Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх үйл ажиллагааны нээлт өчигдөр Нийслэлийн 50 хороон дээр зэрэг болсон бөгөөд албан ёсны нээлт
Хан-Уул дүүргийн наймдугаар хороон дээр болсон. Нээлтийн үйл ажиллагаанд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга н.Энхцэцэг болон зэрэг албаны
хүмүүс оролцож, иргэдэд үйлчилгээний талаар болоод цаашид энэ хүрээнд
хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм. Ингэснээр нийслэлийн иргэд
гэрийнхээ хажуунаас зардал, чирэгдэлгүй бичиг баримтын ажлаа амжуулах
боломж нээгдэж байгаа юм.
Иргэд заавал нийслэл дүүрэг дээр өөрийн биеэр очих шаардлага гардаг гэрлэлтийн баталгаа, гэрлэлт цуцлалт, гэрлэлтийн дахин бүртгэл, төрсний гэрчилгээ, хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг таван төрлийн үйлчилгээг хороон дээрээсээ авах боломжтой болсон. Энэ үйл ажиллагааны үеэр шинээр нэвтэрч байгаа үйлчилгээг авах гэсэн иргэд хороон дээр олон ирсэн байв. Хотын даргын хэлж байгаагаар энэ жилдээ төвийн зургаан дүүргийн бүх хороог онлайнд холбоод яваандаа улсын бүртгэлдийн хийдэг 20-иод ажиллагааг хороод руу шилжүлэхээр төлөвлөөд байгаагаа дуулгаж байсан юм. Түүнчлэн хотын дарга хэлэхдээ хэтрүүлэн хэлбэл нийслэлийн иргэд удахгүй төрийн үйлчилгээг гэрээсээ авдаг болно хэмээж байсан юм. Хотын удирдлагууд ирэх сургаар хотын даргатай уулах гэсэн иргэд ч ирсэн байв.
Тодруулбал, III хорооны иргэн өндөр настан Ж.Доржпагма:
-"Эмээ нь
нийслэлийн Засаг дарга ирнэ гэхээр нь хашааныхаа газрыг өмчилж авах
хүсэлтээ хэлэхээр ирсэн. Тэгээд сая уулзаж хэллээ. Та санаа зоволтгүй
ирэх сарын 1-нээс газар өмчлүүлэх ажил эхлэхээр бичиг баримтаа
бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Манайх энэ хашаандаа хоёр жил болж байгаа ч
бичиг баримтаа аваагүй, газраа өөрийн нэр дээр өмчилж аваагүй байгаа.
Түүнчлэн хороон дээрээсээ төрийн үйлчилгээгээ авдаг боллоо. Урд нь бид
энэ холоос зарим нэг бичиг баримтаа хөөцөлдөх гэж хот орж цаг их
алдахаас гадна дараалал ихтэй хэцүү байдаг байсан. Харин ингээд хороон
дээрээсээ эдгээр үйлчилгээг авах болсондоо баяртай байна." гэлээ. Мөн
энэ үеэр VIII хорооны иргэн С.Сансар-Өлзий, Л.Мөнхсайхан нар гэрлэлтийн
баталгаагаа авлаа.
"Манай хороон дээр өнөөдрөөс эхлэн зарим нэг дүүргээс авдаг байсан үйлчилгээг үзүүлдэг боллоо. Бид хоёр хороон дээрээсээ гэрлэлтийн баталгаагаа авсан хорооныхоо анхны иргэд болсондоо баяртай байна. Цаашдаа ч гэсэн өөр олон төрлийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хороон дээрээс үзүүлдэг болно гэсэн. Маш их баяртай байна". Цаашдаа халамжийн үйлчилгээнүүдийг иргэдэд ойртуулбал зүгээр байх. Энэ төрлийн үйлчилгээг ихэвчлэн ахмад настай, жирэмсэн эхчүүд хөөцөлдөж байгаа харагддаг. Тэдэнд энэ бүхнийгхөөцөлдөх гэж дүүрэг дээр очиж дугаарлаж зогсохоос эхлүүлээд зардал чирэгдэл их байдаг шүү дээ" гэж байлаа.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн VIII хороон дээр ирсэн иргэдийн ихэнх нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгаа авахаар ирсэн байлаа. Харин хорооны ажилчид иргэний бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хороон дээр үзүүлж эхэлсэн ч ачаалал хүнДрэл байхгүй байгааг хэлж байсан юм. Тус хороо нь нийт 11 мянга гаруй иргэнтэй аж.
М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих