БЕРН. /Prensa Latina/. Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг орохыг хориглосон шийдвэрийг Спортын арбитрын шүүх /САШ/ хэвээр үлдээлээ.
Төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх үндэслэлээр Оросын хөнгөн атлетикчдыг олон улсын тэмцээнүүүдэд оролцохыг 2015 оны 11 дүгээр сард Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/ хориглосон бөгөөд энэ шийдвэрээ өнгөрсөн сард сунгасан юм.
Үүнтэй холбогдуулан хөнгөн атлетикийн нэр цэвэр 68 тамирчныг "Рио-2016”-д оролцохыг зөвшөөрөх хэрэгтэй гэж Оросын Олимпын хороо /ООХ/ үзэж, энэ сарын эхээр САШ-д зарга мэдүүлсэн билээ. Тус шүүх өчигдөр энэ гомдлыг шүүн хэлэлцээд, ОУХАХ-ны шийдвэрийг дэмжсэнээр ООХ заргаа алдлаа.
САШ-ийн шийдвэрийн дагуу Оросын хөнгөн атлетикийн тамирчид бараг бүгд удахгүй болох гэж буй "Рио-2016” Олимпын наадамд оролцох боломжгүй болж байна. Харин гадаадад байдаг орос тамирчид сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолж чадвал "Рио-2016”-д оролцож магадгүй.
Оросын хөнгөн атлетикийн ердөө 2-хон тамирчин, тодруулбал АНУ-д бэлтгэл хийдэг уртын харайлтын тамирчин Дарья Клишина, орос тамирчид сэргээш хэрэглэх нь газар авч байгаа талаар алтан хошуу өргөсөн дундын зайн гүйгч Юлия Степанова нар энэ зуны Олимпод оролцох эрхээ аваад байгаа юм.
Оросын хөнгөн атлетикийн алдартай тамирчид, тухайлбал Олимпын хошой алтан медальт тулгууртай харайлтын тамирчин Елена Исинбаева, Лондоны Олимпын алтан медальт өндрийн харайгч Анна Чичерова болон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 110 м-ийн саадтай гүйлтийн төрлийн алтан медальт Сергей Шубенков нар ч "Рио-2016”-д оролцох эрхээ хасуулаад байгаа билээ.
Оросын бүх тамирчдыг, тэдний дотор спортын бусад төрлийн тамирчдыг Риогийн Олимпод оролцохыг хориглох эсэхийг Олон улсын Олимпын хороо тусдаа авч хэлэлцэж байна.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих