боловсронгуй болж байдаг. Өөрөөр хэлбэл, нэг айлын температур хэмжигч ганцаараа бус олон температур хэмжигч хоорондоо мэдээллээ солилцож энэ мэдээлэл дээр үндэслэн өдөр ирэх бүрт температур хэмжигчүүд улам боловсронгуй болох боломжтой.
-Таны хэлсэн дээрх санаанууд хэзээ нэгэн цагт биелэлээ олсон тохиолдолд IRobot киноны зөгнөл биелэгдэх нь гэж ойлгож болох уу. Улмаар сая дурдсан кинон дээр өгүүлдэг шиг смарт технологиуд хүний эсрэг үйл ажиллагаа явуулж эхлэх тэр боломж бүрдэх үү?
-Яг үнэндээ үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол ирээдүйд нийгэм маань өөрөө software-т суурилсан нийгэм болох байх. Ингээд ирэхээр software-т зориулсан сайн хууль, software инжнерүүд маш их хэрэгтэй болно. Мэдээж хэрэг хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр түүнийг цаашид яаж удирдах вэ гэдэг асуудал гарч ирэх нь ойлгомжтой. Энэ бас давхар хөгжөөд явах байх. Гэхдээ хиймэл оюун ухаанаас болоод хүн төрлөхтний бүтээсэн энэ нийгэм нурчих байх гэж бодохгүй байна.
-Software инжнер гэж хэн бэ. Ирээдүйд энэ хүмүүсийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, роль ямар хэмжээнд хүрнэ гэж та төсөөлдөг вэ?
-Дэлхий дээр байгаа долоон тэрбум хүнд хүрч үйлчлэх асар хурдацтай хөгжиж буй маш олон технологийн хувьсгалууд бүгд software дээр тулгуурлан хийгдэж байна. Тиймээс цаашид сайн software engineer-үүд маш их эрэлттэй болно. Энэ хэрээрээ software инженерүүд ойрын тавин жилийн хугацаанд нийгмийн гол гол өөрлөлтүүдийг хийж эхэлнэ гэсэн үг. Магадгүй энэ утгаараа ирэх он жилүүдэд sortware инженерүүд хамгийн чухал хүмүүс болсон байхыг үгүйсгэхгүй.
Р.Улам-Оргих http://www.zuvsongolt.mn/page/newsmore/4243
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18258
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих