Өнгөрсөн шөнө 00.00-01.00 цагийн орчимд Бээжингээс Эрээн орох замд автобус осолдон, шатсан хэрэг гарчээ. Тус автобусанд 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Энэ талаар тус автобусанд зорчиж явсан нэгэн эмэгтэйн эгч Ч.Отгонцэцэгтэй утсаар холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Автобусны шатсан шалтгааныг тогтоосон уу?
-Тогтоогүй. Хэргийн газар дээр нь Хятадын цагдаа нар ирээд хүний амь нас эрсдээгүй бол тээврийн компанитайгаа учраа ол гээд яваад өгсөн гэсэн.
-Ямар компанийн автобус юм бол?
-Тэрийг нь би сайн мэдэхгүй байна. Дүү маань өглөө сууж явсан автобус дэлбэрчихлээ гэж мессеж бичсэн байсан. Эргээд залгасан чинь ярьж болохгүй байна. Ямар ч байсан билет захиалсан тасалбар дээр нь 7115 гэж бичсэн байна. Улаан өнгийн олон улсын тогтмол тээвэр гэсэн бичигтэй автобус байдаг юм.
-Тээврийн компани нь ямар тайлбар өгсөн бэ?
-Хятадын консул "Осол манайтай хамаагүй, тээврийн компани хариуцна" гээд тоохгүй байгаа гэсэн. Өглөө тээврийн компанийн захирал нь ирээд их сайхан зүйл ярьж байгаад явсан гэсэн. Тэгсэн саяхан нэг ажилтан нь ирээд "Техникийн эвдрэлээс болсон. Тийм болохоор гарсан хохиролыг манайх хариуцахгүй” гэж байна гэсэн.
-Зорчиж явсан иргэд ямар хохирол амссан бэ. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан байгаа юм. Өөр улс, орны хүн байхгүй зөвхөн монголчууд. Эдгээр иргэн худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс. Тэдний долоо нь бичиг баримтаа автобустай хамт шатаалгасан. Өөр бусад иргэний ачаа, бараа шатсан сураг дуулдсан. Азаар автобус бүх хүн бууж дууссаны дараа дэлбэрсэн болохоор хүний амь нас эрсдээгүй гэж байна.
-Тэдгээр иргэн хаана байрлаж байгаа вэ?
-Тээврийн компани нь бүгдийг нь нэг буудалд байрлуулсан байгаа гэсэн. Монгол иргэд гутал хувцас юу ч үгүй бөөнөөрөө нэг буудалд байрлаж байгаа юм байна. Осол шөнийн 00.00-01.00 цагийн орчим гарсан. Одоо болтол тодорхой хариу ирүүлээгүй байж л байна гэсэн.
Ослын шалтгааныг тодруулахаар тус автобус үйлчилгээг эрхлэн явуулдаг тээврийн компанитай холбогдоход "Автобусны мотор шатсан" гэхээс өөр тайлбар өгсөнгүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих