Ерөнхийлөгч асан Отто Перез Молина болон түүний дэд ерөнхийлөгч нарыг прокуророор шалгуулах албан ёсны шийдвэрийг Гватемалын шүүх гаргаад байна. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч, банкны ажилтан, төрийн албан хаагч зэрэг 53 хүн оролцсон авлигын нэгэн гэмт хэрэгт холбогдуулан хээл хахууль авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн Перез Молина болон Роксана Бальдетти нарыг шалгах шийдвэрийг шүүгч Мигель Ангел Гальвэс гаргасан юм.
Өнгөрсөн онд эхлээд Роксана Бальдетти, дараа нь Перез Молина нар авлига луйврын сүлжээнд холбоотой хэмээн буруутгагдсаныхаа дараа албан тушаалаа өгсөн билээ. Хэдий тийм ч тэд уг авлигын асуудлыг үгүйсгэсээр байгаа юм. Ерөнхийлөгч асан 65 настай Перез Молинагийн эсрэг үүсгээд байгаа энэ удаагийн авлигын хэрэг бол түүний хувьд хоёр дахь нь, харин 54 настай дэд ерөнхийлөгч асан Роксана Бальдеттийн хувьд гурав дахь хэрэг нь болж байна. Одоогийн байдлаар энэ хоёр сэжигтнийг саатуулан шалгаж байгаа юм.
Шүүхээс гаргасан шийдвэрт Перез Молина сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь уг шийдвэрийн дагуу түүний хоёр хэргийг нэгтгэж нэг болгох боломжтой болж байгаа аж. Прокурорууд болон Гватемал дахь НҮБ-ын мөрдөн байцаах комиссоос Ерөнхийлөгч асан Перез Молинаг гэмт хэргийн сүлжээг тэргүүлдэг, гэрээ байгуулсны хариуд компаниудаас 37.9 сая долларыг хууль бусаар авсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн үүний зэрэгцээ түүнийг нэг нисдэг тэрэг, нэг тансаг зэрэглэлийн "Jaguar” автомашин, нэг онгоц зэргийг бэлгэнд авсан хэмээн буруутгаж байгаа юм.
Дээрх хэргээс гадна ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч Бальдетти нар нь гаалийн татвараас зайлсхийх зорилготой бизнес бүлгийн хахуулийн хэрэг "The Line”, боомтыг өргөжүүлэх үйл ажиллагаатай холбоотой 30 сая долларын "TCQ” гэх нэртэй хэргүүдэд холбогдоод байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих