Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны 7 дугаар сарын 27-нд хийж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа.
Баян-Өлгийд болсон гамшгийг арилгахад 329 сая төгрөг зарцуулна
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас учирсан хохирлыг цаг алдалгүй даван туулах ажлын хүрээнд улсын нөөцөөс гаргасан гэр, хүнс, бараа, материал, тэдгээрийг тээвэрлэн хүргэсэн тээврийн зардал болон Баян-Өлгий аймагт ажилласан Улсын онцгой комиссын ажлын хэсгийн томилолт, нислэгийн зардалд шаардах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.
Гамшгийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим хүн гамшигт нэрвэгдэж, 100 гаруй орон байр, эд хөрөнгө усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсгийг 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилон ажиллуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байна.
Яамдын газар хэлтсүүд орлогч даргагүй ажиллана
УИХ-аас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, 13 яамтай ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу яамдын зохион байгуулалтын бүтэц болон орон тооны хязгаарыг шинэчлэн баталлаа.
Шийдлийн Засгийн газрын үед 15 яаманд 1490 ажилтан ажиллаж байсан бол шинэ бүтцээр 13 яаманд 1381 ажилтан ажиллахаар болж, орон тоог 109-өөр хэмнэхээр боллоо.
Яамдын зохион байгуулалтын бүтцийг боловсруулахдаа салбарын бодлого нэгдмэл байх, төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарсан байна.
Мөн Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлоготой холбогдуулан яамдын Бодлого, төлөвлөлтийн газарт хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн яамны газар, хэлтэс нь орлогч даргагүй байх, татан буугдсан болон өөрчлөн зохион байгуулагдсан яамдын алба хаагчдыг чиг үүрэг нь хууль тогтоомжийн дагуу шилжиж байгаа яам, агентлагт шилжүүлэх, шилжин ирсэн алба хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулж ажиллуулахаар тогтлоо.
Зөвлөхгүй ажиллаж, албандаа жижиг оврын машин хэрэглэнэ
УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулж, орон тооны хязгаарыг баталлаа. Засгийн газар 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллана.
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэлэчлэн баталсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Тахарын ерөнхий газрыг татан буулгахаар шийдвэрлэлээ. Тахарын ерөнхий газрын чиг үүргийг холбогдох агентлагуудад шилжүүлэх юм.
Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлагийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:
- шинээр байгуулж байгаа болон өөрчлөн зохион байгуулж байгаа Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, үйл ажиллагааг нь шуурхай эхлүүлэх,
- хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-аас дээш ажилтантай бол дэд дарга эсхүл орлогч дарга 1-тэй, 100-аас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах,
- Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог 7-оос доошгүй байх чиглэл баримтлах,
- Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардалгүй байх,
- Засгийн газрын агентлагийн дарга нь төсөвт зардлыг хэмнэх шаардлагыг харгалзан зөвлөхгүй байх, албан ажилдаа жижиг оврын автомашин хэрэглэх.
Товч мэдээ:
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа. Комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, гишүүдээр Засгийн газрын зарим гишүүн, агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллах юм.
- Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилогдох болсонтой нь холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод суух Ерөнхий консул Б.Энх-Амгаланг эгүүлэн татлаа.
- 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар яамдаас хийж байгаа ажлын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар салбарын хэмжээнд хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, төсвийн орлогын бүрдүүлэлт хүндрэлтэй байгааг харгалзан хөрөнгө, хүн хүчний нөөц, бололцоогоо дайчлан ажиллах, тухайн салбарт нэн шаардлагатай байгаа хөрөнгийн тооцоог гарган Сангийн яаманд танилцуулах зэрэг арга хэмжээ авахыг сайд нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18347
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих