Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос зүүн тийш 17км-т Хэрлэн голын урд биед орших Баруун Өлзийт гэдэг товцогын орчимд Монголын-Зөвлөлтийн чулуун зэвсэг судлаачид неолитын үеийн хоёр буудал, сууринг илрүүлэн олж судалжээ.
Эхний суурин нь Баруун Өлзийт рүү шахаж тогтсон өндөр дэнж дээрээс олдсон. Эндээс 30 орчим үлдэц, олон тооны хусуур, хутган ялтас, хянгар, ойл, хусуур (хаш) зэвсэг гарсан байна. Хоёр дахь суурин нь эхнийхээс нэг км орчим зайтай оршино. Тэндэх 30м-40м*300м-400м талбайгаас олон тооны чулуун зэвсэг олдсоны дотор үлдэцүүд, хутган ялтас, ялтсан залтсаар хийсэн зэвсгүүд, булан хусуур, баргил залтсаар хийсэн хянгар, ирэлсэн ялтсан зуулга ир, түүнчлэн үр тариа цайруулдаг самбар чулуу олдсон байна.
Баруун Өлзийтөөс зүүн тийш, голын дагууд гурван хэсэг газраас неолитын олдворууд олдсон юм. Эдгээрийн дотор зууван дугуй буюу дугуй хэлбэрийн гал голомтын ор (0.5-1.2 м голчтой 0.1-0.4 зузаантай) бий. Заримдаа зургаа хүртлэх голомт нэг дороос хамт олдсон нь хоорондоо ойрхон зайтай байрласан байжээ. Голомтуудын дэргэдээс ихэвчлэн үлдэц, хусуур, ойл-хусуур зэвсэг, булан хусуур, залтас ялтас, хурган залтас, том жижиг амьтдын яс олдсон байна.
Мөн эндээс зүүн хажуугаар нь атийлган хэвтүүлж, нүүрийг баруун тийш хандуулан давчиг нүхэнд оршуулсан цогцос бүхий булш гарчээ.
Баруун Өлзийтийн суурингаас хэд хэдэн гал голомтын ор хамт олдсон нь сонирхолтой боловч сууцны ор мөр илэрч олдоогүй тул нэг томоохон сууцанд хэд хэдэн гал голомт байв уу, эсвэл олон жижиг сууц тус бүрдээ нэг нэг гал голомттой байв уу гэдэг нь сонирхолтой юм.
dornod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих