Эрхэм сайд, газрын дарга та бүхэнд эдүгээ үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэхүү захидлыг илгээж байна. Нөхцөл байдлын гол цөм нь өнөөгийн манай нийгэмд хэлц үг болтлоо яригдах болсон "Хөрөнгөжсөн хурандаа нар”-ын тухай асуудал юм. Манай нийгэмд "Хөрөнгөжсөн хурандаа нар” хэмээх тодорхой бүлэг үүсээд удаж байгаа бөгөөд тэдний тухай асуудал үе үе дэгдсээр байгаа. Тэр бүү хэл нийслэлийн газрын 60 гаруй хувь нь хөрөнгөлөг хурандаа нарын эзэмшилд очсон байсныг хуулийнхан өөрсдөө илрүүлж байсан юм. Тэд авлига авч, өгөлцөн газар зарсан төрийн албаныхны мэдээллийг албаны шугамаар олж аваад, үүнийгээ хувьдаа ашиглаж, эрх мэдэлтнүүдийг дарамтлан хээл хахуулиар авсан газрынх нь дийлэнхийг авдаг байсан нь нотлогдож байлаа.
Харамсалтай нь хууль, хүчний байгууллагад иймэрхүү маягаар хөрөнгөжиж суугаа өндөр албан тушаалтнууд өчнөөн бий. Тэдний дийлэнх нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, баар ресторан, саун массажны төв, мөрийтэй тоглоомын газруудыг хяналтандаа авч, эдгээр газруудаас хувьдаа зохих ёсны татвар авдаг, зарим нь бүр зочид буудал, баар рестораны нууц ноёнтон болчихсон өөрсдийн талын хүмүүсийнхээ нэр дээр ажиллуулаад амин хувьдаа хөрөнгө хурааж байдгийг ард түмэн мэднэ. Мөн цагдаагийн зарим эрх мэдэлтнүүд аливаа нэг компанийн төлөөлөл, хуулийн зөвлөх хийж, тэдэнд хууль бус үйл ажиллагаа бүхий элдэв асуудал тохиолдох бүрийд эрх мэдэл, танил талын сүлжээгээрээ дулдуйдан тухайн компанийг "цээжээрээ хамгаалж" суудаг болохыг манай "Авлигатай тэмцэх сэтгүүлчдийн клуб”-т олон эх сурвалж мэдээлдэг юм.
Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчин үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгө оруулалттай шөнийн клуб, зочид буудал, цэнгээний газрууд, ресторан, барилга, уул уурхайн компаниудын ар талд ч гэсэн тагнуул, цагдаагийн байгууллагын өндөр албан тушаалтнууд халхавч болон сууж, тэдний элдэв асуудлыг аргалдаг, үүнийхээ төлөө шан харамж авдаг нь нууц биш.
Тийм ч учраас одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ "Хөрөнгөлөг хурандаа нарын талаар, тэдний хууль бусаар баяжиж буй тухай ард түмний дунд янз бүрийн яриа байдаг, энэ яриа үнэн худал эсэхийг олж тогтоохын тулд цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нарыг шалгах шаардлагатай. Хууль бусаар гэнэт их хөрөнгөжсөн тийм хүмүүсийн асуудлыг би энд хөндөж байна. Тэд хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй атлаа хуулийг зөрчдөг, шударга ёсыг сахиулах томилгоотой, тийм тангарагтай мөртлөө шударга бусыг хийдэг. Төрийн ажлыг шударгаар хийдэггүй. Төрийн томоохон албан тушаалтнуудын ажлыг хийлгэдэггүй өөрийн талд урвуулан татахыг санаахдаг. Төсөв нь алдагдалтай төрөөс цалин авч, хувцас өмсөж, албан тушаалын зарим хангалт авдаг мөртлөө мөнгө хөрөнгө нь бялхсан, багтаж ядсан байдаг тухай би сонссон. Зөвхөн би ч биш энэ тухай өнөөдөр Монгол сонсож байна. Итгэсэн ардынхаа элэг рүү ингэж өшиглөж болохгүй. Хууль завхруулдаг хууль сахиулагчид байж болохгүй” гэх зэргээр төрийн нэр, төрөөс олгосон цол, албан тушаалыг ашиглаж хөлжсөн хурандаа нарыг шүүмжилж, нийгмээ эрүүлжүүлэхийг уриалж байлаа. Үүний дараа цөөнгүй хурандаа нарыг Авлигатай Тэмцэх газар шалгаж, албан тушаалаас нь чөлөөлж байсан билээ.
Мөн Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд, Т.Билэгтийг ЦЕГ-ын даргаар ажиллаж байх үед Х.Тэмүүжиний санаачлан батлуулсан Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийн дагуу цагдаагийн байгууллагад ажиллаж буй хурандаа нарын хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг авахаар болсон юм. Энэ дагуу АТГ-аас ЦЕГ-ын Тамгын хэлтэст хандан хурандаа нарын хөрөнгийг шалгуулахаар шилжүүлэн өгснөөр хууль бус аргаар баяжиж, хөлжсөн, эсвэл амин хувийнхаа ажлыг дээгүүрт тавьснаар хууль бусаар хөрөнгө чинээтэй болсон арваад хурандааг ажлаас нь чөлөөлж байлаа. Цагдаа, тагнуулын байгууллагад олон жилийн туршид амь бөхтэй зууралдаж, төрийн нэрээр түмэн олныг шимэгчилж, хууль завхруулж байгаа "Хөрөнгөжсөн хурандаа” нар өмнө нь энэ мэтийн асуудал дэгдээж байсныг шинэхэн сайд С.Бямбацогт та санаандаа авахад илүүдэхгүй болов уу. Хамгийн гол нь "Хөрөнгөжсөн хурандаа" нарын асуудал ингээд дуусчихаагүй юм. Тэдний тоо цөөрчихөөгүй юм. Өнөөдөр ч тэд Монгол улсын хууль сахиулах байгууллагуудад байсаар байгаа бөгөөд томоохон албан тушаалуудтай зууралдсаар байгаа билээ. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаад ажлаасаа халагдсан зарим нь ч гэсэн эргэж буцан танил талаараа аргацаан амь бөхтэй байсаар байна. Тэдний ихэнх нь насаараа хуулийн байгууллагад ажилласан одоо тэтгэвэрээ хүлээж байна гэдгээр түрий барьдагийг хуулийнхан өөрсдөө ч ярьдаг.
Тэгвэл "Хөрөнгөжсөн хурандаа” нар энэ жилийн сонгуулиар засаг төр солигдсонтой холбоотой өндөр албан тушаал горилж, хууль бус үйлдлээ улам гааруулахаар танил талаараа дулдуйдан төрийн томоохон албан тушаалтнуудын өрөөний үүдэнд баарцаглан шавж, сахиад амар заяа үзүүлэхээ байжээ. Тиймээс эрхэм сайд С.Бямбацогт та тэтгэвэрт гарах хугацаагаа хүлээж байгаа нэрээр хууль сахиулах байгууллагуудад шигдсээр байгаа хууль завхруулагч хурандаа нарыг даруйхан чөлөөлж,мөн эдний замналаар замнах гэж зүтгэж явдаг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөлөө бүхий этгээдүүдэд таатай боломж олгохгүй байхыг хүсч байна. Халаас нимгэн төрийнхөө сангаас хууль бусаар хөрөнгөжсөн хурандаа нарыг үргэлжлүүлэн тэжээхгүй байхыг хүсч байна. Түүнчлэн монгол төрийн тулгуур болсон хууль хүчний байгууллагуудыг албан ажилдаа үнэнч шударга ханддаг, хуулийг дээдэлдэг, мэдлэг чадвартай, цэвэр ариун ёс суртахуунтай шинэ залуу боловсон хүчнээр хангаж, тэдэнд итгэл хайрлаасай хэмээн хүсч байна. Хууль сахиулах байгууллага, тэнд ажиллаж байгаа үнэнч шударга олон мянган хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг цөөн тооны хүмуүс тодруулбал төрийн нэрээр хууль бус бохир аргаар хөрөнгөжсөн хурандаа нар гутаан бүдэгрүүлэх ёсгүй.
Эрхэм сайд таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ СЭТГҮҮЛЧДИЙН КЛУБ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих