Нийтлэлийн уралдаанд. /Сэтгүүлчийн эрэгцүүлэл бодол/
Бодол ургах эхлэл. Мал сүрэг. Хүний идэж уудаггүй өвс ургамал,хужир усаар хооллож,хүний хүнс тэжээл болдог мах сүү, эдэлж хэрэглэдэг арьс шир,ноос ноолуур үйлдвэрлэж яваа амьд биоүйлдвэр юм даа.Буурал түүхийн ахуй нэгэн цагаас монголчууд ийм нэгэн амьд үйлдвэрийг гаршуулж,гэршүүлж ирэхдээ мөр бүтэн,гэдэс цатгалан,бусдын царай хараагүй түүхтэй.
Хэдэн арваас хэдэн мянгаар тоолох ийм л үйлдвэрийг эзэгнэсэн малчин өрх, өнөөдрийн ойлголтоор өөрөө нэгэн компани.Тэд ийм үйлдвэртэй,тийм бүтээдэхүүнтэй,тоолох орлоготой,үлдэх ашигтай хөдөө нутгийн эзэд.Үүнийг тольдон харуулах мэт бараг л малчин өрх бүрийн "уяан” дээр наанадаж бага оврын машин трактор, цаанадаж улс улсын өнгө өнгийн суудлыг машин сойлттой боллоо.Морьтой малчид мотоцикльтэй малчид болж байна.Эзэндээ хүрсэн өмч хөрөнгийн өгөөж ашиг энэ ээ. "Хоёр идэхгүй хоосон хонохгүй”гэж ярих дуртай малчид хойморын эрээн авдартаа "хоёр хулгана” цоолохооргүй ялтсан хайрцагтай ойр зуурын хэрэглээний гэх хэдэн бор цаастай.Чөмөг сууж яваа малчид банкны хадгаламжтай,байшин хашаатай, аймгийн төв нийслэл хотод түрээслүүлж орхисон орон сууцтай.Үл хөдлөх хөрөнгө үнэндээ мал гэдэг амьд биоүйлдвэрийн ашгаар бий боллоо.
Улс орны мал сүрэг өссөөр…монгол түмнээ тэжээсээр…малчдын ашиг орлого нэмэгдсээр…ахуй амьдрал дээшилсээр…байгаа нь хөдөөгөө мэддэг хүний нүдэнд илхэн.Харин дэлхий таньсан дээдсийн нүдэнд малчдын уламжилж дассан ахуй нөхцөл,зан заншил,ажил амьдралын хэв маяг " ядуулаг” болон харагддаг бололтой.
Эрдэнэт мал сүрэг эх орны эдийн засгийн үндэс гэж малчин түмэн ярих дуртай.Тэр үндэснээс иш мөчир,цэцэг жимс ургана. Амттай жимснээс амсахыг хүсдэггүй манай төр засаг цатгалан юм даа. Тэр жимс-малын татвар.
Бодол тэлэх өрнөл. Төрт ёсоо төвхнүүлсэн Чингис хаан "Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр оршмуй.”хэмээн зарлиг болгожээ. Найман зууны тэртээх нармай монголын татвар гувчуур нь мал,түүний хувилгаан хэлбэр байсан болов уу? Лавтайяа шийтгэл торгууль нь төчнөөн бод гэж түүх шастирт тэмдэглэжээ.Монголчууд,манжийн есөнтөө угсаа залгасан хаадын есөн эрүүний дор зовон зүдэрсэн түүхтэй. Дааж давшгүй татвар гувчуурт тоолох малаа хүзүүдэн,түүний буянаа өргөж хоосорч ядуурсан нь үнэн.Гэвч манж нар монгол нутгийг малын мөргүй болгож чадаагүй.Үржиж өсдөг малын буян үгүйршгүй баялаг.Эх орон минь хөрсөн дороо эрдэнээр баян хэдийч цагийн юм цагаа болохоор,хэмжээтэй юм хэмжээндээ хүрэхээр дуусдаг жамтай.
Ардын засгийн эхний арав арван жилүүд, дэлхийн дайны хар онуудад монгол түмэн төрдөө хэрэгтэй хөрөнгийг малаараа бий болгож өгсөн.Түүний дотор татвар жин дарна. Монголын төр малын татвар мөнхийн холбоотой явж иржээ. Энэ холбооны нэгэн эрч нь түмний сэтгэлд шингэсэн бичигдээгүй хууль.Албадан татаж авахын язгууртай "татвар” гэдэг ойлголт,эргэх цагийн улирах халаанд малын буян хишгээсээ төрийн сандаа өргөх бэлэг дэмбэрлийн ёс заншил болсон мэт.Төрийн нүүр тодрох татвар гэдэг үг, хармын тоос наалдаагүй өглөг гэсэн үгтэй агараа нэгэн санагдана. Манай ард түмэн малын шим- цагаан сүүний дээжээ төрийн сүлдэндээ өргөдөг. Мал тоолох төрийн элч нараа цагаан эсгий дэвсэн угтдаг.Ийм сэтгэл үнэн,илгэл ариун малчин түмэндээ төр засаг -Та бүхнийг,малын татвараас чөлөөллөө гэж "сүү шиг сэтгэлийг ээдүүлэх чалчаа муу үг” хэлсэнд малчин олон баярлаж орилсонгүй,гомдож тунирхсангүй өнгөрсөөн. Түүний учир аваас бог малын толгойд шилжүүлснээр 1000 малтай хүн дунджаар 50 мянган төгрөгийн татвар төлнө.Энэ мөнгө чинь өнчин хурга төлөг болж үс гуужсан үеийн үнэ л дээ. Тав арван малтай ядуу малчин ч төлж чадна.Монгол хүн "өгье гэвэл ганцаасаа” гэсэн гүн ухаарлыг шүтдэг билээ.
Одоо уул уурхайн баялаг улсын төсвөө даахтай болж байна. Малчин ардынхаа ачаанаас хөнгөлж татвараас чөлөөье хэмээн төрийн мэргэн түшээд шийдвэр гаргасан байж магадгүй. Бас уулсын суга хөндий,говь талын их зоонд цацсан будаа шиг цайрах малчны гэрээс багахан татвар цуглуулахад ихээхэн гарзтай гэж тооцсон байж болно. Ямарч байсан малчин хүн малын татвараа тээршээгээгүй байхад өгөх эрхгүй хуультай болжээ.
Бодол саарах ухрал. Өргөн уудам хөдөө нутагт тунаж үлдсээр байгаа хэдхэн зуун мянган нүүдэлч малчид, мал гэдэг баялагыг бүтээж хайрлаж,хамгаалж өсгөж үржүүлж явна. Тэд сумын төвөөс нийслэл хот хүртэлх суурьшсан түмэн олноо тэжээж байна. Манай хүнс,хөнгөн үйлдвэрийн хүрд араа энэ баялагаар эргэнэ. "Түүхий”ч бай,”болсон”ч бай энэ баялаг бух тэрэгний чингэлэг чингэлэгээр өрнө дорно,өмнөд умардыг зорино.Төр засаг маань их ажил их баялагын төлөө борви богсхийх завгүй хөдөлмөрлөж яваа малчин олондоо ээлтэй сайхан бодлогоор хандана. Ивээлдээ авсан хуультай. Мал төрийн хамгаалалт байна. Ган зудны гамшиг,аюулт өвчний халдвар,арьс ноосны урамшуулал гээд төрийн үүрсэн ачаа их.
Тэр л ачаандаа малын татвараа тэглэн оруулжээ.Ингэж малын татварын асуудлыг авах гээхийн ухаанаар тунгаан бодвол зуун зуунаар уламжилж ирсэн малчин ардынхаа сэтгэл итгэлийг хүндэлмээр. Энэ цагийн өнгө төрхөөс ургасан төрийн бодлогоо дагамаар.
Бодол цэгцлэх төгсгөл. Сэтгүүлч миний бие уйтан ахар бодлын хэмжээгээр ,малчин иргэд малын татвараа өгье гээд байгаа юм шиг,малын татвар төлдөг хуулийн заалтаа сэргээе гээд байгаа юм шиг,төр засаг малчин ардынхаа улс орондоо гүйцэтгэж байгаа ажлын цар хүрээ,ач холбогдлыг дээдлэн малын татвараас чөлөөлсөн нь зөв гээд байгаа юм шиг хоёрлосон гуравласан санал бодлоо хэллээ. Түмний сэтгэлд нийцсэн төрийн бодлого хэрэгжиж чадна.Буянт сүргийн эзэд буянаа дээжлэн төрийн сандаа өргөхөд цацлын сүүний дусал гэж бодон бэлэгшээнэ. Санаа сайхан ардынхаа сэтгэлд уламжилсан итгэлийг улс төрийн хонжоогоор сэвтээж эвдэх ёсгүй.
Дорнод.Сэтгүүлч Л.Хэрээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих