УИХ-ын анхдугаар чуулганыг өндөрлүүллээ. Хуралдааныг хааж, УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр:
Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд даргыг сонгож, байнгын хороодыг байгуулж, түүний удирдлагыг сонголоо. Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо. 2000 оноос хойш таван удаагийн УИХ-ын сонгуулийн дараах анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор хангасан байна. Монгол Улсын Засгийн газраас Монголын ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө баталж, УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байна. Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг анхааруулж хэлье.
УИХ-ын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж, өмнөх УИХ-аар хуульд заасан хугацаанд батлагдаагүй үлдсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2016 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна.
Монгол Улсын их хурлын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдье гэв.
В.Бат

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих