Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жил их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон цэцэрлэгийн бүртгэл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Тус яам нь найман газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар болж бүтэц нь батлагджээ. Харьяанд нь Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар гэсэн хоёр том салбарын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдана, бүтэц зохион байгуулалтыг нь удахгүй салбар хариуцсан сайдын тушаалаар шийдэх аж.
Өмчийн хэлбэрээс үл шалтгаалаад жил бүрийн намар их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг ч энэ хичээлийн жилд хуучнаар нь хадгалах тохиролцоонд хүрсэн гэж салбарын сайд нь онцолсон юм. Эл асуудлаар дараах тодруулгыг хийлээ.
-Их, дээд сургууль, коллежиудын захирлуудтай сургалтын төлбөрийг нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн гэлээ. Гэтэл МУИС төлбөрөө нэмсэн гэдэг зүйл яригдаад байна?
-Зарим сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэтэй биечилж уулзаж саналаа хэлсэн. "Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх бодлого баримталъя, Удирдах зөвлөлдөө асуудлыг танилцуулаад хариу өгөөрэй” гэсэн. Тэгэхэд "2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар ярилцаж шийдсэн” гэж хариу өгсөн. Зөвхөн МУИС-ийн захиралтай биечилж уулзсан юм биш, төрийн өмчийн ихэнх сургуулиудын удирпдлагатай уулзаж, сургалтын төлбөрийг нэмэхгүй байх тохиролцоонд хүрлээ. Энэ чиглэлээр зөвлөмж чиглэл ч өгсөн. Хувийн их, дээд сургуулиудын холбоо гэж байдаг, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын төлбөр нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн.
Монгол Улсын эдийн засаг хүнд, ажлын байр хомс, иргэд орлого багатай, мөнгөний ханшийн уналт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж их, дээд сургууль, коллежиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй, үйл ажиллагаагаа явуулахаар болж байна.
-МУИС суурь хураамж гэж мөнгө хураадаг, энэ юунд зарцуулдаг нь ойлгомжгүй гэдэг зүйлийг оюутнууд нь ярьдаг. Багасгах боломж бий юу?
-Ажил аваад удаагүй байгаа учраас их, дээд сургуулиудын дотоод үйл ажиллагаатай нь танилцаж амжаагүй байна. Суурь хураамжийг нь бууруулах боломж байна уу гэдгийг судална. Оюутан суралцагчийг аль болох төлбөрөөр дамжуулж дарамтлахгүй байх бодлого барина.
-Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмжийн асуудал хөндөгддөг. Энэ асуудалд салбарын яам ямар арга хэмжээ авч ажилласан байдаг юм бол?
-Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог өнгөрсөн жилийнхээс 16 мянгаар нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.
Мөн энэ хугацаанд шинээр баригдсан цэцэрлэгүүд нэлээн байгаа, 6000 орчим хүүхдийн багтаамжаар нэмэгдэнэ. Өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах, аж ахуйн нэгж дэргэдээ цэцэрлэг байгуулах бол лиценз зөвшөөрлийг нь олгох гэх мэтчлэн олон талын арга хэмжээ авснаар цэцэрлэгт хамрагдалт нэмэгдэнэ. Хөдөө орон нутагт цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувь, нийслэлд 70 гаруй хувьтай байхаар тооцож байна.
Цаашдаа шаардлагатай байршилд буюу хүн ам ихтэй нийслэлийн хороодод цэцэрлэг барьж байгуулах зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ.
-Цэцэрлэгийн бүртгэлийг ямар байдлаар зохион байгуулах вэ. Нийслэлийн хэмжээнд сугалаагаар хүүхдийг цэцэрлэгт бүртгэдгээс болж эцэг эхчүүд хэл ам гардаг. Энэ намар бас л дээрх аргыг хэрэглэх үү?
-Цэцэрлэгийн бүртгэл, элсэлт зохион байгуулах хэрэгжүүлэгч нь Нийслэлийн боловсролын газар. Иргэд чирэгдэл учруулахгүй, оочерлож дараалал үүсгэхгүйгээр бүртгэл, элсэлтийг зохион байгуул гэдэг чиглэл өгсөн. Хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс "Өнгөрсөн хугацаанд янз бүрийн байдлаар зохион байгуулж үзлээ, тэгэхдээ зайлшгүй шаардлага гарвал тодорхой хэсэгт сугалаагаар зохион байгуулахаас хялбар арга байдаггүй юм билээ” гэдэг тайлбар өгч байна билээ. Шаардлагатай тохиолдолд сугалааг хэрэглэхээс аргагүй л болж байна.
О.Сайхан zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих